Хүнд тусална гэдэг хэн нэгнээс магтаал сонсож, шагнал авах  гэж хийдэг ажил биш
Арслан клубуудын холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат
2016.02.08

Хүнд тусална гэдэг хэн нэгнээс магтаал сонсож, шагнал авах гэж хийдэг ажил биш

“Lions” ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагын Монгол дахь салбар Арслан клубуудын холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

“Lions” холбоо хэзээ байгуулагдсан бэ? Танай холбооны гол зорилтот бүлэг хэн бэ?

Олон улсын Lions” клуб 1917 онд АНУ-ын Чикаго хотод байгуулагдсан. Дэлхийн 200 гаруй оронд 46 мянган клубын 1 сая 400 мянгаад гишүүнтэй хүмүүнлэгийн сайн дурын байгууллага юм. Монгол улсад ОУ-ын “Lions” клубын салбар үүсгэн байгуулагдаад 23 жил болж байна. Анх Япон улсын дэмжлэгтэйгээр байгуулагдсан.

 Одоогоор Монголд долоон клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Олон Улсын Арслан клуб нь анх харааны бэрхшээлтэй, хараагүй иргэдэд туслах зорилготойгоор байгуулагдсан хэдий ч үйл ажиллагаа нь өргөжин сахарын өвчтэй хүмүүс, өнчин, ядуу иргэд, байгалийн гамшиг болон өлсгөлөнд нэрвэгдсэн улсын хүн амд тодорхой дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Сүүлийн үед бид Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран  ажиллаж байна. Манай холбоонд хүсэлт илгээсэн хэн бүхэнд туслахыг хичээдэг. Мөн хавдрын эсрэг аяныг өрнүүлж эрүүл мэндийн үнэ төлбөргүй сургалт, үзлэг оношилгоо хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Клубуудын үйл ажиллагааны чиглэл нь юу вэ?

Монголын долоон клуб тус, тусын чиглэлийн дагуу ажилладаг. “Lions” клубуудын холбооноос бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах, олон улсын болон  азийн  чуулга уулзалтуудад гишүүдээ оролцуулах, арга зүйгээр хангах, олон улсын бусад клубуудтэй хамтран ажиллах, нэг клубын хийж гүйцэтгэх боломжгүй ажлыг хамтарч хийх зарчмаар ажиллаж байна.

Манай клубууд болон холбоо нь ТББ учраас өөрөө, өөрийгөө санхүүжүүлдэг. Олон улсын дүрмээр жил тутам ерөнхийлөгчөө сонгож, дэлхий даяар зарласан холбооны ажлыг хийж гүйцэтгэхээс гадна өөрсдийн клубын чиглэлээр ажилладаг.

“Арсланчууд бүгд нэг гэр бүл” гэсэн үзэл санаа зарчимд тулгуурладаг.

Lions клубуудын сурагч, оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд гишүүдийнхээ хүүхдүүдийг энэ хөтөлбөрт хамруулахаас гадна бусад хүүхэд залуучуудыг дээрх хөтөлбөрийг хариуцсан манай нэг клубт хандсанаар дэлхийн бусад орны соёл, ахуйтай танилцаж зуныг зугаатай үр дүнтэй өнгөрөөх боломжийг олгодог.

 Мөн “Хэрлэн арслан”  клуб гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль, өнчин, хагас өнчин хүүхдийн Бамбар цэцэрлэгүүдэд тогтмол дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Энэ хүрээнд тэдэнд сургуулийн гадна талд түр амран суух сандал хийх, орчин тойронд мод тарин, баяр наадмын үеэр бэлэг өгөх, зарим тохиолдолд тус сургууль, цэцэрлэгийн зүгээс тавьсан саналын дагуу тусалдаг.

