Мөсөн шагайн наадгай боллоо
"Байгаль эх" сэдэвт мөсөн шагайн өдөрлөг яг одоо Туул голын хөвөөнд буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн гүүрнээс Их тэнгэр орох замд хан Богд уулын ар, хатан Туулын тунгалаг мөсөн дээр “Мөсөн шагайн наадгай” эхэлж байна.
Тус наадмыг “Нүүдэлчдийн өвөл-2016” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоо хамтран зургаа дахь жилдээ “Мөсөн шагайн наадгай”-г зохион байгуулж байна. Өнөөдрийн наадгайд мөсөн шагайгаар нааддаг таван баг болон БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож байгаа аж.
Түүх сөхвөл, Тэмүүжин Жамухтай Ононгийн мөсөн дээр үхрийн шагай мөргөлдүүлэн өнжин наадаж ихэд дотноссон тухай Монголчуудын амьдрал, түүхийн их хөлгөн судар “Нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг.
Мөсөн шагайг Чингис хааны үеэс, түүнээс ч бүр эрт Монголчууд эрийн гурван наадмын зэрэгцээ наадан цэнгэж ирсэн баримт ч бий. Ийнхүү Хэрлэн, Онон, Туул, Орхон, Тамирын голын толигор сайхан мөсөн дээр хүүхэд, залуучууд үхрийн шагай мөргөлдүүлэх, тодорхой зай талбайд бай онох зэргээр наадан цэнгэж “Мөсөн шагай харвах” тоглоом наадгайг үүсгэсэн ажээ. Эрүүл агаарт голын цэнгэг мөсөн дээр гулган цэнгэж, цэц мэргээ сорин тоглох нь эр хүний нэгэн жаргал гэгддэг. Мөсөн шагайн харвааг хүрээний болон хөдөөгийн малчид ихээр тоглодог байсан ба суудлын ажилтай хүмүүсийн биеийн чилээг гаргах, толгойг сэргээхэд юугаар ч солихгүй спорт аж.
Мөсөн шагайн харвааг Тамир, Орхон, Цэцэрлэг, Цэнхэр, Хануй, Хүнүй, Чулуутын гол урсдаг Хангай нутагт бусдаас илүү тоглодог байжээ. Мөн эрдэмтэд 400 жилийн түүхтэй мөсөн шагайн наадгайг дундад зуунд Шотландад үүссэн Көрлинг /Curling/ наадгайгаас эрт үүсэлтэй ч гэж үздэг гэнэ.