Ерөнхий сайд гадаад харилцааны болон улс төрийн талаас алдаатай үг олныг унагалаа
Монголын эдийн засгийн форум болж өнгөрсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Жил тутам болдог эдийн засгийн чуулган нэлээд шүүмжлэл дагууллаа. Жишээлбэл, энэ удаагийн форумд гаднын хөрөнгө оруулагч байхгүй, үндсэндээ бүх асуудлаа дотооддоо ярилцсан болоод өнгөрлөө гэж байна. Таны хувьд эдийн засгийн форумыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна вэ?
-2010 онд “Бид хамтдаа чадна” гэсэн уриан дор Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд энэ эдийн засгийн форумыг анх санаачилсан юм. Ингэхдээ Давосын чуулганаас санаа авч загварчилсан л даа. Энэ үеэр “Монголын эдийн засгийн форум” гэдэг төрийн бус байгууллага байгуулсан төдийгүй тэд жил бүр Засгийн газартай хамтран эдийн засгийн чуулганыг хийж ирсэн юм. Харин гол зорилго нь тухайн жилийн нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудалд Монголын төр болон бизнес эрхлэгчид, томоохон бизнесийн байгууллагын байр суурийг гурван талаас нь харуулдаг. Нэг ёсны судлаачид болон төр, бизнес эрхлэгчдийн байр суурийг гурван өнцгөөс харуулж, зөв шийдэл, гарцыг олох гэж хуралддаг учиртай. Тиймдээ ч жил бүрийн эхэнд цаг хугацааг тааруулж зохион байгуулдаг. Гэтэл харамсалтай нь, сүүлийн жилүүдэд энэ эдийн засгийн форум үр дүн муутай болсон.
Өөрөөр хэлбэл, ямар ч байсан энэ форумыг зохион байгуулах ёстой гэдэг үүднээс буюу “ам таглах” байдлаар үр дүн багатай ажил болгон хувиргасан. Заавал зохион байгуулж ирсэн уламжлал юм чинь нэр зүүе гэх байдлаар л асуудалд ханддаг болчихож л дээ. Нөгөө талаасаа эдийн засгийн форумд оролцогчдын оролцооны хэлбэр, хамрах хүрээг харахаар сэтгэлд хүрэхгүй байгаа юм. Тухайлбал, гаднынхан цөөн оролцсоноос гадна хэлэлцэж буй явц нь улс орны хөгжлийн тулгамдаж буй асуудлаасаа нэлээд тойрсон байдал руу шилжчихлээ гэж би хувьдаа хараад байгаа юм.
Тэгэхээр бид мэдээж болох болохгүй зүйлээ ярьж дүгнэх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь гарц ярих учиртай юм. Ер нь сүүлийн үед гарц шийдлийг хаана хаанаа ярихгүй байна шүү дээ. Сөрөг хүчин, эрх баригчид нь ч шүүмжилж л байдаг. Одоо сүүлдээ эрх баригчид нь дотроосоо өөрсдийгөө шүүмжилж гоочлоод эхэлсэн. Ингэж хүн бүр хэлээд байхад онолын болон практикийн талаасаа анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Нээрэн болохгүй байгаа зүйл нь юу юм, үүнээс гарах ямар гарц байна гэдэгт шийдэл хайж, ярих хэрэгтэй. Жишээлбэл, эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ гэдгийг тал бүрээс нь ярих учиртай байсан. Гэтэл санаанд хүрсэнгүй.
-Эдийн засгийн форумын индрээс гадна дотнынхонд хандаж Ерөнхий сайдын хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татлаа л даа. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагч татах, тэдний итгэлийг сэргээх учиртай байтал үндэсний зарим компаниа нэр цохон алагчилж, эдийн засгийн форумын индрээс Засгийн газрын тэргүүн нь өр нэхсэн явдал дэндүү улс төржсөн, хэрүүлийн шинж чанартай боллоо гэх шүүмжлэл одоо ч тасраагүй байна?
-Эдийн засгийн форумд зориулж, нээж хэлсэн Ерөнхий сайдын үгэнд би хувьдаа үнэхээр сэтгэл дундуур байгаа. Засгийн газрын тэргүүн хүн эдийн засгийн форумын индрээс Монголын төр засаг бизнес эрхлэгч, гадна дотнын хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн, гарц хайсан үг хэлэх учиртай. Ингээсэй ч гэж харсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ бол-лоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь өөрөө өнөөгийн байдлаа шүүмжилсэн, энэ том форумын индрээс гадаад харилцааны болон улс төрийн талаасаа асар олон алдаатай үг унагасан.
