АН, МАН хандив авдаг системээсээ татгалзахыг хүсэхгүй байна
Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд намрын ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилтийг яаж нарийн зохицуулахаар тусгасан талаар түүнтэй ярилцлаа.
-Өргөн барьсан хуулийн төслийн гол үзэл баримтлалыг товчхон танилцуулахгүй юу. Энэ хуулийг зайлшгүй батлах ямар шалтгаан байна?
-Бид улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа. 25 жил сонгууль хийхдээ бусдын хандив гэсэн нэрээр явж ирсэн. Хэн ч хүнд зүгээр мөнгө өгөхгүй. Бусдын юм авсан хүний гар зөөлөн, бусдын юм идсэн хүний ам зөөлөн гэгчээр хандив гэсэн нэрээр мөнгө өгсөн хүмүүстээ эргээд хариу барих болдог. Өнөөдөр төрийн байгууллагууд яах аргагүй бизнес эрхлэгчид, мөнгөтэй хүмүүсийн эрхшээлд орсон байна. Улс төрийн нам гэдэг төрийг барих тэр дундаа бодлогоор уралдах, бодлогоо цааш хэрэгжүүлээд улс орноо хөгжүүлэх гол зорилго, чиглэлтэй байдаг. Гэтэл өнөөдөр иргэдийн намд итгэх итгэл суларсан. Үүний цаад утга бол нам бодлогоо хэрэгжүүлье гэхээр намд хандив өгсөн хүмүүсийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа гэж тайлбарлаж болно. Ингэхдээ ихэвчлэн бүлэглэлүүдэд таарсан, нийтэд үйлчлэх биш зөвхөн хэсэг бүлэг хүмүүст нийцсэн хууль батлах асуудлууд гардаг.
Тиймээс үүнийг шийдэх зайлшгүй шаардлагатай. Бид олон улсын туршлага, гадны орнуудын хандлагыг харж байна. Ард иргээдээсээ хандив авах нь огт буруу зүйл биш. Гэхдээ өнөөдөр хангалттай зардлыг нөхөж чадаж байна уу гэдэгт гол асуудал бий. Өөрөөр хэлбэл, одоогийн Улс төрийн намын тухай хуулиар аж ахуй нэгж 10 сая, хувь хүн нэг сая төгрөг авна гэж байгаа. Гэтэл тэр мөнгө нь гарч байгаа бодит зардалд хүрэх үү. Нам сум, баг, хороо, дүүрэг, нийслэл зэрэгт салбар нэгжээ байгуулаад явахад маш хүндрэлтэй байдаг. Салбар нэгж нь намын бодлогыг ард түмэнд ойлгуулах зорилготой ажиллаж байгаа шүү дээ. Энэ мэт олон чухал шалтгааны улмаас намын санхүүжилтийн асуудлыг нарийн тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн.
-Намрын чуулганаар Сонгуулийн хуулийг баталлаа. Энэ хуультай залгуулаад Улс төрийн намын тухай хуулийг баталсан бол намын хандив, санхүүжилтийн асуудлыг илүү холоор харж, зохицуулахад дөхөмтэй гэдгийг хуульч гишүүд хэлж байгаа. Таны өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ч энэ удаагийн ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт багтаагүй байсан?
-Сонгуулийн өмнө энэ хуулийг батлах ёстой. Энэ хуулийн төслийг мэргэжлийн хуульчдаар нарийн нягтлуулж байж УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өргөн барьсан. Тэрнээс ганц миний санаа биш юм. Бид хуулийн төслөө АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлэхээр ороход “Танай наад хууль чинь мөнгөний л хууль юм байна лээ. Одоо төсөв батлагдчихсан. Тиймээс одоо энэ хуулийн төслийг батлах боломжгүй” гэж хэлсэн. Гэтэл Г.Шийлэгдамбын асуудлаас үүдээд нийгэмд хоёр асуудал үүссэн. Г.Шийлэгдамба үр хүүхэддээ эсвэл гэр орондоо зарцуулах гэж биш харин намын хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ биелүүлж бусдаас тодорхой хэмжээний мөнгө авсан.
