Цэцийн гишүүн 65 нас хүрээд л тэтгэвэрт гарах зохицуулалтыг хийж өгсөн нь дээр
"Цэцийн гишүүдэд ч хууль үйлчлэх ёстой"
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурь:
-Төрийн албаны хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэсэн заалт байдаг юм билээ. Шүүхийн болон шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт зарим хуулиуд дээр өөрөөр заагаад тэтгэвэрт гарах насыг тодорхойлж өгдөг. Цэргийн алба хаагчидтай холбоотой зохицуулалтаар бол 20 жил ажилласан болон тэд хүрсэн бол гээд тусдаа хуулиар зохицуулчихаж байгаа. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон Шүүхийн тухай хуулиад дээр болохоор “Хөдөлмөрийн хуульд заасан насанд хүрсэн бол шүүгч тэтгэвэр гарна” гэсэн заалттай. Бид хууль өргөн барихдаа Үндсэн хуулийн Цэцийг шүүх гэдэг талаас нь харсан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц шүүх эрх мэдлийг нэхэж авч байгаа.
Нэгэнт шүүх эрх мэдлийг нэхэж авч байгаа бол шүүгчид тавигддаг шаардлагатай адилхан стандартыг барих ёстой гэж үзсэн учраас Дээд шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг насны хэмжээтэй л адилхан зааж өгсөн юм. Харин зарим гишүүд Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудлыг бодолцож үзэх ёстой гэсэн санал гаргасан учраас хууль санаачлагчийн зүгээс энэ асуудлыг бодолцож үзээд Төрийн албаны хуулийн дагуу явах нь зөв гэж үзсэн. Тэгээд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой гэж хуулиндаа зааж өгье. Ер нь бол Төрийн албаны хуулиар эрэгтэй, эмэгтэй ялгаагүй төрийн албан хаагч 65 нас хүрээд л тэтгэвэрт гарах заалттай.
Гэтэл энэ заалт яагаад өдийг хүртэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд нөлөөлөхгүй явсан нь сонин. Бид хуулиа дутуу боловсруулж, баталж байсны л гор байх. УИХ-аас Цэцийн гишүүдийг зургаан жил томилно гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Бусад орнуудын жишгийг харахаар, Дээд шүүх нь Үндсэн хуулийн шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй, дагнасан тусгай Үндсэн хуулийн шүүхтэй байдаг улсууд дундаж зохимжтой хугацаа нь 9-11 жил байдаг юм билээ. Тэгээд зөвхөн нэг удаа л томилдог.
Дахин томилохгүйгээр шүү дээ. Гэтэл бид зургаан жилээр тавьчихсан. Үндсэн хуульд дахин томилох зохицуулалт огт байхгүй. Гэвч харамсалтай нь практикаар манайд 20 гаруй жил Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хийгээд явж байгаа хүмүүс байгаа. Бид одоо зургаан жилээр томилно гэдгийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад өөрчилж чадахгүйгээс хойш бусад орнуудын жишгийг дагаад, зохимжтой хугацаа 11 жил гэдэгт нь бариулъя. Өөрөөр хэлбэл, хоёр удаагийн бүрэн эрх гэж тооцоод, 12 жил ажиллуулахад тухайн хүн Үндсэн хуулийн шүүхэд зохистой ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм. Тиймээс нэг удаа л улируулан томилох зохицуулалтыг оруулж ирж байгаа.