“Б.Булган би улс төр дэх тэмцлийн золиос болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэсэн
2016.04.18

“Б.Булган би улс төр дэх тэмцлийн золиос болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэсэн

 С.Зориг агсны гэргий Б.Булган Төв аймаг дахь Цагдан хорих төвд хоригдоод таван сарын нүүр үзэж байна.

Энэ хугацаанд ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, хүний эрхийг зөрчиж байгаа талаар түүний ээж Д.Байгаль хэвлэлд ярилцлага өгч байсан билээ.

Тэгвэл таван сарын турш хоригдож буй Б.Булгантай УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар уулзаад иржээ. Б.Булган ямар байдалтай байгааг Л.Болд гишүүнээс тодрууллаа. 

-Ц.Оюунгэрэл гишүүн та хоёр хоригдож буй Б.Булгантай уулзаад иржээ. Яагаад Б.Булганыг зорьж уулзах болов? 

-Б.Булганы ээж Д.Байгаль гуай УИХ-ын дэд хороонд хандаж өргөдөл гаргасан юм. Өргөдлийн дагуу УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар очиж уулзсан. 

Мөн удахгүй УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэх гэж байна. Хууль зүйн Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг ахалж байгаагийн хувиар ч Б.Булгантай уулзах нь зүйн хэрэг гэж үзсэн. 

Ингээд иргэний гаргасан асуудалтай холбоотойгоор ШШГЕГ-ын харьяа байгууллагад очиж танилцсан. 

-Төв аймаг дахь Цагдан хорих төвд очоод дотогш нэвтрэхэд их саадтай байсан талаар та жиргэсэн байсан. Ц.Оюунгэрэл гишүүний шалан дээр суусан зураг цахимаар нэлээд  тарсан.  

-Тэнд байдал ямар байгаа талаар Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр тодорхой тайлбар гаргасан байгаа. ШШГЕГ-ын дэд дарга, тэр агентлагийг эрхэлж байгаа хүн нь хүртэл очиход хашаагаар нь нэлээд хэл амтай оруулж байсан. Өөрөөр хэлбэл, тэр газар өөр байгууллагын мэдэлд оччихсон дүр зураг ажиглагдсан.

Тэндхийн бүх эрх мэдлийг тодорхой албан тушаалтнууд эрхэлж байна. Гэтэл хорих ангийн дарга нь өөрөө эрх мэдэлгүй болчихсон. Ийм нөхцөл байдал бидний нүдэнд туссан. 

-Тагнуулын ажилтнууд та хоёрыг хааж зогссон гэсэн. Тэр хүмүүс хорих ангийн даргаас илүү эрх мэдэлтэй болчихсон байна гэсэн үг үү?

-Тийм. Тэд өөрсдийгөө тагнуулын ажилтнууд гэсэн. Тэр дотор бидний хөдөлгөөнийг саатуулсан. Хорихын удирдлага, агентлагийн удирдлагаасаа илүү эрх мэдэлтэй байна гэсэн үг. 

-Б.Булгантай уулзах зөвшөөрлийг тагнуулын байгууллагаас өгсөн үү? 

-Биднийг оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь Ц.Оюунгэрэл гишүүн зөвшөөрөл иртэл бид зогсоно гэсэн. Удаан зогсоод байлтай биш газар суугаад хүлээсэн. Зөвшөөрөл нь ирэхгүй байсан. “Ер нь Б.Булган гэдэг хүнийг яагаад бидэнтэй уулзуулахгүй байгаа юм. Яагаад нууцлаад байгаа юм. Бид хэрэгтэй нь танилцах гэсэнгүй. Энэ хүн одоо амьд байна уу” гэсэн асуудал тавихад сандралдсан л даа. Тэгээд удирдлагатайгаа утсаар холбогдон зөвшөөрөл аваад биднийг орж болно гэсэн. 

Бид ороод хүний эрх зөрчигдөж байгааг нүдээрээ харсан.     

-Б.Булган та бүхнийг ямар байдалтай угтсан бэ. Тэндхийн орчин нөхцөлийг дүрсэлбэл? 

-Төв аймгийн мөрдөнгийн барилга нь хоёр жигүүртэй 50-60 хүний багтаамжтай. Камер тус бүр дөрвөн хүнтэй. Амьтны хүрээлэнгийн амьтад ямар торонд байдаг билээ яг түүн шиг сараалжин тортой, ил камеруудтай. Камер тус бүр нь ил 00-той, тэр нь суултуургүй. Модон наартай. 
Б.Булганыг голынх нь камерт, 24 цагийн турш бусдаас нь илүү тод, цагаан гэрэлтэйд байлгадаг юм байна.

