Су.Батболд: УИХ, ИТХ гэх хоёр өөр байгууллагын тогтолцоог хооронд нь адилтгаж үзэх нь буруу
УИХ-ын гишүүн Су.Батболдтой Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-МАН-ынхан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаа. Орон нутгийн сонгуулийн хуулиар ажлын хэсэг ахалж буй хүний хувьд гол шалтгааныг нь тайлбарлана уу?
-МАН-ынхан хуулийн төслийн зарим заалт дээр зарчмын хэд хэдэн саналын зөрүүтэй байгаа. Нэгдүгээрт, Орон нутгийн сонгуулийн хуульд сонгууль болохоос нэг сарын өмнө өөрчлөлт оруулах нь боломжгүй гэж үзэж байна. Уг нь УИХ-ын сонгуулийн хуультай адилтгаж сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах хэрэгтэй. УИХ орон нутаг хамаагүй гэсэн байдлаар хүч түрэмгийлэн хандаж болохгүй. Хуульд өөрчлөлт оруулахдаа нэн тэргүүнд орон нутгийн иргэдийн саналыг үндэслэх ёстой. УИХ хүч түрэмгийлэн ингэж шийдвэрлэж байгаа нь өөрөө удирдах ёсны байгууллагад бүдүүлгээр хандаж буй хэрэг.
-Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг танай намынхан эсэргүүцээд байгаа шүү дээ?
-Орон нутгийн ИТХ, УИХ хоёр өөр байгууллага. Хоёр өөр байгууллагын тогтолцоог хооронд нь адилтгаж үзэх нь буруу. Тухайн орон нутгийн иргэд нь өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгодог зарчмыг баримтлах хэрэгтэй.
-Тэгэхээр орон нутгийн сонгуульд улстөрийн намуудын оролцоо шаардлагагүй гэж үзээд байгаа хэрэг үү?
-Орон нутгийн ИТХ-ын сонгуульд улстөрийн намуудын оролцоог аль болох бага байлгах хэрэгтэй. Ингэх нь улстөрийн намууд огт оролцохгүй гэсэн үг биш. Гэтэл эсрэгээр пропорциональ элементийг сонгуульд оролцуулж, намуудын суудлаар сум, аймгийн ИТХ-д орно гэдэг нь утгагүй зүйл. Тиймээс орон нутагт пропорциональ элементийг хэрэглэх бололцоогүй гэж манай намынхан үзэж байгаа. Уг нь сонгуулийг орон нутаг нь өөрөө зохион байгуулж хийдэг зарчимтай. Өмнө нь тухайн орон нутаг сонгуулийн хороодоо байгуулаад СЕХ арга зүйн туслалцаа үзүүлдэг байсан. Гэтэл энэ хуулиар СЕХ бүгдийг удирдаж чиглүүлэхээр болж байна. Уг нь СЕХ үүнд оролцох шаардлагагүй.
-Шинэ хуулинд улстөрийн намуудын төлөөлөл сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаар тусгасан байна. Энэ нь нь хэр үр дүнтэй вэ?
-Ингэх нь сонгуулийн үр дүнг баталгаажуулахад хүндрэл болно. Тиймээс намаас түтгэлзсэн төрийн албан хаагч сонгуулийг явуулдаг зарчмыг баримтлах нь зүйтэй. Эдгээр асуудалд МАН зарчмын өөр байр суурьтай байгаа.
-Та парламентад суудалгүй намуудтай Орон нутгийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг хийсэн. Тэндээс гаргасан саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна гэсэн. Энэ ажил юу болов?
-Парламентад суудалгүй намуудын санал нэгтгэгдээд мэдэгдлээ бидэнд хүргүүлэх гэж байна. Намууд орон нутгийн сонгуулийг судалгаанд тулгуурлаж явуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байсан. Мөн сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, хавар Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийсэн ч яах вэ гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэд ард түмэнд итгэл төрүүлэхгүй байгаа автомат машиныг сонгуульд хэрэглэж болохгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Түүнчлэн пропорциональ элементээр сонгууль явуулахыг ч мөн дэмжихгүй гэдгээ хэлсэн.
-Хэлэлцүүлгийн үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан орон нутгийн сонгуулийг гар аргаар тоолбол МАН-ынхан ялна, харин автомат машинаар тоолбол АН-ын ялна. Тиймээс МАН-ынхан автомат машинаар тоолохыг эсэргүүцлээ гэсэн. Үнэхээр түүний хэлсэн шиг тийм бодол байгаа юу?
-МАН, АН улстөрийн том хүчнүүд. Аль ч шатны сонгуульд аль нэг нь олон суудал авах нь зайлшгүй. Тэгж хэлсэн нь Б.Жаргалсайханы өөрийнх нь бодол байх гэж бодож байна. Хамгийн гол нь автомат машин ард түмэнд итгэл төрүүлж байх хэрэгтэй. Парламентад суудалгүй намууд автомат машины ажиллагааны талаар гаднаас хөндлөнгийн аудит авч ирж шалгуулах хэрэгтэй гэж байсан. Ингэж чаддаггүй юм аа гэхэд Дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн намууд, олон нийтийн байгууллагуудыг оролцуулан хяналтын тооллогыг явуулж, итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байсан.
