Монгол Улс Оюутолгойн ордоос 30 жилийн дараа л ногдол ашиг авна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаа дөхсөөр байна. Энэ парламентын хугацаа дуусахад ганцхан сарын чуулган үлдлээ. Намрын чуулганыг хэр үр дүнтэй хуралдсан гэж харж байна вэ?
-УИХ-ын намрын чуулган тийм ч үр дүнтэй хуралдаж чадсангүй. Мэдээж олон хууль баталсан юм шиг харагдаж байгаа байх. Гэвч үр дүн гарах хууль энд цөөхөн байлаа. Хуралдаж эхэлсэн цагаасаа л сандал суудлын асуудал ярьж, цаг хугацаа авлаа. Баталж байгаа хуулийн төслүүд нь амьдралд нийцэхгүй, хөрсөн дээрээ буугаагүй тооцоо судалгаагүй хуулийн төслүүд байдаг. Хэлэлцэх ёстой хуулийн төсөл гэхээс илүүтэй эрх баригчид өөрсдийнхөө дуртай, мөнгө үнэртсэн хуулийн төслүүдийг оруулж ирж байгаа юм. Наадмын урд өдөр Халх голын 500 мянган га-д чөлөөт бүс байгуулах тухай алдаатай тогтоол баталсан.
Энэ тогтоолыг засахаар УИХ-ын нэр бүхий 10 гаруй гишүүд тогтоолын төсөл өргөн барихаар боллоо. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх болов уу. Чөлөөт бүс гэдэг аливаа улс оронд багахан хэмжээнд байдаг. Манайх шиг ийм олон мянган га-д чөлөөт бүс байгуулдаг газар нэг ч байхгүй. Бид л ухаантайдаа бусдаас онцгой стандарт бус зүйл хийж байгаа юм. Олон улсын жишгийн дагуу органик үйлдвэрлэлийн бүс нутаг болгоод, малаа эрүүлжүүлж, газар тариалангийн бүсдээ генийн өөрчлөлтгүй хүнсний ногоо тариалаад, химийн бодис ашиглахгүй тариалсан цэвэр хүнсний бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна гадагшаа экспортод гаргах ёстой юм. УИХ-ын баталсан тогтоол арай л амьдралд нийцэхгүй байгаа. Энэ мэт маш хариуцлагагүй хуулийн төслийг баяр ёслол дөхөхөөр батлан гаргадаг жишиг парламентад тогтчихлоо. Би хувьдаа намрын чуулганд хангалттай гэсэн дүн тавьж чадахгүй.
-Оюутолгойн асуудлаар цөөн хэдэн гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тэдний нэг нь та. Ямар шалтгаанаар эсэргүүцээд байгаа юм бэ. Бид үнэхээр 30 жил энэ ордоос ямар ч ашиг авахгүй гэж үү?
-Хоёр хоногийн өмнө Монгол Улс Оюутолгойгоо гадны 15 банкны барьцаанд тавьчихлаа. Өөрийнхөө хувийг бас лицензтэйгээ хамт барьцаанд тавьсан. Тархи угаалт маш их байгаа. Хямралаар далимдуулж баялгийг маань үндсэндээ дээрэмдчихлээ. Монгол Улс гэрээнийхээ 30 жилд ашиг хүртэж чадахгүй. Гэрээ 2009 онд байгуулагдсан. 2039 онд эхний 30 жил дуусна. 2037 онд эхний ногдол ашгаа авна. Засгийн газар өөрсдөө үүнийг хэлсэн. Бид хэлүүлж чадсан юм. Та бүхэн миний фэйсбүүк хаяг дээр байгаа бичлэгийг үзээрэй. Миний Ерөнхий сайдаас асуусан ногдол ашгаа хэзээ авах вэ гэсэн асуултад 2037 онд гэж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хариулсан байгаа. Ч.Сайханбилэг гэдэг энэ Ерөнхий сайд Монгол Улсын гэхээс илүүтэй гадны гар хөл болсон Ерөнхий сайд гэж хэлж болно. С.Баярцогт 2009 онд муу гэрээ хийсэн. Үүнийг нь Ч.Сайханбилэг улам муу болголоо.