Энэ олон сарын турш хүнтэй огт уулзуулахгүй, эргэлт оруулаагүй. Ном сонин өгдөггүй, ариун цэврийн хэрэглэлүүдийг нь саяхнаас өгч эхэлсэн гэсэн.

Өргөдлийн Байнгын хороон дарга Ж.Батзанданг очиж уулзсаны дараа жаахан жаахан өөрчлөлт гарсан зүйл харагдсан.  
Хамгийн аймшигтай нь хүн өөрөө эрхээ хамгаалах ямар ч бололцоо байхгүй. Хүний жагсаалтаас хассан байсан. Тэр байтугай өргөдөл биччихнэ гээд үзэг, цаас өгөхгүй хорьж байна. 

-Хорино гэдэг чинь хүнийг залхаан цээрлүүлж, хүний ёсноос гажууд хандана гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч энэ хэргийн үнэн мөн тогтоогдоогүй байхад хуулийн байгууллага жирийн нэг эмэгтэйд тэгж хандаж болох уу?

-Чухамдаа би үүнийг гайхаж байна. Бид чинь аль 1990 оны хувьсгалаар үүнийг болиулсан шүү дээ. Хуучин НАХЯ-ныхан хүнийг хорьж, нугаслаад улс төрийн хэрэгт татдаг байсан. ГэтэлБ.Булган одоо яг улс төрийн хэрэгтэн шиг болчихсон байна. 

Хуучин цагт улс төрийн хэрэгтнүүдтэй яаж харьцдаг байсан яг түүн шиг Б.Булгантай харьцаж байна.​ Дан эрэгтэйчүүдийн дунд 60 настай ганц эмэгтэйг олон сарын турш хорьж залхаан цээрлүүлж байна. Яг л зоопаркийн амьтан шиг байлгаж байна. 

Бусад камерын босоо 00 нь өрөөнийхөө буланд байхад ганцхан Б.Булганы байгаа камерынх үүдэндээ, ямарч хаалт энэ тэр байхгүй. Гэтэл хамт хоригдож байгаа, харгалздаг, шалгадаг, мөрддөг нь дан эрчүүд. Хүнийг хүний ёсноос доогуур нөхцөлтэй байлгаж байгаа явдал Монголд байна. 

Төв аймгийн мөрдөн гэдэг бол Монголын Бастил болчихсон юм байна. ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги гээд маш том урьдчилан хорих төв байгуулчихсан байгаа. Тэнд 1,000 гаруй хүн чөлөөтэй авна. Тэнд хоригдож байсан хүмүүсийн бараг тал хувь нь өршөөлийн хуулиар гарчихсан.  

Гэтэл Төв аймаг дахь тэр шоронд 50-60 хүнийг хориод, хүний эрхийг зөрчиж байгаа зүйл өнөөгийн Монголд байж болохгүй. Төв аймгийн мөрдөнд байгаа хэдэн хүнийг яагаад 461 дүгээр ангид шилжүүлж авчирч болохгүй гэж. Үүнийг яаралтай таслан зогсоох ёстой гэдгийг бид шаардах болно. 

-Б.Булгантай нүүр тулж уулзахад юу ярьж байна вэ? 

-Б.Булган бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ, хайр сэтгэл, нөхөр бүх юмаа алдсан. Энэ олон жилийн хугацаанд Монголд хамгийн аз жаргалгүй байгаа эмэгтэй шүү дээ. Нөгөө талаас хайртай хүнээ алдсан хэр нь тэр хэрэгтээ өөрөө сэжиглэгдэж байна. Ийм нөхцөлд олон жил болсон үнэхээр өрөвдмөөр эмэгтэй. 

Гэсэн ч шантраагүй, тэмцэхэд бэлэн, үнэн мөн, хэргийн эзэн олдоосой гэсэн зориг тэмүүлэлтэй байгаа нь илэрхий харагдсан. Гэвч хүний жагсаалтаас хасаад, жирийн бус нөхцөлд байлгаж байгаа нь цөхрөнгөө барахад хүргэж байж болох юм.  

Боловсролтой, хэлтэй устай, эмч мэргэжилтэй, Монголын элит эмэгтэй шүү дээ уг нь. Ийм хүн өнөөдөр хүний тооноос хасагдаад байж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. 