Түүнийгээ намдаа хандивласан тухай олон нийтэд мэдээлсэн. Үүнийг олон нийт цочирдож хүлээж авсан гэж ойлгож байгаа. Олон нийт ер нь намууд ийм байдаг юм уу эсвэл ганцхан МАХН ийм юм уу гэж цочирдож хүлээж авсан. Ганцхан МАХН-д байгаа юм биш. Энэ бол нийт улс төрийн намын зовлон. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас бид хуулийн төслөө нийгмийн шаардлага юм шүү гэж өргөн барьсан. Харамсалтай нь ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй. Ээлжит бус чуулганаар ороогүй болохоор ээлжит чуулганаар орж хэлэлцээд, батлаад хэрэгжтэл нэлээд цаг орно. Бараг бүтэхгүй талдаа харагдаж байгаа. Товчхондоо, дахиад хуучин жишгээр явна гэсэн үг. Хоёр том нам болох АН, МАН хандив авдаг системээсээ татгалзахыг хүсэхгүй байна. Үүний цаад зорилго нь эргээд тэр бүлэглэлүүдээсээ гарч чадахгүй байна гэж харж байгаа.
-Намуудад улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт, дэмжлэг өгч байгаа. Үүнийг яаж илүү боловсронгуй болгох вэ?
-Өөр арга байхгүй. Парламентад суудалтай гэдэг шалтгаан бол ард түмэн сонголтоо хийж байгаа гэдэг утгаараа юм. Төр түшилцэх хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгож байна. Төрийн үйл ажиллагааг явуулахын тулд төрийн мөнгөөр явуулна. Энэ хуулийн төсөлд намд тодорхой санал өгсөн тоогоор нь төрөөс мөнгөн урамшуулал өгдөг. Тэгвэл үүнийг урамшуулал биш санхүүжилт байдлаар дэмжье гэж байгаа юм. Ер нь бид процессыг хуульчилж байгаа мөртлөө бодит байдлаас дөлөөд, зугтаад байх хэрэггүй. Өгч сурсан улс орон ийм асуудлыг яг таг шийдээд явдаг.
Манайх шиг цөөхөн хүн амтай, нөхцөл байдал нь иймэрхүү байгаа тохиолдод намын санхүүжилтийг төрөөс тодорхой дэмжихээс өөр гарц байхгүй. Ингэхгүй бол дахиад нөгөө хэсэг бүлэг хүмүүст баригдана. Эхний ээлжинд энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд явахгүй бол 25 жил үргэлжилж буй нөгөө бүдүүлэг систем рүүгээ орно. Ард түмнийхээ төлөө ажиллах гээд бадар барина гэдэг шиг гуйлга гуйж явна. Цөөхөн хүн үүнийг ил тод ярина. Харин нууц ноётнууд бүлэглэлүүддээ янз бүрийн авлигаль маягаар төрийн албан тушаал, лицензийг зарна. Хуулийг зөвхөн тэр бүлэглэлд зориулж батална гэдэг амлалт өгнө. Тиймээс энэ хуулийн төслийг хурдан шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.
-Манайд улс төрийн намууд хандив өгсөн томоохон компани, хэсэг хүмүүсийн хараат болж, тэдэнд хэрэгтэй хуулиудыг баталж байгааг хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг ч үүнийг арилгахад дорвитой алхам хийж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Та бүхний санаачилсан хуулийн төслөөр энэ асуудлыг яаж зохицуулахаар тусгасан бол?