Монголчуудыг доромжилж, дээрэлхэж байна даа. Дубайд үзэглэсэн шинэ төлөвлөгөө нэртэй хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудлыг уншаагүй учраас хүмүүс сайхан үгэнд нь итгээд байгаа юм. Эдийн засаг хямарч байгаа нь Оюутолгой хөдлөхгүй байгаагаас болж байгаа гэдэг тархи угаалтыг хийсний хүчинд хүмүүс “За тэр орд нь яваг. Бидний амьдралд хэдэн төгрөг ч гэсэн орж ирэх юм бил үү. Амьдрал маань өөрчлөгдөх ч юм бил үү” гэсэн гэнэн бодолтой болсон. Оюутолгой нэг ч өдөр зогсоогүй. Явдгаараа явж байгаа. Ил уурхайн яваад, өнгөрсөн жил гэхэд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийгдчихсэн.
Түүний дөнгөж тавхан хувь нь манайд орж ирсэн. Дахин хэлье. Оюутолгой нэг ч өдөр зогсоогүй шүү. Гэтэл таг зогсчихоод одоо хөдөлгөж байгаа юм шиг ярих юм. Ерөнхий сайд анх гарч ирэхдээ л ийм мессэж өгсөн л дөө. Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслүүдээ хөдөлгөх үү гэж ард түмнээс мессежээр санал авсан. Тэр санал асуулгын цаана ингэж хүчээр явуулах зорилго агуулагдаж байж. Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Үндсэн хуульд заасны дагуу том ордоо Монголын ард түмэн ашиглаж чадахаа боллоо. Нэг ёсондоо гадны өмч болчихлоо. Дэлхийд алтаараа нэгд орох том ордоо барьцаанд тавиад, өр тавьснаа баяр ёслолын байдалтай хүлээж авлаа шүү дээ.
Одоо амьдрал сайхан болно гэж ярих л байх. Түүн шиг худлаа юм байхгүй. Үнэнд гүйцэгдэнэ. Үнэн бол айл өрхийн гэрт ороод ширээн дээр нь байгаа идэх хоолыг харахад л тодорхой байгаа. Баялгийнхаа дөнгөж тавхан хувийг авч байж юуных нь хямралаас гарах вэ. Цаашдаа хямрал улам бүр даамжирна. Монгол Улс Оюутолгойн борлуулалтаас жилдээ таван хувийн хусам хүртээд гэрээний 30 жилд ногдол хувь, цэвэр ашиг хүртэж чадахааргүй болсон нь үнэн. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын Засгийн газар Монголын авах ногдол ашгийг 15 жилээр хойшлуулах эрхтэй юм уу.
-Нэг ёсондоо эдийн засаг дампуурлаа, хэцүүдлээ гэж ярьж байгаад энэ ордыг чимээгүйхэн барьцаанд тавьчихлаа гэж хэлэх гээд байна уу. Үнэндээ том ордуудын нэг нь ч гэсэн хөдөлчихвөл бидний амьдралд өөрчлөлт гарах болов уу гэж бид хүлээж л байна. Найман хувийн зээлтэй нэг ч гэсэн залуу эргээд уурхайн ажилдаа орвол тэр л том амжилт шүү дээ?
-Өнгөрсөн жил Аргентин улсын Гадаад хэргийн яамны дэд сайд аливаа улс орон өөрсдийнхөө нөөц боломж, оюун ухаанд найдаж байж хөгжихөөс бус, гадны заавар зөвлөмжинд дулдуйдаж болдоггүйг Аргентин улс биеэр үзсэн гэж хэлж билээ. Үнэхээр 10 гаруй жилийн өмнө Аргентинд эдийн засгийн хямрал даамжирч, иргэд нь дэлгүүрийн цонх хагалж, дээрэм тонуул гаарч байсан. Тэр хүн хэлэхдээ, бид Олон улсын валютын сан, Дэлхийн банкны заавар, зөвлөгөөг дагах тусам бидний өр их болж, байдал хүндэрсэн. Ингээд мөнгөнийхөө хэрээр амьдрах ёстойг ухаарч, бүсээ чангалснаар эдийн засгаа тогтворжуулж эхэлсэн.