Ийм тохиолдол өнөөдөр Б.Булган гэдэг хүн дээр гарлаа. Харин цаашид хэзээ ч ийм нөхцөл байдал үүсэхгүй байхыг өнөөдрийн Их хурал бүрдүүлэх ёстой. Бүх иргэддээ ийм хамгаалалтыг бий болгох ёстой. Үүний төлөө бид хууль санаачилсан. Өөрчлөлтүүдийг оруулна аа. 

-Эрхээ зөрчүүлж байгаа, дарамт шахалт байгаа учруулж байгаа талаар юу хэлж байна вэ? 

-Энэ талаарх дүгнэлтээ Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр гаргаад өгчихсөн. Шаардлагуудаа тавьчихсан байгаа. Одоо үүнийг бүх шатны төрийн байгууллагууд хэрэгжүүлэх, энэ дүгнэлтийн дагуу тодорхой алхам хийх, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг санаачлах болно. 

-Та Б.Булган гэдэг эмэгтэйг өмнө нь сайн таньдаг байсан байх тийм үү?

-Маш сайн танина. Бид чинь нэг сургууль. Б.Булган миний төрсөн эгчтэй 10 жилийн нэг ангид сурч байсан болохоор нь би багаасаа мэднэ. Бас л нэг хэлмэгдсэн айлын хүүхэд. Тийм  ч болохоор их хатуужилтай өссөн байх. 

Яах аргагүй бид нэг үеийнхэн. Өнгөрсөн 50-60 жилийг бид хамт л бүтээсэн. Дээрээс нь С.Зориг бид үй зайгүй найзууд байсан. Б.Булган үнэхээр халамжтай, С.Зоригийг төдий зэрэгтэй авч явсан нь Б.Булганы гавьяа. 

-Ц.Оюунгэрэл гишүүн та хоёроор дамжуулж үг хэлүүлсэн болов уу?

 -“Ээжтэй яриарай, тайвшруулаарай” гэж хэлсэн. Мөн “Би Монголын улс төрд байгаа зөрчлийн үзүүрт, хэн нэгний тэмцлийн золиос болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэж нэлээд бухимдангуй илэрхийлж байсан. 

Тэр хүн олон сар ганцаараа хоригдож байхдаа юмыг олон талаас нь бодож. Зовлон үзсэн дайчин чанартай хүн болохоор ямар ч байсан даваад гарах байх. Яаралтай энэ тал дээр хуулийн дагуу арга хэмжээ авахыг бид шаардах болно. 

-Хоригдсоноос нь хойш хэдэн удаа байцаалт авсан юм бол? 

-Хэргийн холбогдолтой зүйлийг мэдэхгүй байна. Би одоохондоо хүний эрхийн талаас нь л хариулах бололцоотой. Тэр нь аяндаа мэдэгдэх байх.

-Та “Open door” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Б.Ганчимэгийн С.Зоригийн аллагын гэмт хэргийн эргэн тойронд эрэн сурвалжилсан сурвалжилгыг харсан байх. Тэр сурвалжлагад Б.Булганаас гадна гурван хүнийг энэ хэрэгт холбогдуулан хорьж байгаа гэсэн байсан. Тэр гурван хүн Төв аймгийн мөрдөнд хоригдож байгаа юу. Таньд энэ талаар мэдээлэл байна уу? 

-Бидэнд тэр гурван хүнээс өргөдөл ирээгүй учраас тэдний асуудлыг шалгаж үзээгүй. Б.Булган гэдэг иргэнтэй л холбоотой өргөдөл ирсэн. Тиймээс бид очиж танилцсан. 

-Зөвхөн Төв аймгийн мөрдөн гэлгүйгээр бусад хорих байгууллагын хүрээнд хүний эрхийг энэ мэт ноцтой зөрчиж байгаа тохиолдол бий юу. Зөвхөн Б.Булган л гээд байдаг. Гэтэл яг түүн шиг эрхээ зөрчүүлж байгаа олон хүн байгаа юм биш байгаа?

-Би УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруй болж байна. Энэ хугацаанд ирсэн анхны өргөдөл бол Б.Булганы өргөдөл. Энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлэхийн өмнө би өөрөө явж үзсэн юм. 

Өмнө нь би энэ чиглэлийг хариуцаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ ийм тохиолдол анхных биш гэж бодож байна.

Улс төрийн шалтгаанаар хүнийг хорьж, захиалгаар дарамт үзүүлэх тогтолцоо байж, одоо ч байгаа юм байна. 

Үүнийг зогсоох гол гол хуулиуд одоо УИХ дээр яригдаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд. Энэ гурван хуульд дээр бид өөрчлөлт хийнэ. Өөрчлөхөөс ч өөр аргагүй болсон юм байна.