Ингээд байхаар манай энэ форумд гаднынхан яаж ирж оролцох юм бэ. Хоёр хөршийнхөө Элчин сайдыг авчирч суулгачихаад өөрсдийнх нь талаар муу үг унагаад байхаар хэн бидэнд итгэх юм. УИХ-ын гишүүдээ нэр зааж чичлээд, үндэсний хэдэн компаниа нэр цохож муулаад байхаар манай компаниуд, хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд гаднынхан яаж итгэх юм бэ. Энэ бүхнийг аваад үзэхээр энэ удаагийн хурал үнэхээр үр дүн муутай боллоо.
-Ямар ч байсан энэ удаагийн форумаар Монголын эдийн засаг үнэхээр хүндэрсэн гэдгийг оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ харамсалтай нь таны хэлж байгаагаар энэ байдлаас хэрхэн гарах вэ гэдэг гарцыг ярилцаагүй нь форумын үндсэн зорилгыг хазайлгачих шиг боллоо л доо?
-Нийгэм, эдийн засгийн хямрал үнэхээр бодитой бий болчихлоо, статистик үзүүлэлтээ харсан ч ард иргэдийнхээ амьдралыг бодитоор нь очоод судалсан ч гадна дотноос бидэнд өгч буй үнэлэмжээ бодсон ч эдийн засгийн хямрал манай улсад бодитоор нүүрлэсэн. Тэгэхээр үүнээс хэрхэн яаж гарах вэ гэдэг шийдэл хамгийн гол нь юм шүү дээ. Ингэж шийдлээ олчихвол итгэлцлийг бий болгох чиглэл рүү явах учиртай юм. Жишээлбэл, өнөөдрийн хямралт байдлаас гарахын тулд яаралтай хэд хэдэн арга хэмжээ авах ёстой гэж харж байгаа.
-Тухайлбал?
-Гурван чиглэлийн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, үндэсний эв нэгдэл, ойлголцол эхний ээлжид чухал байна. Ингэхгүй бол Ерөнхий сайд нь гарч ирээд үндэсний хэдэн компаниа нэр зааж муулаад байвал явахгүй. Эрх барьж байгаа улс төрийн хүчин нь дотроо фракц бүлэглэлээрээ хуваагдчихаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хоорондоо тэс хөндлөн юм яриад гурван тийшээ хараад суучихсан байхад асуудал шийдэхгүй.
Парламентад байгаа гол улс төрийн намууд нь нэг тал руу харахгүй, улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө явахгүй бол гарц гарахгүй. Гол хөдөлгөгч хүч болж байгаа томоохон бизнесмэнүүд нь нэг шугам дээр зогсохгүй, хэвлэлээр дайтаад эрх ашгаараа үзэлцээд байвал явахгүй. Тэгэхээр үндэсний ойлголцол, эв нэгдэл чухал байна. Хоёрдугаарт, гадна болон дотно талд итгэл төрүүлэх нь чухал. Өнөөдөр манай бизнесийнхэн бүгд харзнасан байдалтай байна. Сонгууль болог, дараа нь ямар үр дүн гарах, ямар Засгийн газар бүрдэж, ямар бодлого явуулах нь вэ гэдгийг л харж байна.
Манай бизнес эрхлэгчид хүртэл төрөөс ямар шийдвэр гарах, миний бизнес тогтвортой явах бололцоо хэр байгаа бол гэх мэтээр эргэлзээд байна шүү дээ. Гэтэл бизнес ерөөсөө л итгэл дээр явдаг. Банкууд нь бизнесийнхэндээ зээл гаргахгүй байна. Энэ нөхөрт зээл өгчихөөр дампуурчихдаг болов уу яадаг бол, энэ хүнд зах зээл нь байна уу үгүй юү гэх мэтээр эргэлзээд байна шүү дээ. Цаашлаад гадаадын бүх хөрөнгө оруулагч Монголд орж ирэхдээ ашиг хайж л ирж байгаа.
10 төгрөгөө яаж 12 болгох вэ л гэж ирдэг. Гэтэл олох хоёр төгрөгөөсөө илүү хөрөнгө оруулсан 10 төгрөгөө алдчих юм биш биз дээ л гэж айгаад байна. Гуравдугаарт, тогтвортой бодлого байх ёстой. Өнөөдрийн байдлаар монгол төрийн бодлого савлаад байна. Бид 20-оод жилийн турш гаднынхныг гуйсан. Хүрч ирээд хөрөнгөө оруулаач, таны мөнгө өсч үржинэ, та баяжина л гээд байсан. Гэтэл 2008-2009 онд гаднынхан ирж хөрөнгөө оруулаад жилдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирдэг байлаа шүү дээ. Энэ чинь итгэж байсны илрэл. Ингээд овоо сэргэж байтал 2012 онд гарч ирсэн Засгийн газар нь бүгдийг эргүүлээд хаячихаар яах юм бэ. Бүгдийг нь хөөж туугаад гаргачихаар одоо гаднынхан яаж наашлах юм. Нэг нам, нэг сайд гарч ирээд л бүх бодлогоо өөрчилчихдөг.