Жижиг орнуудыг ялангуяа уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орныг нэг хэсэг эдийн засгийг нь солонгоруулан хөөсрүүлж, хөөрөгдөж байгаад гэнэт гадна талд экспортыг нь боомилно. Энэ үед их хэрэглээнд дассан улс хямарч, хэцүү байдалд орно. Тэр цагт гадныхан өөрсдийн бүх тулгалтыг хийж байгалийн баялаг, ашигт малтмалыг нь үнэгүйдүүлж авах хууль, гэрээ бүхнийг гүйцэлдүүлдэг гэж хэлж билээ. Ялангуяа төр засгийн өндөрлөгт авлигач хүмүүс байгаа бол гэж бүр онцолж хэлсэн шүү.
Манайхыг бараг л мэдэж байгаа юм шиг хэлсэн. Үүнийг Шангрила зочид буудалд Оюу толгойгоо барьцаанд тавьсан гэрээнд гарын үсэг зурж, бүх хэвлэл мэдээллээр цацаж буй тархи угаалт бэлхнээ гэрчилнэ. Ард түмний амьдрал хэцүүдлээ, цалингаа тавьж чадахгүйд хүрлээ гэж баахан сенсаацилсан. Эдийн засаг хэцүүдлээ гээд байхаар ард түмэн мэдээж сандарч эхэлнэ. Том орд явчихвал нээрээ ч амьдрал маань сайжрах юм болов уу, тэгвэл муу сайн нь хамаагүй тэр ордын ажлыг явуулах нь дээр гэж үздэг. Энэ бол гадны хар технологи. Яг л Аргентин улсын жишээг Монгол Улсад давтаж байна.
-Оюутолгойн гэрээ үнэхээр алдаатай юм бол энд суугаа гишүүд юу хийгээд байгаа юм бэ. Таван гишүүн гараад мэдээлэл хийхээр та нарыг популист, ард түмэнд таалагдах гэж худлаа шоу хийж байна гэж харах юм байна шүү дээ. Парламентын ядахдаа 20 хувь нь эсэргүүцвэл үнэхээр юу болов гээд харах л байх?
-Цөөхөн гэдэг нь үнэн л дээ. Бие даагч гурван гишүүн байгаа. Намуудаас ганц нэг гишүүд нэмэгддэг юм. Гарын таван хуруунд багтах гишүүд байгаа. Энэ цөөхөн гишүүнээс болж хөрөнгө оруулалт зогсоод, эдийн засаг хямарчихдаг бол ямар сул эдийн засаг вэ. Энэ зүгээр л далим. Би популизм хийх сонирхолтой хүн биш. Олон жил бизнес хийсний хувьд төлбөрөө хэдэн хувийг нь өгөөд хэдэн хувьд нь татвараа авах, харилцан ашигтай бизнес ямар зарчмаар явдаг вэ гэдгийг дэндүү сайн мэднэ.
Дэндүү муухайгаар шулуулж байгаадаа харамсч байна. Хоёр хоногийн өмнөөс үнэ цэнэтэй зүйлээ алдчихлаа гэж бодохоос гол харлаж байгаа. Биднийг юу ч гэж хэлсэн, эх орныхоо баялгийн төлөө, үр хойчийнхоо ирээдүйн төлөө тэмцсээр байх болно. Үнэний төлөөх тэмцэлд хүч хүрэхгүй үе гардаг л юм. Бидний үгийг зориуд мушгих, популизм гэж харагдуулах гэж хичээж байгааг мэднэ. Гэхдээ тэглээ гээд бууж өгөхгүй. Энэ парламентад суугаа дийлэнх гишүүд дэндүү бэртэгчин. Хувийн эрх ашиг нь хангагдаж байвал болоо гэсэн сэтгэлээр ханддаг. “За яршиг” гэсэн сэтгэлгээ тэдэнд суучихаж. Сонгууль болохоор ард түмний төлөө, та нарынхаа санал бодлыг төрд уламжилна гэж гарч ирдэг атлаа өнөөдөр хэн ч дуугарахгүй байна шүү дээ.
