Эдийн засаг, шинжлэх ухаан хоёрыг ойртуулсан хууль
2016.03.02

Эдийн засаг, шинжлэх ухаан хоёрыг ойртуулсан хууль

Хуулийн нэр: Үйлдвэрлэлийг дэмжих тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2015.06.03

Батлагдсан он.сар.өдөр: 2015.07.09

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2015.07.09

Хуулийн бүтэц: 5 бүлэг 16 зүйлтэй.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулах санаачлагыг дэмжсэн хууль болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил хоёр хамтран ажилладаг болж компанийн дэргэдэх судалгаа хөгжлийн төв, эрдэмтэн судлаачдын багийн боловсруулсан төсөл үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой болно гэсэн үг юм. Гэхдээ хуулийн хүрээ бие даасан судлаачдыг хамрахгүй.

... Төрөөс дэмжлэг авах хүсэлтэй үйлдвэрлэгчид тодорхой хэдэн шаардлагыг хангасан байна. Тухайлбал нээлттэй хувьцаат компани байхаас гадна үйлдвэрлэлийн үндсэн болон туслах материал, бусад хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний 60-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчээс хангасан байх ёстой юм байна ...

Мөн олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайландаа үнэлгээ хийлгэх гэсэн шалгууртай.

Төрөөс үйлдвэрлэлийг дэмжихдээ үйлдвэрлэл нь юун түрүүнд ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, улс, бүс, нутаг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн байх ёстой гэсэн зарчмыг баримтлахаар хуульд тусгажээ.

Төрөөс эдгээр үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ?

1. Хэрэв тухайн үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас доошгүй хувийг экспортод гаргаж байгаа бол технологийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгөдөө зориулж банкнаас авсан зээлийнх нь хүүгийн зөрүүг төрөөс олгох юм байна.

2. Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгож, нэвтрүүлж, нутагшуулах замаар экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хүртлээ судалгаа, бүтээгдэхүүн хөгжилдөө зарцуулсан мөнгөнийх нь 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгохоор болжээ Түүхий эд, материалыг иж бүрнээр нь боловсруулах, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, шинж чанарыг сайжруулахад зориулсан технологийн шинэчлэлийг “өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи” гэж хэлдэг.

3. Төрөөс экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжихдээ санхүүжилтийн төрөл бүрийн аргыг, түүний факторингийн үйлчилгээг ашиглана.

Хуулийн хэрэгжилтийг хангаж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” байгуулна. Энэ сан дараах эх үүсвэрүүдээс санхүүжнэ. Үүнд:

  1. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
  2. Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
  3. Олон улсын байгууллага, гадаад улсаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зээл;
  4. олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж
  5. Бусад эх үүсвэр

Дагалдах хуулиудад оруулсан өөрчлөлтийн тухай

Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим дагалдах хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Нэгдүгээрт  НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулж ноос ноолуур, арьс ширэн түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад НӨАТ-ын хувь хэмжээг Засгийн газар тогтоохоор заажээ. Ингэхдээ мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй түүхий эдийг дотооддоо борлуулсан бол үнэд 10 хувийн НӨАТ шингэсэн гэж үзнэ.

Хоёрдугаарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг борлуулалтаар нь дэмжихийн тулд төрийн худалдан авалтын тухай хуульд нэмэлт оруулжээ.

... Энэ өөрчлөлтөөр хэрэв үйлдвэрлэгч чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн төрийн байгууллагад нийлүүлэх боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглож байна ...

Харин ямар барааг дотоодын үйлдвэрлэгчээс худалдаж авахыг Засгийн газар тогтооно гэж заажээ. Мөн Засгийн газрын тогтоолоор дотоодоос хангах ёстой бараа бүтээгдэхүүний жагсаалт батлагдсан юм. Үүнд:

  • Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн
  • Савхин бүтээгдэхүүн
  • Эсгий, эсгий бүтээгдэхүүн
  • Оёмол бүтээгдэхүүн
  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн
  • Мод, модон бүтээгдэхүүн
  • Зам, барилгын материал
  • Төмөр хийц
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Сав, баглаа, боодлын бүтээгдэхүүн зэрэг оржээ.

Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдийг импортын ижил төстэй барааны нийлүүлэлтээс хамгаалахын тулд Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард 332 дугаар тогтоол гаргаж зарим махан бүтээгдэхүүн, цэвэр зөгийн бал, нэг жилээс дээшгүй насжилттай троллейбусны импортын гаалийн албан татварын хэмжээг таван хувь байсныг 15-20 хувь болгон өсгөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.