С.Ганбаатар гишүүн цэвэр үзэл бодлоороо ХҮН-тай нэгдсэн
Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар яагаад танай намд элсэх болов?
-Энэ сарын 29-ний өдөр ХҮН-ын Дархан-Уул аймаг дахь салбар хороо байгуулагдах үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар манай намд элссэн. Манайх шинэчлэн зохион байгуулалтад орохоосоо өмнө хоёр удаа чуулган хийсэн. Хоёр дахь чуулганы үеэр улс төрийн хүчний хувьд нам болно гэсэн хэлбэрээ тодорхойлж, улстөрчид, намуудад хандан бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаач ээ гэсэн уриалгыг гаргасан. Уриалгын дагуу олон улстөрч бидэнд хандсан, улс төрийн хүчнүүд ч ирж уулзсан. Тэдний нэг нь С.Ганбаатар гишүүн бөгөөд манай намын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөөд цэвэр үзэл бодлоороо ирж нэгдсэн.
-ХҮН УИХ-д суудалтай боллоо. Үүний давуу талыг та бүхэн юу гэж харж байгаа вэ?
-Хэд хэдэн давуу талууд бий болж байгаа гэж харж байна.
Нэгдүгээрт, Бид өмнө нь тавьж байсан асуудлуудаа улс орон даяар илүү өргөн хүрээнд, бүх хүмүүсийн анхаарлын төвд аваачих боломж бүрдлээ.
Хоёрдугаарт, Өөр олон асуудлууд дээр үзэл бодлоо илэрхийлж, гарц шийдлүүдийг ярих боломжтой болж байна.
Гуравдугаарт, Хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөлтэй болсон учраас хууль эрх зүйн орчинд зөв шийдлүүд гаргахад нөлөөлж чадахуйц боллоо.
Ерөнхийдөө бодлого шийдлээ явуулах илүү хүчтэй хэрэгсэлтэй болсон. Бидний зүгээс Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүй өөрчлөх асуудлыг эсэргүүцэж байсан. Мөн Халх голын асуудал байна. Энэ хоёр асуудал болон бусад асуудал дээр хүчтэй байр суурийг илэрхийлэх боломжтой болж байна.
-С.Ганбаатар гишүүн танай намд элсэх үеэрээ хэлсэн байсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар сонгосгчдынхоо хүсэлтээр ХҮНамд элсэх эсэхээ шийдэх байх гэж. Энэ асуудал дээр танай намын зүгээс эсвэл бие даагч гишүүдийн зүгээс нэг нэгэндээ санал тавьсан, хандсан зүйл байгаа юу?
-Бидний зүгээс зарим асуудлууд дээр зөвлөгөө авах, гаргаж байгаа үйл ажиллагаанууддаа хамтарч ажиллах зэргээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нартай уулзалт зохион байгуулж байсан. Түүнээс биш ХҮНамд элсэх эсэх асуудлаар ярьсан хөөрсөн зүйл байхгүй.
ХҮН-ын зарчим байдаг. Бид хүмүүсийг компаничилсан, тулгасан байдлаар ч юм уу эсвэл амлалт өгч намдаа элсүүлдэггүй. Бидний үзэл бодлыг дэмжиж байгаа хэн ч орж болно.
Гэхдээ нам өөрөө ёс зүйн маш хатуу дүрэмтэй. Манай намын хамгийн том ялгарал ёс зүй. Тийм болохоор гишүүнээр элсэж байгаа хүн болгонд ёс зүйн шаардлага тавина. Ямар нэгэн гэмт хэрэг, хээл хахууль, албан тушаалын хэрэгт орооцолдоогүй байх ёстой. Энэ шүүлтүүрийг даваад манай ёс зүйн зарчим байгаа. Энэ зарчмыг биелүүлнэ гэж өөртөө итгэлтэй байгаа бол ХҮНамд элсэж болно.
-Сонгуулийн хуулийн тухайд хоёр том нам тохиролцоод баталчихлаа гэх байр суурийг УИХ-д суудалгүй намууд илэрхийлж байгаа. Танай нам энэ хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Цэвэр, эрүүл улс төрийн хүчнүүд нийгмийн шаардлагын дагуу гарч ирж байна. Энэ хүчнүүдийн нэг бол ХҮН. Яг энэ агуулгаараа ХҮН-д байгаа улс төрийн шинэ нүүр царайнууд олон нийтэд огт танигдаагүй. Улс төрийн шинэ хүчнүүдэд 2016 оны сонгууль маш халгаатай болох нь.
ХҮН мөнгө санхүүгийн хувьд тийм чадавхтай нам биш. Өнөөг хүртэл бид өөрсдийнхөө хуримтлуулсан жаал жуул юмаар л явж ирсэн. Манай намын санхүүжилт ил байдаг. Энд нууж хаагаад байх юм байхгүй.
Сонгуулийн тухай хууль жижиг улс төрийн хүчнүүдэд халгаатай боллоо.
Нэгдүгээрт, нийгмийн захиалгаар гарч ирж байгаа, нийгэм дэмжиж байгаа улс төрийн хүчнүүдийг боомилох гэсэн сөрөг арга хэмжээ боллоо.
Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийг өнгөц харахад пропорциональ болон мажоритор тогтолцооны холимог юм шиг харагдаж байгаа ч мажоритар буюу дийлэнх олонх руугаа шилжчихлээ. Яг ярих юм бол тойрог дээрээс дийлэнх олонхоор нэг хүн сонгогдож байж жагсаалт нь буюу пропорциональ нь ажиллана. Тэгэхээр огт танигдаж байгаагүй улстөрч , шинэ хүчин гарах бололцоогүй болж байгаа. Ингээд сүүлийн хоёр сонгууль дээр хэрэглэсэн холимог системээсээ ухарчихлаа. Ийм хууль батлагдчихсан хэдий ч ХҮН нийгмийн шаардлага захиалгаар гарч ирж байгаа улс төрийн хүчин гэдэг утгаараа 2016 оны бүх шатны сонгуульд оролцоно.
-Ярилцсанд баярлалаа.