-Хуулийн төсөлд улс төрийн намуудыг парламентад суудалтай, суудалгүй гэж хоёр хуваахаар тусгасан. Парламентад суудалтай нам гэдэг нь ард түмэн тухайн намын гишүүнээр төрийн бодлогыг хэрэгжүүлье гэж хүсэлт тавьж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болно. Ард түмэн өөрсдөө сонголтоо хийж байгаа. Ингэснээр тухайн намын гишүүдийг цаашид ажиллах зөвшөөрөл өгч байна гэсэн үг. Тэгэхээр төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг тэр зөвшөөрсөн саналын тоогоор нь хэрэгжүүлье гэсэн санаа юм. Одоо намууд авсан саналын тоогоороо жилд нэг удаа мөнгө авдаг. Энэ нь ерөнхийдөө намын санхүүжилт гэхээсээ илүү урамшуулал хэлбэрийн зохицуулалт явж байна. Тухайн намыг урамшуулж байна гэсэн шг.
Харин хуулийн төсөлд энэ мөнгийг хэр хэмжээтэй байх ёстой, ямар учраас энэ мөнгийг авч байгаа юм. Цаашлаад УИХ-д бүлэгтэй бол хэр хэмжээтэй байх, Засгийн газрыг бүрдүүлж байгаа бол ямар хэмжээтэй мөнгө авах ёстой юм. Авсан мөнгөө эргээд хэрхэн тайлагнаж, ард түмэнд ил тод тайлагнах, эргээд энэ мөнгөнийхөө төлбөр болгож ард түмэнд юу хийж өгөх ёстой зэргийг нарийн зааж, зохицуулж өгсөн. Учир нь 25 жил болсон ч улс төрийн намууд тэр бүр тогтвортой, төлөвшиж чадахгүй байна. Тогтвортой төлөвшиж чадахгүй байгаа ийм үед өнөөдөр бидэнд хоёр сонголт үлдэж байгаа.
-Ямар хоёр сонголт үлдсэн гэж?
-Нэгдүгээрт, ард түмэн гэсэн нэрээр бизнес эрхлэгчид буюу мөнгөтэй хүмүүсээс хуульд заагүй аргаар хандив нэрээр мөнгө нууцаар авах. Дээр дурдсанчлан нөгөө нэг сая, 10 саяас илүү авна. Энэ хууль бус шүү дээ. Дээрээс нь үүнийг харсан ч хараагүй юм шиг яв гэсэн үг. Нөгөө талаас нам тодорхой хэмжээний мөнгө төрийн санхүүжилтээр авна. Гэхдээ эргээд тайлангаа тавьдаг байх хоёр дахь сонголт бий. Хэрэв санхүүжилт өгсөөр байтал хажуунаас нь өөр хандив авбал түүнийг нь хатуу хориглоно гэж байгаа. Өнөөдөр Монгол Улсад Авлигатай тэмцэх тухай хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль үйлчилж байгаа. Миний бие мөн Нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн хандив гэсэн заалт дээр улс төрийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ямар тохиолдолд хандив авах, авахгүйг нарийн зааж өгөх ёстой гэж үзсэн.
Парламентад суудалтай улс төрийн намын дарга гэдэг бол намаараа дамжуулаад төрийн бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа хүмүүс. Тэд төрийн бодлогыг хамт барилцаж байна. Тиймээс үүнийг нарийн зохицуулах ёстой. Нэг ёсондоо энэ бүх асуудал цогцоороо байж энэ системийг өөрчлөх юм. Зөвхөн санхүүгийн асуудлыг шийдэх нь өнөөдөр бидний зорилго биш. Тогтолцоог өөрчлөх ёстой. Мэдээж аливаа нам өөрийн гэсэн зорилготой, гишүүнтэй, тодорхой бүтэц байхаас гаднаас хамгийн гол нь санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэхийг зохицуулж өгөх зайлшгүй шаардлагатай.
