Бодлого, шийдвэр гаргахаас өмнөх санал хэлэх үйл явцыг хуульчлав
Хуулийн нэр: Нийтийн сонсголын тухай
Санаачлагч: Монгол Улсын Ерөнхийлөгч
Өргөн барьсан он.сар.өдөр: 2014.06.08
Батлагдсан он.сар.өдөр: 2015.07.08
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016.10.01
Хуулийн бүтэц: 5 бүлэг 26 зүйлтэй.
Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих нэгэн механизм бүрэлдэж байна. Өөрөөр хэлбэл аливаа хууль, тогтоомж, захиргааны акт тогтоох, орон нутгийн удирдлага, албан тушаалтны ажлыг хянах, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл явцыг хэлж байна.
... Уг хуулийг дагаж мөрдөх этгээдүүд нь хууль санаачлагч буюу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, төрийн байгууллага, албан тушаалтан болон орон нутгийн удирдлага юм ...
Сонсгол нээлттэй болон хаалттай гэсэн хоёр хэлбэртэй. Хэрэв тухайн асуудал хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах, үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол сонсголыг заавал нээлттэй явуулахаар хуульд тусгажээ.
Ямар тохиолдолд сонсгол явуулах вэ?
Тухайлбал, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг боловсруулахад иргэн, хуулийн этгээд саналаа нэмэрлэх үүднээс сонсгол явуулах хүсэлт тавьж болно. Энэхүү хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргана. Тиймээс хуулийн төсөлд Байнгын хороодын гишүүдээс гадна иргэн, хуулийн этгээд санал оруулах боломжтой болж байна.
... Мөн УИХ нь өөрийн удирдлагад шууд хамаарах төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор сонсгол явуулж байна...
Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүнээс гадна хууль ёсны ашиг сонирхол, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр энэ сонсголыг явуулна.
Түүнчлэн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж хэр байгаа, иргэдийн эрх, ашгийг зөрчсөн тохиолдол гарсныг үндэслэлтэй баталж чадсан бол асуудлыг шийдвэрлэх үүднээс нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонсгол зохион байгуулна.
... Үүнээс гадна жил бүр Засгийн газар, яам агентлаг, Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг төрийн байгууллагууд төсөв, зээл, буцалтгүй тусламж зэргийг хэрхэн захиран зарцуулах, хянах зорилгоор сонсгол хийх юм ...
УИХ, Засгийн газраас тодорхой асуудлаар орон нутагт очиж, нутгийн иргэд, төлөөлөгчдийг хамруулсан сонсгол хийж болох юм байна. Эдгээр сонсгол оролцох хүсэлтээ иргэд, хуулийн этгээд, шинжээч, ажиглагч нь холбогдох газруудад тавина.
Сонсголд хэрхэн оролцох вэ?
Сонсголд оролцогч нь тайлбар, санал, дүгнэлтээ хэлж болох бөгөөд сонсголын тэмдэглэл, шийдвэртэй танилцах эрхтэй. Ингэхдээ түүний гаргасан тайлбар, санал, дүгнэлт нь үнэн бодитой байх ёстой. Сонсголд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, ажилтныг оролцуулна. Сонсголын үеэр оролцогч нь даргалагч, бусад оролцогчоос асуулт асуух боломжгүй. Сонсголыг зөвхөн ажлын өдөр гэлтгүй амралтын өдөр ч явуулж болно. Сонсгол болох тухай мэдээллийг телевиз, радио, цахим хуудас, сонин зэрэг ОНМХ-ээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд зарлана.