Төрд орж ирэхдээ би ийм дампуу гэж ёстой бодоогүй. Манай хөдөөгийн малчдын амархаан гаргачих шийдлийг ч гаргаж чадахгүй хүмүүс тэднийг төлөөлөөд энэ төрд сууж байна шүү дээ. Буруу аргаар мөнгөжсөн учраас өөрсдийг нь илчлэх вий гэдгээс эмээж үнэний төлөө дуугарч чадахгүй байгаа. Үүнийг нь улстөрд “төмсөгдүүлэх” гэж ярьдаг юм. “Төмсөгнөөсөө уюулчихсан” хүмүүс энэ төрд олон байгаа. Тэднийг сонгуулиар цэвэршүүлнэ гэж ярьдаг. Тийм зүйл болохгүй дээ. Нэлээд тэмцэл болж байж л цэвэршинэ. Яагаад гэвэл мөнгөтэй хүмүүс чинь мөнгө төлөөд л сонгогддог болсон шүү дээ.
Өөрсдөө дахиад сонгогдохын тулд хуулиа өөрчлөх гэж улайрч, ажил хаяж хүртэл тэмцэж байгаа та бүхэн харж байгаа байлгүй. Бүх намууд л Оюутолгойн гэрээг сайн болгоно гэж амласан. Гэтэл нэг нь ч хэрэгжүүлсэнгүй. Ийм муухай дээрэм явуулж байхад нэг ч улс төрийн хүчин зоригтой мэдэгдэл хийхгүй байгаа юм. Оюутолгой, Засгийн газартай хувийн эрх ашгаараа холбогдсон хүмүүс зөндөө байна. Би хувьдаа муу гэрээний цаана өргөн хүрээний авлига байгаа гэж боддог. Тийм ч учраас муу гэрээг ичиж, эмээхгүйгээр хийж чадаж байгаа юм. Цаг хугацаа бүхнийг харуулна. Тэд үнэнд гүйцэгдэх цаг ирнэ.
-Оюутолгойн дараа анхаарал татах асуудал Сонгуулийн хууль болж байна. МАН-ынхан хоёр долоо хоног ажил хаяад өнөөдөр тохиролцоонд хүрч байгаа бололтой. Таны хэлсэнчлэн мөнгөтэй улстөрчид өөрт тохируулж хууль батлуулах гэж улайрч байна уу даа?
-Сонгуулийн хуулиар маш их маргаан мэтгэлцээн явж байгаа. Намууд их ач холбогдол өгч байгааг та бүхэн харж байгаа болов уу. Гурван нам гурвуулаа хуулийн төсөл өргөн барилаа. Тэгээд бие биеэ шантаажилж байна. Оюутолгойгоо гадагшаа тавиад туучихсан байхад сөрөг хүчин энэ асуудлыг огтхон ч тоохгүй байгаа.
Сонгуулийн хуульд яагаад ач холбогдол өгөөд байна вэ гэхээр ирэх сонгуульд бид хэрхэн сонгогдох вэ гэдгээ л бодож байгаа хэрэг. Өөрт ашигтайгаар хуулийг өөрчилж, дахин сонгогдох арга саамыг тэд эрэлхийлж байгаа юм. УИХ-аар баталсан ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулж байхад хажуугаар нь улс төрийн намууд хууль боловсруулж, түүгээрээ улс төрийн шантааж хийнэ гэдэг чинь сонгуульд хэрхэн ялах вэ гэдгээс өөр юу ч бодохгүй байгааг харуулж байна. 2012 оны Сонгуулийн хууль харьцангуй сайн хууль. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт оруулаад явчихвал зүгээр болов уу.
Хар машины хяналтын тооллогыг 50 хувьд хүргэх, намын жагсаалтаар орж ирдэг нэр дэвшигчдийг иргэдээс санал авдаг болгох гэсэн хоёр том өөрчлөлт хийхэд л болно. Өнгөрсөн дөрвөн жилд энэ хоёр асуудлаас болж л маргалдаж, улстөржсөн шүү дээ. Том хуулийг дахин шинээр батлах цаг хугацаа ч үлдсэнгүй. Үнэхээр тохиролцож байгаа бол энэ хоёр асуудлыг шийдэх нь чухал. Тойрог жижиглэж болохгүй. Мөнгөний л сонгууль болно.
