НИТХ сонгуулийн мандатаа хуваариллаа
2016.01.29

НИТХ сонгуулийн мандатаа хуваариллаа

Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэж,  хүн амын тоог харгалзан үзэж, сонгуулийн тойргийн мандатыг хуваарилдаг байхаар болсон. Хуулийн дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ч төлөөлөгчдөө сонгох мандатыг шинэчлэн тогтоох шаардлагатай болсон юм. Иймээс нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  сонгуулийн тойрог хэрхэн байгуулах, мандатаа яаж хуваарилах вэ гэдгээ хэлэлцэж, тогтоолоо шинэчлэн баталлаа. Ингэхдээ 2008 оны сонгуулийн тогтолцоогоо баримтлан 45 тойргоо хэвээр хадгалж, Багахангай дүүрэгт сонгуулийн мандат анх удаа олгохоор боллоо. Тодруулбал,  хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр есөн тойрог, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд тус бүр зургаан тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг тойрогт  нэр дэвшигчид хуваагдан дэвшихээр тогтсон юм. 

Өөрөөр хэлбэл Баганхангай дүүрэгт ирээдүйд логистик төв болон үйлдвэрлэл олноор баригдана. Хүн ам тийшээ шилжин сууршина гэж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид тооцон, ийнхүү тусад нь сонгуулийн тойрогтой байхаар өөрчиллөө. Одоогоор Багахангай дүүрэгт 5-6 мянган иргэн амьдардаг. Цахим газар олголтоор 11 мянган иргэн тус дүүрэгт газар сонгон өмчилсөн. Энэ нь ирээдүйд 11 мянган өрх тийшээ шилжэн сууршина гэсэн үг. Иймээс тус дүүргээс дангаар нь иргэдийн хуралд төлөөлөгч сонгон гаргах нь зүйтэй гэж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан нам, Монгол Ардын намын бүлгүүд үзжээ.

Сонгуулийн тухай хууль болон бусад Засаг Захиргааны нэгжийн тухай хуулийг баримтлан ийнхүү нийслэлийн иргэдээс төлөөлөгч сонгох сонгуулийн тойргийг шинэчлэн баталлаа. Гэхдээ хуучин сонгуулийн тогтолцоогоо хадгалж нэг тойрогт заавал 3000-4000 сонгогч байна гэж үзэн тойргоо хуваажээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сонгуулийн тойргоо хуваахдаа хорооны зэрэгцээ байршил, хүн амын тоог харгалзсан байна. Харин Шударга ёс эвслээс 32-34 мянган хүн амтай Налайх дүүрэг, 5-6 мянган хүн амтай, хоёр хороотой Баганхангай дүүргийг нэгтгэж, нэг төлөөлөгчийг сонгох. Багахангай дүүрэгт хуваарилагдах мандатыг Баянгол дүүрэгт нэмэх шаардлагатай гэсэн саналыг оруулж ирсэн. Гэвч хурлын тэргүүлэгчид энэ саналыг дэмжилгүй, унагасан юм.