Зуданд 100 гаруй мянган мал хорогдоод  байна
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дуламсүрэн
2016.02.19

Зуданд 100 гаруй мянган мал хорогдоод байна

Ихэнх аймаг зудын байдалтай байгаа. Зудад нэрвэгдсэн малчдад хэрхэн тусалж байгаа талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дуламсүрэнгээс тодруумаа.

-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр орон нутагт өвөлжилтийн байдал ямар байгаа вэ?

-Нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 113 суманд цагаан зудтай байна. Өвөлжилт хүндэрсний улмаас 100 гаруй мянган мал хорогдсон гэсэн мэдээлэл ирсэн. Архангай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Увс аймагт малын хоргодол их байна.

-Зуданд нэрвэгдсэн малчдад өвс, тэжээл хүргэж эхэлсэн. Одоогоор хэр хэмжээний тусламж үзүүлээд байна вэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас зудтай байгаа аймгуудад нийгмийн үйлчилгээ үзүүлэх, зудыг эрсдэл багатай даван туулахад нь зориулж Засгийн газарт хүсэлт гарган 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэн. Мөн шуурхай албаны үйлчилгээнд зориулж улсын нөөцөөс арван автомашиныг зарим аймагт олголоо. Малчдад 6500 гаруй тонн өвсийг үнэгүй, 2600 гаруй тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай өгч байна. Мөн бэлэн мөнгө, нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэхээр Засгийн газраас 1.8 төгрөгийг олгосон болтөрийн болон төрийн бус байгууллагууд ч өөрсдийн хэмжээнд малчдад тусалж байгаа.

-Хамгийн хүндрэлтэй цаг бол хавар. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газраас олгосон санхүүжилтийг орон нутагт шаардлагатай зардлыг тооцож хуваарилсан. Тиймээс тухайн аймаг, орон нутаг улсаас олгосон хөрөнгөө зөв зарцуулж, өөрийнхөө хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах хэрэгтэй.