Эрүүл мэнд, спортын салбарт хийсэн онцлох ажлууд
Эрүүл мэнд, спортын салбарт хийсэн онцлох ажлууд
2015.12.25

Эрүүл мэнд, спортын салбарт хийсэн онцлох ажлууд

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар аймаг, нийслэлийн ИТХ- ын дарга, Засаг дарга нарт Эрүүл мэнд, спортын салбарт хийгдсэн ажил, цаашид анхаарах асуудлаар зохих үүрэг даалгаврыг өгөв. 

Тэрээр Эрүүл мэнд, спортын салбарын ойрын зорилт бол салбарын хэмжээнд “Сахилга-хариуцлага” зохион байгуулалтыг сайжруулж, үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх явдал юм.

    Энэ чиглэлээр сайдын 2015 оны “Сахилга дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дүгээр тушаалыг гарган салбарын бүхий л шатанд сахилга, хариуцлагатай байж, үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харьцах ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг онцлон хэлэв.

           Хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хийв

·         Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль,  Нялх, балчир насны хүүхдийн  хоол ундны бүтээгдэхүүний тухай хууль, Эх хүүхдийн тухай хууль, Хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хуулийн төслүүд, үзэл баримтлалыг боловсруулав.

    Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаснаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж 2015 оноос эхлэн нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэв.

·         Дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй элэгний С вирусыг эмчлэх эмчилгээний 90 гаруй хувийн өндөр үр дүнтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэв.

·         Өдрөөр үзүүлэх уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээг 2015 оноос эхлэн ЭМД-аас санхүүжүүлэхээр болов.

·         Бодлогын түвшинд эмнэлэг сувиллын орны хувиарлалттай холбоотой тушаал гаргаснаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас  тухайн орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлэг, сувилалын орыг хуваарилах боломж бүрдэв. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, нөгөө талаас харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүлэв.

        Монгол Улс нь Мянганы хөгжлийн зорилтын  ЭМ-ийн шалгуур  үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болов

·         “Эрүүл чийрэг-Монгол хүн” зорилтын хүрээнд хүн амын эрүүл мэндийг сайжруулах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарч, наслалтыг уртасгахад санхүүгийн нөөцийг оновчтой, үр ашигтай хуваарилж салбарын хөгжлийг дэмжихэд чиглүүлэн ажиллав.  Үүний үр дүнд манай улс Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болов.

 ·         ЭМС-ын яамнаас “Архигүй-Монгол” үндэсний чуулганыг зохион байгуулж,  Ерөнхийлөгчийн Тамгын газар, яамдын төлөөлөл, аймаг хотын Засаг дарга нар, төрийн болон ТББ-ын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцож зөвлөмжийг гаргав.

                               Монголчууд бид гурван саяууулаа болж, эхийн  болон тав  хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн  түвшин  буурав

·         Эх орны ирээдүй болсон  бяцхан үрсээрээ бүл нэмж Монголчууд бид 2015 онд  3 сая дахь  иргэнээ өлгийдөн авлаа. Салбарын яамны зүгээс  эх орныхоо өнцөг булан бүрт 3 сая дахь иргэний нас чацуутануудыг эх барьж авсан эх баригч, эмч мэргэжилтнүүдээ  алдаршуулан батламжилав.

·         Улсын хэмжээнд 2015 оны эхний 11 сард 73730 эх төрсөн нь  өнгөрсөн оны мөн үеэс 1037 төрөлтөөр буюу 1,4 хувиар буурав.

·         Эхийн эндэгдлийн түвшин нь 2015 онд 100.000 амьд төрөлтөд 25,6 ногдож байгаа нь өмнөх он төдийгүй сүүлийн  5 жилийн дундажтай харьцуулахад буурав.

·          Эхийн эндэгдлийн түвшин өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад  7,6 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 0,2  хувиар  тус тус буурав.

·         1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 14,9 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад адил түвшинд байна.

Анхан шатны тусламж,  үйлчилгээ үзүүлж буй ЭМБ-дад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэв

·         2015 оны төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд, спортын сайдын багцаас улсын хэмжээнд  21 аймгийн сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 922,5 сая төгрөгийн үнэтэй 9 нэр төрлийн 353 эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангав.