Тэрнээс нэг сая, 10 сая гэсэн хоёрхон тоо заачихаад байж болохгүй. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ гэдэг шиг том нам хууль зөрчиж болдог, жижиг нам хууль зөрчиж болохгүй гэсэн маягаар байж болохгүй. Хууль хүн бүрт, нам болгонд тэгш үйлчлэх ёстой гэсэн байдлаар энэ хуулийн төслийг боловсруулж, оруулсан. Тэгэхээр хуулийн төслийг хурдан хэлэлцээсэй гэж хүсэж байна. Хэлэлцэхгүй бол энэ 25 жилийн гажуудал байсаар байх болно.
-Сонгуулийн тухай хуульд намын санхүүжилт, хандив зэргийг хэр сайн тусгаж өгсөн юм бол. Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах нь дээрх хуультай хэр сайн уялдаж чадах бол?
-Хуучин УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэж байсныг сая нэгтгэж ганцхан Сонгуулийн хууль гэж баталсан. Сонгуулийн хуулийг батлахдаа санхүүжилтийн асуудлыг зохицуулж өгөөгүй. Яаж сонгогдох вэ гэдгийг шийдэж өгсөн болохоос сонгогдохын тулд хэдий хэмжээний мөнгө гарах, түүнийг хэрхэн олох тухай асуудлыг тусгаагүй. Ердийн сонгогчийн хувьд миний гаргасан зарчмын асуудлыг шийдэх ёстой байсан. Тухайлбал, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгч, болоод УИХ-д нэр дэвшиж байгаа бол хэдэн төгрөг авах дээд хязгаарыг нь тогтоох саналыг тухайн үед гаргаж байсан. Нөгөө талаас хандив өгч байгаа хүний орлого тодорхой байх ёстой. Тухайн иргэн хуулийн дагуу татвараа төлж, хэр хэмжээний ашиг олсон. Түүнээсээ хэн нэгэн улстөрчид ямар хэмжээтэй хандив өгч буйгаа ил тодоор зарлаад өгөх ёстой. Гэтэл өнөөдөр манайд хаанаас, хэнээс хандив авч байгаа нь тодорхойгүй байдаг. УИХ-ын бараг бүх гишүүн цалингаараа амьдардаг гэж ярьдаг.
Тэгсэн хэрнээ жийп машин унаж, сонгуульд нэр дэвшээд, бусдаас илүү зардал гаргаж байхад ард түмэн улстөрчид авлигачид гэж хардахгүй яах юм. Үүнийг нь шалгахаар тодорхой хандивлагч, дэмжигч, тодорхой компани байгаад байдаг. Тэр нь ард түмний өмнө хэзээ ч ил гардаггүй. Товчхондоо, энэ бүхнийг өөрчилсөн тохиолдолд тогтолцоо өөр болох юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль гэдэг шиг суурь хууль маань батлагдсан. Тэр нь Сонгуулийн тухай хууль. Одоо улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг холбоод өгвөл энэ бүтэн хууль болно. Тэгэхгүй бол нөгөө хуучин уламжлалаараа аясаар яваад болно гэж үзвэл энэ систем эргээд авлигыг зогсоож чадахгүй.
Авлигатай тэмцье гэвэл хүнтэй тэмцэх биш тогтолцоотойгоо тэмцэх хэрэгтэй. Тогтолцоогоо зөв болгочихоод хүнээс шударга ёсыг нэх. Тогтолцоо нь шударга бус байгаа тохиолдолд хүнээс шударга ёс нэхнэ гэдэг нь өөрөө шударга бус. Төрийн түшээ хүний хувьд тогтолцоог бүрдүүлэхийн төлөө явж байна. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд эсвэл АН-ын хувийн асуудал биш. Монгол төрийн асуудал гэдгээрээ энэ хуулийн төслийг авч хэлэлцээд, сайныг нь аваад хэрэггүй санааг нь хаяад тал талаасаа хамтраад явах ёстой. Энэ асуудлыг 25 жил яриагүй. Тиймээс одоо намын санхүүжилтийн асуудлыг тодорхой шийдэх ёстой.