Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байхад хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлддэг гэв
2016.03.24

Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байхад хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлддэг гэв

Хөдөлмөрийн яамнаас хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих чиг­лэ­лээр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нэг “Ажил мэр­гэж­лийн чиг баримжаа олгох, зөв­лөх үйлчилгээг дэмжих” хөтөл­бө­рийн нээлт өчигдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд бол­лоо. 

Цоо шинээр эхэлж буй энэ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын иргэн бү­рээ ажилтай, орлоготой болгох бод­ло­гын нэг хэсэг болох ерөн­хий боловсролын сур­гуулийн сураг­чид, хүүхэд, за­лууст мэр­гэж­лээ оновчтой сон­гох, ажил хөдөл­мөр эрхлэхэд нь зөв ханд­ла­га, төлөвшил бий бол­гох зорил­гоор орон даяар хэрэг­жүү­лэ­хээр Хөдөлмөр эрх­лэл­тийн үндэсний зөвлөлийн 2015 оны есдүгээр тогтоолоор батал­сан. Хөтөлбөрийг олон ний­тэд танилцуулах, сурталчлах нээл­тийн арга хэмжээнд Хөдөл­мөрийн сайд Г.Баярсайханы урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эх, багш нарын төлөөллөөс гадна МСҮТ, Политехник коллежид сурч мэргэжил эзэмшиж буй залуус гээд 1000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм. 

 

Ирсэн зочиддоо зориулан хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  дунд сургуулиа төгсч байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдгийг онцлоод “Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдгаас хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлдэж сонголтоо хийдэг. Их, дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтыг судлахад 38 хувь нь сонирхлын дагуу мэргэжлээ сонгосон, 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн бол ажилгүйчүүдийн 14 хувь нь эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байна гэсэн шалтгаанаар ажил хайж байна. Гэтэл манай  Политехник коллеж, МСҮТ-үүдэд Монгол Улсад хэрэгцээтэй, эрэлттэй, төгсөөд шууд ажлын байртай, нарийн мэргэжлүүдээр сургаж, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэж байна.   

Энд сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайн тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр байнга эрэлттэй байдаг гэдгийг жишээ болгон дурьдаж болох юм” хэмээгээд Хөдөлмөрийн яамнаас хүүхэд залууст хандсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр ерөнхий боловс­ролын сур­гуу­лийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, тухайн мэргэ­жилтэй илүү ойр танилцах боломжийг бүрдүүлснээр сураг­чид өөрт сонирхолтой, хөдөл­мөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах ач холбогдолтой гэдгийг хэлсэн.Хөдөлмөрийн зах зээлд шинэ шинэ мэргэжил бий болж, зарим нь мартагдаж алга болдог. Түүнтэй адил зарим төрлийн мэргэжил илүүдэлтэй, зарим нь дутагдалтай байдаг нь улс орны хөгжлийн хурд, зах зээлийн багтаамжаас шалт­гаалж буйг хүүхэд залууст таниу­лан ирээ­дүйд эзэмших мэр­гэж­лийн­хээ чиг баримжааг эрт­нээс олж авахад энэ хөтөлбөр туслах учиртай.

 

Хөтөлбөрийг  нийслэлийн дүүрэг, аймгууд дахь Хөдөлмөрийн хэлтсээрээ дам­жуулан хэрэгжүүлэх бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуу­лах, ганцаарчилсан болон бүл­гийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн хамт зах зээлд эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээллийг байнга авч болох www.mergejil.mn цахим хуудас ажиллуулан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дэргэд Ажил мэргэжлийн жишиг төвийг байгуулан үйлчилгээ үзүүлж байна. Энэ хөтөлбөр зөвхөн сургууль төгсөх гэж буй хүүхэд залууст хандсан үйл ажиллагаа зохион байгуулах юм биш аж. Ажил хайж байгаа, эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр олдохгүй байгаа хэн бүхэнд нээлттэй ажиллана. Өөрөөр хэлбэл, өөр мэргэжил эзэмшихэд нь туслах, ажилгүйдэлд өртсөн шалтгааныг тодруулж оношлох замаар ажил мэргэжлийн чиг баримжааг нь тогтоох ажил ч хийх гэнэ. 

Нэг үгээр Хөдөлмөрийн яамнаас шинээр хэрэгжүүлэх “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөр нь хөдөлмөрийн эмч, амьдралын эмчийн үүргийг гүйцэтгэхээрээ бусад хөтөлбөрөөс давуу гэдгийг ХЭҮСМҮТ-ийн дэд захирал Ц.Энхтуяа танилцуулгынхаа үеэр онцолж байсан юм. Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд ирсэн хүүхдүүдэд зориулан сэтгэлзүйч, доктор С.Наранбаатар мэр­гэжил сон­гол­тын талаарх “Ханыг хаал­га болгох нь” сонир­хол­той лекцээ уншиж, нэх­мэ­лийн техно­ло­гич, зөвлөх багш А.Баасан­хүү “Хөгжлийн үндэс-ажил хөдөлмөр” сэдвээр ярилц­­лага өрнүүлсэн юм. Мөн дуу­чин Баярцэнгэл, Улаанцэцэг, жүжиг­чин Э.Ууганбаяр, “Авьяас­лаг монгол­чууд” шоуны шилдэг оролцогч Б.Тэмүүлэн, М.Халиун нар уран бүтээлээ толилуулсан нь хүүхдүүдэд маш их таалагдлаа.