Хувиараа нийтийн тээвэр эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна
Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатартай ярилцлаа.
Танай Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо хэзээ байгуулагдсан бэ? Хэдэн гишүүнтэй вэ?
Манай байгууллага 2003 оноос хойш хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарыг дэмжих зорилгоор байгуулагдсан. Одоогоор давхардсан тоогоор мянга гаруй гишүүнтэй. Ачаа тээвэр, нийтийн тээвэр, хот хоорондын чиглэлд нийтийн тээвэр эрхлэгчид бий. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 500 гаруй гишүүн байдаг.
Танай хорооны зүгээс хувиараа тээвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахаар ямар ажлуудыг хийж байна?
Анх байгуулагдсанаас хойш Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтад олгодог тусгай зөвшөөрлийг цуцлахаар удаа дараа ажил зохион байгуулсны үр дүнд 2010 онд албан ёсны аддистачлал хийж ААН-үүдийн эрх зүйн акт шаардлага хангахгүй гэдгийг нотлон хүчингүй болгуулсан. Мөн нийслэлийн нийтийн тээврийн газраас Нарантуул захын нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьдаг болгосон. Ингэж үйл ажиллагааг нь хянадаг өөрсдийн гэсэн байгууллагатай болох гэсэн хэдий ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрлээ. Үүнээс болоод нийт тээвэрчид хохирч байна.
2013 онд бага, дунд оврын автобусны жолоочдын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Авто тээврийн салбарын гурван талт хэлэлцээр”-т 2.13, 2.14-р заалтуудыг тусгасан. Гэтэл нийслэлийн удирдлагууд энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Бид ААН-үүдэд жолоочдын нийгмийн даатгалыг төлөх ёстой гэдэг шаардлага тавьсан хэдий ч жолоочдын төлсөн сайн дурын даатгалыг компани өөрөө төлсөн мэт харагддаг буруу тогтолцоо хэвээр байна. Тиймээс жолооч нар 20 жил улсад ажилласан хэдий ч албан ёсоор ажилласан жилгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөгчид болж чадахгүй л байна.
Дээр дурдсан 2.13, 2.14-р заалтуудад юу гэж заасан байдаг юм бэ?
Нийтийн тээврийн үйлчилгээнд зуучлалын шинж чанартай, ажил үйлчилгээ эрхэлж байгаа ААН, байгууллагуудыг таслан зогсоох арга хэмжээг хамтран зохион байгуулна. Мөн бага, дунд оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэн хоршооллын хэлбэрт шилжүүлж, чадамжийг нь дээшлүүлнэ гэж заасан байдаг. Эдгээр заалтууд хэрэгжээгүй учраас жолоочдын эрх ашиг зөрчигддөг.
Анх нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай биш байх үед хэсэг залуучууд хамтарч, бааз байгуулж байсан. 1996 онд Нийслэлийн нийтийн тээврийн газраас нэгдсэн зохицуулалт хийж буй нэрийдлээр татвар авдаг болсон. Дараа нь улсын төсвөөс цалинждаг нийтийн тээврийн байгууллага байгуулагдсан. Тус байгууллага хувиараа нийтийн тээвэр эрхлэгчдийг шахаж, шалтгаангүйгээр торгууль ногдуулдаг. Хэрэв бага, дунд оврын нийтийн тээврийн хэрэгслийг зогсоох шаардлагатай бол зогсоогоод оронд нь чанартай тээврийн хэрэгслийг тодорхой хугацаагаар хөнгөлөлттэй нөхцлөөр олговол бид ажлын байраа алдахгүй, амар тайван ажиллах нөхцөл бүрдэнэ.
Танайд бүртгэлтэй нийтийн тээврийн хэрэгслүүд маршрутын хувьд хаагуур үйлчилж байна вэ?
Нарантуул худалдааны төвөөс нийслэлийн захын гэр хорооллуудын бүх чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нийт 14 чиглэлд үйлчилгээ явуулж байна. Бид үйлчилгээний чиглэлээ өөрсдөө төлөвлөж гаргасан.
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс нийтийн тээврүүдэд ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?
Бид машин стандарчлахын оронд жолоочийг стандарчлах хэрэгтэй гэж үздэг. Туршлагатай жолооч нарыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулбал аваар, ослын тоо ч буурна. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нийтийн тээврийн хэрэгслээ улиралд нэг удаа оношилгоонд оруулж, тэнцсэн тохиолдолд үйлчилгээнд явуулахыг зөвшөөрдөг.
Цаашид танай Үйлдвэрчний эвлэлийн хорооноос юу хийхээр төлөвлөж байна?
Бидний зүгээс хамгийн сүүлд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Өргөдлийн байнгын хороодод албан бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайдад энэ асуудлаар хүсэлт илгээсэн хэдий ч хариу өгөөгүй. Үүний дараа бид удаа дараалан нийслэл болон холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлээд байна. Сонгуулиас өмнө энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дорвитой алхмууд хийх болно. Бидний зүгээс тавьж буй эцсийн шаардлага бол хөрөнгө оруулалт, нөхөн олговор хийж чадахгүй бол тодорхой хугацааны дараа парк шинэчлэл хийх чадамжийг нь бүрдүүлж өгөхийг хүсч байна.