2010.10.22

Ж.Батсуурь: Нэмэгдлээ гээд 700 ам.доллар л болно шүү дээ

Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж буй асуудлаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

Д.Балдан-Очир: Өндөр цалинтайг нь нэг удаа орхичиход яахав дээ

-Амьжиргааны өртөг Монголд улам л өсч байна. Эдийн засаг ч тэгтлээ сайн тэлж чадахгүй байна. Ийм үед цалинг нэмэх буруу юм байхгүй. Гэхдээ эхний ээлжинд амьжиргаа тааруутайгаас цалингийн хооронд амьдрал нь хүрэлцэхгүй байгаа төрийн бага, дунд албан тушаалтнуудын цалинг л нэмэх хэрэгтэй байж. Гайгүй цалин авдаг, төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг удаа орхичихоод. яахав дээ. Гэхдээ нэгэнт олонхийн саналаар шийдвэр гарчихсан болохоор эсэргүүцээд нэмэргүй шүү дээ.

Д.Хаянхярваа: Гишүүдийн цалин нэмэхийг УИХ-д оруулж ирдэг нь буруу

-Тэртэй тэргүй төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ гэж бий шүү дээ. Төрд алба хашиж байгаа л бол ямар хэмжээгээр, яаж нэмэх гэж байна, тэр нь цалингийн сүлжээгээр хэд болж байна, тэрүүгээрээ л нэмээд явах ёстой. Угаасаа энэ аргачлалыг гаргахдаа төрийн албан хаагчдын ажил үүргийн хуваарь, үндэслэл, тооцоо, судалгаатай тогтоосон зүйл. Гагцхүү үүнийг УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэх ямар хэрэгтэй юм бэ? Хууль бол хууль шүү дээ. Харин цалингийн их багийн тухайд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг түлхүү нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай явдаг.

Ж.Батсуурь: Нэмэгдлээ гээд 700 ам.доллар л болно шүү дээ

-Энэ бол өнөөдөр ярьж байгаа асуудал биш. Угаасаа л нийт төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлье гэж бид хууль гаргаад шийдчихсэн, өндөр албан тушаалтны цачинг нэмэхэд УИХ тогтоол гаргадаг зарчмаараа л явж байна. Парламентаар ярихгүй гэхээр хууль тогтоох байгууллага нэг л байгаа болохоор өөр хэн ярих юм. Ер нь ямар ч албан тушаалтны цалин, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж Монголд бага байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн өндөр цалин авдаг, өндөр нэмэгдэл эдэлж байна л гэж байна. Нэмэгдээд нэмэгдээд 700 ам.доллар л болж байгаа биз дээ. Ийм цалинтай УИХ-ын гишүүн яаж бүх анхаарлаа ажилдаа зориулж, хууль тогтоох юм бэ? Төсвийн орлого, эдийн засгийн багтаамжаа нэмэгдүүлж, иргэдийнхээ цалинг гадаадын орны дундаж жишигт аваачих хэрэгтэй шүү дээ. Дээрээс нь манайхан юмны үнийг сургаар хэт нэмдэг, хяналт зохицуулалт ч муу. Хоёр, гурван мянган ам.долларын цалинтай улсад литр бинзен 50,60 цент байхад 200, 300 мянгын цалинтай манайд хоёр мянган төгрөг хүрэх нь байна шүү дээ. Гадныхан гайхдаг шүү дээ, ийм бага цалинтай хэрнээ ийм өндөр өртөгтэй улсад яаж амьдардаг юм бэ гээд.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.