·         Улсын төсвөөс Улаанбаатар хотын 9 эрүүл мэднийн байгууллагад ,18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулан одоогоор найман түргэн тусламжийн автомашиныг  нийлүүлэв.

·         Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэнд, спортын салбарт 2015 онд ашиглалтанд орох 15 барилга байгууламжийн жагсаалт гарган нийт 42,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажил 2011-2016 онд хэрэгжихээр батлагдсанаас 5,3 тэрбум төгрөгийг энэ онд санхүүжүүлэв.

·          2015 онд долоон сумын эмнэлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг сувиллын барилга болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтгөл, Сүхбаатар аймагт 50 ортой амаржих газар, Нийслэлийн  Өргөө амаржих газарт  25 ортой “Нярайн эмгэг”-ийн  тасаг, Өвөрхангай аймгийн халдвартын эмнэлгийн барилга, БГД-ийн ЭМТ-ийн 100 ортой эмнэлгийн барилга, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн “Нярайн тасаг-ийг дэлхийн жишигт нийцүүлэн тус тус ашиглалтанд оруулан эхийн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний  чанарт ахиц гаргав.

·         Эрүүл мэнд, спортын яам нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй ЭМБ-дад олгох санхүүжилтийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьсны үр дүнд  2012 онд 72,4 тэрбум төгрөг байсныг 2016 онд 105,6 тэрбум төгрөг болгон 45 хувиар нэмэгдүүлэн батлуулав.

                              Эмийн өрийг тэглэж, эрүүлжүүлэх байрыг  цагдаагийн байгуулга руу шилжүүлэв

·         Улсын хэмжээнд  эмнэлгүүдэд үүсээд байсан 7.3 тэрбумын эмийг өрийг тэглүүлж, эмийн төсвийг дахин 13 тэрбумаар нэмэгдүүлэв. Ингэснээр 2015 оны эмийн төсөв 73 тэрбум төгрөг болж нэмэгдэн. Ирэх оны төсөвт  түүхэндээ анх удаа эрүүл мэндийн салбарын эмийн төсвийг 86 тэрбум төгрөгөөр батлуулав.

·         Эрүүл мэндийн байгууллага эрүүлжүүлэх байр болж байсан явдлыг таслан зогсоож,  Засгийн газрын түвшинд хэлэцүүлэн  эрүүлжүүлэх байрыг эргүүлэн цагдаагийн  байгууллага руу шилжүүлэв.

·         Сар бүрийн 3-нийг  "Цусаа бэлгэлэх үндэсний өдөр"  болгосноор  цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэв.

·         Эрүүл мэндийн даатгалын хуулиар  иргэн  бүр эрүүл мэндийн даатгалаараа жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй авч чаддаг болж, хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүдэд эрхээ шилжүүлэх боломжийг бүрдүүлж өгөв.

                  Анх удаа Хүүхдийн спортын их наадмыг Олимпийн наадмын жишгээр зохион байгуулав

·         Хүүхдийн спортын их наадмыг анх удаа Олимпийн наадмын жишгээр 42 спортын төрлөөр зохион байгуулж, улсын хэмжээнд 110.0 мянга гаруй өсвөрийн тамирчид оролцов. Эрүүл мэнд, спортын сайдын багцаас 400.0 сая төгрөгийн санхүүжилтээр эрх авах болон шигшээ тэмцээнүүд зохиогдов.

 

·         “Монголын хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын наадмыг дөрвөн жил тутам тус тус зохион байгуулна” гэж заасны дагуу төрөөс үндэсний хэмжээний спортын тэмцээн наадмыг тогтмол зохион байгуулав.  Ирэх онд Монголын Бүх ард түмний спортын XIY их наадмыг зохион байгуулахаар батлуулав.

·         Ирэх онд “Рио-2016”  олимпийн наадам болохтой холбоотойгоор үндэсний шигшээ багийн тамирчдийг олимпийн наадмын өмнө аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийт хүн амын дунд хөгжсөн спортын төрлүүдийг их наадмын хөтөлбөрт оруулах, нийгмийн бүхий л салбарын оролцоог хангах,  бүх насныхан оролцох боломжийг бүрдүүлсэн  спортын төрлүүдийн зааврыг боловсруулж байна.

             Иргэн  бүрийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хамтдаа ажиллацгаая.

                                                     ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН  ЯАМ