-Орон нутгийн сонгуул-ийн хуульд засаг захиргааны нэгжийн тоогоор мандат олгоно гэж байгаа. Уг нь хүн амын тооноос хамаарч мандат олгох нь зүйтэй юм биш үү?
-Манай намынхан хүн амын тоог харгалзаж ИТХ-ыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Засаг захиргааны нэгжийн тоогоор мандат олгох нь Үндсэн хуулийн зарчмаас гажиж байна. 1992 оны Үндсэн хуулиар Ардын депутатуудын хурлыг засаг захиргааны нэгжээр нь томилдог байсан юм. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Ардын депутатуудын хуралд сум болгоноос депутат сонгогддог байсан. Шинэ Үндсэн хуулийн зарчим бол ИТХ-ыг сонгох явдал. Тэр ч утгаараа аль болох засаг захиргааны нэгжийг харгалзахаас илүүтэй хүн амын тоог харгалзан үзэж ИТХ-ыг байгуулах хэрэгтэй. Аймгийн ИТХ-аас тогтоол гараад тухайн сумын багийн тоог нь өөрчилж болно. Гэтэл ингэж байнга хэлбэлзэж байдаг нэгжийн тоогоор суудал хуваарилах нь боломжгүй зүйл.
-Тухайн иргэн сонгуульд санал өгөөгүй бол төрийн албанд ажиллах боломжгүй гэж хуульд заасан байна. Үүнийг танай намынхан эсэргүүцэж байгаа. Энэ заалтын цаад учир шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Зөвхөн манай нам биш, парламентад суудалгүй намууд, олон нийт маш хүчтэй эсэргүүцэж байгаа. АН-д санал өгвөл төрийн албанд ажиллах боломжтой гэдэгтэй агаар нэг гэж хэлж байсан. Ингэж иргэдийг албадаж болохгүй. Өөр механизмаар санал өгүүлэх хэрэгтэй. Хуучин социалист дэглэмтэй орнууд л албадаж санал өгүүлдэг. Түүнээс биш ингэж албаддаг орон дэлхий дээр цөөхөн бий. Санал өгөх эсэх нь тухайн хүний шийдэх асуудал шүү дээ.
-АН төрд гарснаар төрийн албан хаагчдыг солих боллоо. Энэ нь нийгэмд орон нутгийн сонгуулиас илүү тулгамдсан асуудал болоод байгаа юм биш үү?
-Монгол төрийн алба их хэврэг. Бид сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн албыг улстөрөөс ангид байлгах гэж нэлээд зүтгэж ажилласан. Төрийн албаны хуулийг хоёр удаа өөрчилж баталсан. Манай улс хүний нөөц багатай орон. Улстөрийн аливаа нэгэн нам сонгуульд гарсны дараа төрийн албаар оролддог байдлыг зогсоох гэж 20-иод жил тэмцлээ. Харамсалтай нь, энэ байдал зогсохгүй байна. АН төрд гарч, төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь халж, сэлгэж байгаа нь харамсалтай юм.
АН-ынхан Нийтийн албаны хууль гэдгийг санаачлаад төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг хоморголон халж, өөрийнхөө намын угшилтай хүмүүсийг ур чадварыг нь харгалзахгүй төрийн албанд томилох гэж зүтгэж байгаа нь сүүлдээ АН-д том алдаа болно. Ингэх нь Монголын төрд ч хохиролтой байх болно. Үүний эсрэг МАН-ынхан хүчтэй тэмцэх ёстой гэж үзэж байгаа. Манайхны Канадын төрийн албатай хамтарч боловсруулсан хуулийн төсөл байдаг. Энэ хуулийн төслөөр бол Монголд төрийн алба зайлшгүй шаардлагатай юм билээ. Монголын төрийн алба хэнд ч гай болоогүй. Ингэж хоморголон халахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
-АН-ынхан төрийн албанд МАН-ын угшилтай, авлигач хүмүүс ажилладаг. Тиймээс тэднийг цомхотгож байж нийгэмд авлига, хээл хахуул арилна гэж яриад байгаа шүү дээ?
-Манайхныг авлига авдаг гэж хэн хэлээд байгаа юм. Төрийн албанд МАН-ыг дэмждэг хүмүүс ч бий, АН-ыг дэмждэг хүмүүс ч байгаа. Бид өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газарт ажилласны хүчинд МАН, АН-ыг дэмждэг хүмүүс төрийн албанд олон болсон. Тэднийгээ бүгдийг нь хээх хахуул авдаг гэж хэлээд байгаа юм уу. Төрийн албан хаагчдыг бүхэлд нь авлига авдаг гэж гүтгэж доромжлоод байж болохгүй. АН-ынхан ингэж хэлснээрээ монгол төрийг хүчгүйдүүлж байгаа юм. Ард түмэн төрийн албанд итгэхээ болино шүү дээ. Гэтэл төрд шударгаар зүтгэж буй маш олон хүн бий. Хэн нэгэн дуртай нь амандаа орсон юмаа хэлдэг байж болохгүй.