Г.Баатар:

Даатгалын компаниуд даатгуулагчдын эрхийг зөрчиж байна


3 минут уншина
Г.Баатар: Даатгалын компаниуд даатгуулагчдын эрхийг зөрчиж байна
Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Г.Баатар

Жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцуулж, тулгарах аливаа эрсдэлээс хамгаалах зорилгоор 2012 онд “Жолоочийн даатгалын тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт авто машин жолоодох эрхтэй, тээврийн хэрэгсэл эзэмшигч хүн бүр албан журмаар буюу заавал даатгуулах үүрэг хүлээсэн. 2018 онд 655,545 жолооч энэхүү даатгалд хамрагдсан байна.

Гэхдээ даатгалын үйл ажиллагааг 15 даатгалын компани гүйцэтгэж байгаа бөгөөд даатгуулагчийн эрх ашгийг зөрчих үйлдлүүд гарсаар байна. Тиймээс Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоонд шаардлага хүргүүлээд байна. Энэ талаар Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Г.Баатартай ярилцлаа.

Танай хорооноос ямар шалтгаанаар Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоонд шаардлага хүргүүлсэн юм бэ?

- Монгол Улсад хувиараа тээвэр эрхэлж байгаа жолооч нарт өнөөдөр олон бэрхшээл бий. Тэдгээрийн нэг бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой асуудал юм. Бид энэ асуудал дээр “Албан журмын даатгагчдын холбоо”, “Санхүүгийн зохицуулах хороо” үгсэн хуйвалдаж, хувиараа тээвэр эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа.

Тиймээс дээрх 2 байгууллагын удирдлагад албан шаардлага хүргүүлээд байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд даатгуулагчийг төлөөлж ажилладаг хүн байх ёстой. Гэтэл дээрх 2 байгууллага даатгуулагчийн төлөөлөлгүйгээр хэдэн даатгалын компаниудтай үгсэн хуйвалдах замаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа явуулж байгааг бид эсэргүүцэж байна.

Даатгалын компаниуд хуулийн дагуу хураамжаа аваад үйлчилгээ үзүүлж байгаа. Тэдний үйлчилгээнд даатгуулагч хяналт тавих боломж байгаа юу?

- Жолоочийн хариуцлагын албан жуурмын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын 15 компани бий. Тэд жолоочийн хариуцлагын даатгалын хураамж, шимтгэлийг нэмэх тухай л ярьдаг болохоос даатгуулагчидад илүү сайн үйлчилгээ хэрхэн үзүүлэх тухайгаа бодохгүй, ашгаа л хардаг болчихсон.

Одоо бүр нэр бүхий даатгалын компаниуд нийтийн тээвэр болон такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг албан журмын даатгалд хамруулахаас татгалзаж байна.

Яагаад?

- Шалтгаан нь хувиараа тээвэр эрхлэгчид бол эрсдэлтэй тээврийн хэрэгсэл жолооддог учраас манайх даатгахгүй гэж хэлээд татгалзаж байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу бүх төрлийн тээврийн хэрэгсэл эзэмшигч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах ёстой.

Гэвч дээрх хууль, журмууд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах гэхээс илүү ашиг олох зорилготой бизнесийн компаниудыг хөхиүлэн дэмжсэн зүйл, заалт түлхүү туссан нь хувиараа тээвэр эрхлэгч бидний амьдралд хүндээр тусах боллоо.

Жолоочийн хариуцлыгн даатгалд хамрагдсан жолооч осол гаргавал даатгалаасаа мөнгө авдаг шүү дээ?

- Бид нийт жолооч нар дундаа судалгаа хийж үзсэн юм. Нэг жилийн хугацаанд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан 100 жолоочийн 5 орчим хувь нь л даатгалын нөхөн төлбөр авсан байна. Үлдсэн 95 хувь нь зам тээврийн осол гаргаагүй, нөхөн төлбөр огт аваагүй гэсэн үг.

Гэтэл энэ 95 хувь буюу хариуцлагатай байсан жолооч нарт даатгалд хамрагдсаныхаа төлөө ямар ч урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломж байдаггүй. Даатгалын компаниудын зүгээс болон Жолоочийн даатгалын тухай хуульд ч ийм хөнгөлөлт урамшуулал байдаггүй.

Угтаа бол жил бүр л 30-50 мянган төгрөг даатгалын компанид төлөөд байдаг ч осол эндэл гаргаагүй бол эргээд хэдэн үйлчилгээ үзүүлдэг байвал жолооч нар хариуцлагатай байж, даатгалдаа ч хамрагдах урам зоригтой болно.

Энгийн нэг машин угаалгын газраар үйлчлүүлэхэд 5 удаа угаалгавал нэг удаа үнэгүй байх жишээтэй. Гэтэл даатгалын 15 компани жолооч нар даатгуулах ёстой юм чинь гэсэн агуулгаар мөнгийг нь хурааж авчихаад осол битгий гаргаасай гээд л чимээгүй сууж байна. Мөн нөхөн төлбөр олгохдоо маш доогуур үнэлж, явдал чирэгдэлтэй мөнгийг нь өгдөг.

Танай хороонд хичнээн жолооч бүртгэлтэй байдаг вэ?

- Өнөөдөр Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд албан ёсны бүртгэлтэй 400 гаруй автобустай жолооч, Өмнөговь аймгийн Цагаан хаданд ажиллаж байгаа 600 гаруй жолооч, Говьсүмбэр аймгийн хот хооронд үйлчилгээ эрхэлдэг 40 жолооч, Бор-Өндөрөөс ч ийм хэмжээний жолооч нар бүртгэлтэй байдаг.

Нийт 18 аймагт үйлчилгээ үзүүлж байгаа жолооч нарын төлөөлөл манай үйлдвэрчний эвлэлийн хороонд бүртгэлтэй. Тиймээс миний яриад байгаа энэ асуудлын цаана 1000 гаруй жолооч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.

- Та бүхэнд ч баярлалаа.

Ц.Соёлмаа