Мэндчилгээ
XXI зуунд хүн төрлөхтөний хөгжил дэвшил шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үерүү шилжин орж байна. Улс орны тогтвортой хөгжлийг хангахад байгалийн баялагт чиглэсэн бус, мэдлэгт түшиглэдэг, шинэ мэдлэг бий болгох, нутагшуулах, түүнийгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх хэлбэрт шилжиж байна.
Бид ийм нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд боловсрол - хүний нөөцийн бодлого, шинжлэх ухаан - технологийн бодлого, эдийн засаг - үйлдвэржилтийн бодлогоо уялдуулж нэгдсэн зорилготой байх нь хамгаас чухал юм.
Улиран одож буй 2015 оныг Монголын залуу эрдэмтэн судлаачид амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Харин угтан золгож буй 2016 онд шинжлэх ухааны ололтыг эдийн засагжуулах зорилтыг дэвшүүлж байна.
Монгол улсад мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлж “Монгол ухаан” Монголоо хөгжүүлж улмаар дэлхийн оюуны зах зээлд хүчээ сорих шинэ цагийг Монгол оюунлаг залуус авчирна гэдэгт бид итгэлтэй байдаг.
Монгол Улсын хөгжил дэвшилийн төлөө тэмүүлж буй бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг таньд Монголын олон зуун залуу судлаач, эрдэмтэн нарын нэрийн өмнөөс мэндчилэн, шинэ ондоо эрдэм оюунаар бялхаж, эрүүл энх сайн сайхан байхыг хүсье.
Мэндчилсэн,
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч,
Доктор (PhD) Доржготовын Баттогтох