Монголд анхлан байгуулагдсан  “Төв арслан”  клуб  малжуулах төсөл, оюутнуудад зориулсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. “Хангай арслан” клуб чихрийн шижин өвчтэй хүмүүст туслах, тэдэнд зориулсан ном гарын авлага гаргах, “Хөх тэнгэр” клубын хувьд Улаан чулуутын хогийн цэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт  хэрэгцээтэй зүйлийг нь хангаж туслах, “Лидер арслан” клуб хүүхдийн хорих ангийн номын санд ном хандивлах, хүмүүжигч хүүхдүүдэд эрүүл мэндийн талаар үзлэг хийж, хэрхэн зөв амьдрах талаар сургалт хийх, “Орчлон арслан” клуб, “Бичигт арслан” клубууд олон улсын хүүхэд, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх   зэрэг олон чиглэлийн үйл ажиллагаа явж байна.

Танай клуб улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж чаддаг уу?

Манай улсад байгаа долоон клуб нь 100 гаруй гишүүнтэй бүгд Улаанбаатар хотод байдаг тул нийслэлийн хэмжээнд л үйл ажиллагаа явуулдаг.  Хүн хүндээ бага ч болов чин сэтгэлээсээ туслах нь зүйтэй гэж бид үздэг. Олон улсын дүрмэнд “Lions”-аар бизнес хийхийг хориглодог ба “Бид зүтгэе” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Хүн хүндээ бага ч болов чин сэтгэлээсээ туслах нь зүйтэй гэж бид үздэг
"Хүн хүндээ бага ч болов тусална" гэдэг нь сайхан санагдаж байна. Бусдад туслахдаа ямар зарчим баримталдаг вэ?

 Би багадаа яавал хүмүүст сайн үйлийг хийж болох бол гэж үргэлж боддог байсан.  Lion клубын Монгол дахь нэг салбар болох “Хэрлэн” клуб үүсгэн байгуулагдахдаа энэ клубын үйл ажиллагааны талаар танилцуулж клубын гишүүн болохыг санал болгосон. Энэ санал надад таалагдсан учраас тэр саналыг  шууд хүлээн авч 16 жилийн өмнө анх олон улсын “Lions” клубын гишүүн болж байлаа.  

Хүнд тусална гэдэг хэн нэгнээс магтаал сонсох, эсвэл шагнал авахын төлөө хийдэг ажил биш

“Хүнд тусална гэдэг хэн нэгнээс магтаал сонсох, эсвэл шагнал авахын төлөө хийдэг ажил биш. Хүнд тусалснаар миний амьдрал эргээд “өөдрөг, гэрэл гэгээтэй сайхан болдог” гэж би боддог. ОУ-ын клубын гишүүд ч мөн тэгэж ярьж байхыг би олон удаа сонссон. Тиймээс чин сэтгэлээсээ, бага боловч хэн нэгэнд тусламж хүргэхийг Дэлхийн Арсланчууд зорилгоо болгодог.  Клубын ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд клубын дундын сантай болохыг зорьсон. Одоогоор багагүй хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулахад клубын дундын сангаас санхүүжилт хийх боломжтой болсон.

Энэ жил танай клубууд болон холбоо ямар зорилттой ажиллаж байна? Цаашид ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна?

Долоон клубын ерөнхийлөгчид цуглан уулзалт, хурал хийдэг. Бид уулзаад хавдрын өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг хийн, лекц уншиж өгөхөөр болсон. Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт, семинар хийхээр төлөвлөж байна. Мөн цаашид Хараагүйчүүдийн холбоотой үргэлжлүүлэн хамтарч ажиллана. Манай клубын үндсэн зорилго бол хүмүүнлэгийн үйл ажиллагаа. Манай гишүүд жил бүр олон улсын "Lions" клубын нэгдсэн санд зохих хэмжээний татвар төлдөг.

Ингэснээр байгалийн гамшиг тохиолдсон, өлсгөлөн ядууралтай улс орнуудад бидний төлсөн татвар хандив тусламж болон хүрдэгт бид сэтгэл хангалуун байдаг. Бид үүнийг л бахархал гэж үздэг.

Цаашид клуб гишүүнчлэлээ өргөжүүлж, клубын тоог нэмэхийг хүсэж байна.  Бид олуулаа болох тусам хүчтэй болж, олон сайн үйлийг хийж чадна. Иймд бидний эгнээнд нэгдэн орж сайн үйлсэд тусламжийн гараа сунгах чин сэтгэлтэй хүн бүрт манай үүд, хаалга үргэлж нээлттэй байх болно.