Хууль зүйн байнгын хороо хуулиа мөрдөх ёстой гэв
2016.05.18

Хууль зүйн байнгын хороо хуулиа мөрдөх ёстой гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн үзэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулиа мөрдөж ажилламаар байна. Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг шийдэхгүй бол хуулийн хугацаа нь өнгөрлөө. Хэн, хаана очих нь падгүй, гэхдээ хуулийн хугацаатай асуудлыг хугацаанд нь шийдээд нэг тийш болгох ёстой. Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог шийдэхгүй хэчнээн сар алдаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан хуулийн хугацаатай асуудлыг хугацаанд нь шийдэх ёстой гэсэн агуулгатай хуулийг УИХ-аар батлаад Төрийн мэдээлэл эмхэтгэл сэтгүүлд хэвлэгдээд хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн. Ийм учраас Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг албан ёсоор шийдэж нэг тийш нь болго, Д.Ганбат аа. Дарга нартайгаа ярь. Танай бүлэг завсарлага авчихаад байгаа шүү” гэсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Холбогдох хүмүүстэй нь ярилцаж, нарийн ширийнийг нь тодруулъя. Асуудлыг шийдээд явах байх” гэсэн тайлбар хийлээ.


Онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын даргаар хурандаа Х.Энхжаргалыг томилуулах тухай хүсэлтийг УИХ-д тавдугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн. Хуулиараа УИХ-д нэр өргөн мэдүүлэгдсэн нөхцөлд долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Гэвч эл асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгээр ярилцах шаардлага байна” гэж үзсэн юм. Харин тус бүлэг өнгөрсөн даваа гаригт болох хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.

Тэгвэл УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Комиссар Н.Ганболд нь эрүүл мэндийн шалтгаанаар албанаасаа чөлөөлөгдөх шаардлага үүслээ гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байсан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг байнгын хорооны дарга Д.Ганбат удирдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нар оролцсон бол Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар байсангүй.

Тэдний өмнөөс бусад нөхөд нь кноп дарж, энэ өдрийн хуралдааныг өндөрлүүллээ.