Өндөр түвшний авлига бизнес, зах зээлийн өрсөлдөөнд сөрөг нөлөөлж байна
Авлига гэдгийг засаг, төрийн төлөөлөгчийн чиг үүргийг гүйцэтгэж буй этгээд, түүнчлэн төрийн албан хаагч аливаа хэлбэрээр эдийн ба эдийн бус баялаг, давуу байдлыг хууль бусаар олж авахын тулд өөрийн албан тушаал, албаны эрх мэдлийг санаатайгаар ашигласан, мөн этгээд нь худалдагдсан байдлаар илэрдэг улс төр буюу төрийн удирдлагын салбар дахь нийгэмд, нийтийн эх ашигт нэн аюултай сөрөг үзэгдэл болох тухай эрх зүйн толь бичигт тэмдэглэсэн байдаг.
Олон улсын эрх зүйд авлигын гэмт хэргийн тодорхойлолт, түүнд хүлээлгэх хариуцлагын тухай Европын зөвлөлийн конвенци 1999 онд, мөн онд Авилгад хүлээлгэх иргэний эрх зүйн хариуцлагын тухай конвенци, Хил дамнасан зохион байгуулалттай гэмт явдлын эсрэг НҮБ-ын 2000 оны конвенци, 2003 оны Авлигын эсрэг НҮБ-ын конвенци зэрэг баримт бичигт тусгасан байдаг.
... Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг Монгол Улс 2005 оны аравдугаар дугаар сарын 27-нд соёрхон баталсан. Улмаар 2006 онд “Авлигын эсрэг хууль” батлан гаргасан ...
Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах, үйлдэх эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлигад тооцно.
Манай орны хувьд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх туршлагаас харахад төрийн өндөр албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхолд хяналт тавих нь нилээд ярвигтай асуудал юм. Төрийн өндөр албан тушаалд хамаарч байгаа албан тушаалтан нь эрх мэдэл, нэр нөлөө ихтэй байдгаас гадна ихэнхи нь улс төрийн албан тушаалтнууд. Тэд бодлого тодорхойлох, улс төрийн шийдэл гаргах эрх хэмжээг хэрэгжүүлдэгээрээ төрийн захиргаа, төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчдаас онцлогтой. Бодлогын шийдэл, улс төрийн шийдвэрийн зөв бурууг шууд дүгнэх, түүнд хувийн сонирхол нь хэрхэн нөлөөлж байгаад хяналт тавихад бэрхшээлтэй байдаг.
Өндөр түвшиний авлига нь бусад хэлбэрийн авлигаас илүүтэйгээр бизнес, зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлж байдаг. Энэ утгаараа эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх хор уршиг ихтэй. Манай улсын хувьд зах зээлд өөрийн гэсэн тодорхой байр суурь, нэр нөлөөг эзэлсэн томоохон бизнесийн төлөөллүүд улс төрд орж ирэх нь нэмэгдсэн.Монгол Улс 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, түүнд хяналт тавих тогтолцоо бүрдсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль 2012 онд батлагдан гарсан. Эдгээр хууль гарснаар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нийтийн албаны хүрээнд хуульчлан зохицуулж, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэж, хяналт тавьж эхэлсэн юм.
... Өмнө хийгдэж байсан судалгааны дүнгээс харахад төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүний бараг гуравны хоёр нь ямар нэг компанид хувьцаа эзэмшдэг, тэдгээр компанийн 80 гаруй хувь нь хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан ...
Судалгааны дүнгээс харахад төрийн өндөр албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бусад мэдүүлэг гаргагчаас өөр маягтаар гаргуулах, мөн мэдүүлгийн тогтолцоог татварын мэдээллийн баазтай уялдуулах, шаардлагатай бол төрийн зарим өндөр албан тушаалтныг ажлаасаа чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд мэдүүлгийг үргэлжлүүлэн гаргуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэй.