Арсландаа урам хайрлаач...
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.02.22

Арсландаа урам хайрлаач...

Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах тухай мэдээлэл гараад удаагүй байна. Үүнтэй холбоотой олон мянган Монгол бөхдөө хайртай хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байгаа бөгөөд эдний дундаас хамгийн их халаглан харуусч, цаашид бөхийн дэвжээгээ орилгүй улмаар амжилтыг нь улам ахиулах чинхүү хүсэлтэй Хөвсгөл нутгийн унаган хүү УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Facebook хуудсандаа бичсэн сэтгэгдэл онцгой их анхаарал татаж үүнд нь олон зуун Хөвсгөлчүүд, Монголын ард түмэн сэтгэгдлээ бичин үлдээжээ.

 Тэрээр :

 "Монгол Улсын арслан нутгийн дүү Х.Мөнхбаатар "Зодог тайлна" гэсэн мэдээллийг хараад бөхөө дээдэлдэг түмнийхээ нэгэн адил өөрийн эрхгүй харамсаж байна. Хүнд бэртэл гэмтлийг сэтгэлийн тэнхээгээр давж, богино хугацаанд амжилтад хүрэхийн сайхныг биеэрээ нотолсон шүү дээ. Энэ удаа ч мөн сэтгэлээ чангалж, бэрхшээлтэй тэмцэж зүлэг ногоон дэвжээнээ цог жавхаа дүүрэн гарах итгэл найдвараа бүү алдаач гэж ах хүний хувьд захимаар байна.

Монгол бөх бол дэлхийд ганцхан Монголчуудын өв соёл болохоос хэсэг хүмүүсийн дарамт шахалт, хов живээр шийдэгдэх ёсгүй. Тэгэх тусам Монгол түмнээ илүү олон жил баясгаж, залуу үедээ үлгэрлэж түүхэнд мөрөө үлдээх хэрэгтэй. Нас залуу, бяр хүч хэвээрээ, туршлага арвин болсон шүү дээ. Зүрхээ чагна. Сэтгэлээ чангал. Итгэлийг ав. Монголчууд хэзээ ч чиний талд шүү. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд бадрах болтугай." хэмээн бичжээ.