-Хууль эрх зүйн хувьд тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээх үндсэн шалтгаан болчихоод байх шиг байна л даа?
-Гаднынхныг орж ирэхэд манайх хууль эрх зүйн орчноо бүгдийг танилцуулдаг. Яг энэ хууль, нөхцөлөөр таны бизнесийг явуулна гэдэг. Үүнд нь тааруулж гаднынхан тооцоогоо хийж байгаа. Жишээлбэл, төдий хэмжээний татвар төлөөд тэдэн хүн ажиллуулаад тийм хэмжээний ашиг олно гэх мэтээр бүгдийг тооцно. Ингээд ажлаа эхлүүлэнгүүт нь лантуудаад хэт өндөр татвар аваад эсвэл хөрөнгийг нь хураагаад, олгосон эрх зөвшөөрлөө цуцлаад байхаар хэн бидэнд итгэх вэ. Ийм л учраас бидэнд тогтвортой байдал хэрэгтэй байна.
Ингэж чадна гэдгээ улс төрийн гол институци нь зарлах хэрэгтэй. Хүнд итгэл төрүүлэхүйц хэмжээнд ойлгуулах хэрэгтэй. Эхний ээлжид энэ гурван зүйлийг хиймээр байна. Үүний тулд олон улсын томоохон форумд очиж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, томоохон төсөл хөтөлбөрөөс гадна шийдвэр гаргахгүй хүлээгдэж байгаа эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөмөөр байна. Нэг төслөө хөдөлгөе гэн-гүүт нөгөө талд нь эрх барьж байгаа намын хоёр дарга нь зөр-чилддөг. Судлаач, эрдэмтдийн дуу хоолойг сонсч шийдвэр гаргадаг процесс байхгүй болсон. Арай гэж гаргасан шийдвэрүүд нь хоорондоо зөрчилтэй байна.
-Таны хэлсэнчлэн эрх баригч намынхан дотооддоо хагаралтай байгаа нь нэгэнт ил болсон. Жишээлбэл, Х.Баттулга гишүүн УИХ-д сонгож болохгүй хүмүүсийг нэрлэхдээ АН-ын нэр бүхий олон гишүүнийг дурдсан. Энэ бүхнээс харахад эрх баригчид эдийн засгийн хямралыг даван туулах биш сонгуульд чиглэсэн шоу явуулаад байгаа юм биш үү?
-Төрийн бүх ажил сонгуульд чиглэсэнтэй санал нийлнэ. Уг нь төрийн ажил төрийн журмаараа явдаг. Бизнес нь бизнесийнхээ шугамаар явдаг баймаар байгаа юм. Сонгууль яахав, болдгоороо болно. Эрх баригчид өнөөдөр яаж жүжиг тавиад ч яаж гоё сайхныг амлаад ард түмэн тэдэнд итгэл нь буурчихсан. Дөрвөн жилийн өмнө АН-ынхан ард түмнээс гэрийн даалгавар авсан. Харин өнөөдөр багш буюу ард түмнээр дүнгээ тавиулах гэж байна.
Гэтэл гэрийн даалгавраа яаж шипийдээд, яаж хуурах гэж оролдоод ч энэ удаад муу дүн авах нь ойлгомжтой. Хэдийнэ муу дүн авахаа мэдсэн учраас наана нь янз бүрийн арга хэрэглэх гэж их гүйж байна л даа. Энэ үйлдлийн нэг нь Монголд ардчиллыг авчирсан тэр байгууллагын нэрийг хөөдөж, цөөн хэдэн хүн эдийн засаг, улс төрийн зорилгоор МоАХ-ны нэрийг барьж ярьж байна лээ. Энэ байгууллага толгойд нь байгаа хэдэн хүний тоглоомын байгууллага битгий болчихоосой л гэж бодож байгаа юм. АН-ын энэ байдал бол живж байгаа хүн хаа нэгтэйгээс аврал эрж байгаатай л адил үйлдэл. Өөрөөр хэлбэл, тэр чигтээ живчихгүйн тулд бургасны үзүүр хайж байгаатай л адил процесс өрнөөд байна.