-Хар машинаар луйвардаж гэж байна гэсэн улс төр сүүлийн үед анхаарал татлаа. Хар машинаас болж энэ төрд гурван бие даагч, 25 сөрөг хүчин, 10 гаруй гуравдагч улс төрийн хүчин сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж та харж байна уу. Тойрогтоо ажиллахад иргэд юу ярих юм?
-Хар машинаар луйвардлаа гэж ярих хүн цөөхөн байна лээ. Хар машин бол технологийн дэвшил. Манай аймагт хоёр газар хяналтын тооллого хийхэд зөрөхгүй гарч байсан. Шударга тоолсон гэж би хувьдаа бодоод байгаа юм. Хуучин гараар тоолохдоо бөгж, урт хумсандаа балны үзүүр хавчуулж маш олон саналын хуудсыг хүчингүй болгох гэх мэтээр луйвар хийдэг байсан. Хар машин тоолохын хувьд зөв тоолдог. Алсын зайнаас гаднаас удирдаж байгаа талаар хэлж мэдэхгүй юм. Баталгаатай болгохын тулд хяналтын тооллогыг ядахдаа 40 хувьд нь хийчихвэл улс төрийн намуудын хардлага байхгүй болно. Тэгэхээр саналыг тоолоход хяналтын тооллого явуулах, одоо байгаа хувийг илүү өндөр тавиад өгчихвөл асуудал шийдэгдчихнэ. Улс төр хийж, асуудал болгоод байх зүйл биш. Сонгуулийн нэг машины төлөө гадаа жагсч байгаа намууд яагаад Оюутолгойг дээрэмдүүлж байхад үг хэлэхгүй байна вэ гэдгийг л гайхаад байгаа юм.
-Таны хувьд ирэх сонгуульд хэр бэлтгэж байна. Нэр дэвших үү?
-Бэлтгэж эхлээгүй байна. Дэвших, дэвшихгүйгээ шийдээгүй байгаа. Төрийн ажил ийм луйврын байдлаар явдаг юм бол энд байгаад ч яах юм гэж бодогдох юм. Бидний цаг үед энэ төр өөрчлөгдөхгүй бололтой. Тодорхой цаг хугацааны дараа залуус гарч ирэхэд төр өөрчлөгдөх байх. Бие даагчид төрд байх нь чухал. Бид гурав дэндүү цөөхөн байгаа юм.
Ядахдаа наймуулаа байсан бол олон зүйлийг өөрчлөх байсан даа. Төрийн эрх барьж буй улс төрийн нам хүчний болох болохгүйг хэлж, шүүмжилж, өнгөрсөн хугацаанд ард иргэдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэж ирсэн. Намд баригдах бол хэцүү. Гаргасан шийдвэрийг нь хувь хүний хуьд эсэргүүцдэг ч намын бүлгийн шийдвэрийг дагахаас өөр арга алга гэж хэлдэг гишүүд байдаг л юм. Намын удирдлагууд жирийн гишүүдээ хайрцаглаж буруу шийдвэр гаргадаг зүйл олон бий.
-Бие даагч гурван гишүүн улс төрийн шинэ нам болох ХҮН-д ирэх сонгуулиар элсч, тэндээс нэр дэвших тухай яриа гарсан байна лээ. Тийм зүйл төлөвлөсөн үү?
-ХҮН намыг сонгохгүй гэдгээ албан ёсоор хэлье. Энэ намыг барууны санхүүжилттэй нам гэж ярьдаг юм билээ. гуравдагч хүчнийг саармагжуулах гэсэн нам гэж ярьдаг. Магадгүй л юм. Тэд Оюутолгой, Гацууртын орд зэрэг ноцтой асуудалд байр сууриа илэрхийлдэггүй. Болохгүй, бүтэхгүй гэж ярьдаггүй юм. Олны үг ортой байж мэдэх юм. Би улс төрийн ийм сонголт хийхгүй гэдгээ албан ёсоор хэлье. Бид гурав нам байгуулах тухай бодсон зүйл алга. Гэхдээ ард түмний хүсэл бол нам байгуулаасай, тусдаа улс төрийн хүчин болоосой гэж хүсдэг юм билээ.