Хүүхдийн мөнгө, 1.5 сая төгрөг өгөхийг МАН дангаар шийдээгүй
МАН- ын дарга М.Энхболд
2015.12.15

Хүүхдийн мөнгө, 1.5 сая төгрөг өгөхийг МАН дангаар шийдээгүй

УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын III Бага хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

МАН-ын Бага хурлаар зургаан асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ. Нэгдүгээрт, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод ажил амьдралтай холбогдуулсан улс төрийн илтгэлийг М.Энхболд дарга тавьж, Удирдах зөвлөлийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан илтгэлийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат төлөөлөгчдөд танилцуулжээ. Мөн хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, боловсон хүчнүүдтэй хариуцлага тооцох журмыг шинэчилж, хэлэлцэн баталсан аж. 

 Удахгүй УИХ болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бүх шатны сонгуульд нэр дэвших хүнийг хэрхэн сонгох вэ гэдгийг намын хэмжээнд дагаж мөрдөх журмыг гаргажээ. Мөн хандив, татвар, хураамжийг намын хэмжээнд хэрхэн зохицуулах талаар санхүүжилтийн журам гаргахаар болсон байна. Төгсгөлд нь намын дотоод зохион байгуулалтыг хэлэлцсэн байна. Сонгууль дөхөж буйтай холбогдуулан намын бүх шатанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаад Бага хурлын гишүүд санал нэгджээ. Тэр дундаа УИХ болон орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн бэлтгэх, одоогийн боловсруулж байгаа хөтөлбөрөө яаж чанаржуулах вэ гэдэг талаар ярилцсан байна.

Зургаан сарын турш өрнүүлсэн “Бид хамтдаа” аян, долоо хоногийн хугацаатай өрнөсөн “Бид хамтдаа” үндэсний форумын үр дүнг эцсийн байдлаар үнэлж, цэгнэн иргэдийн саналыг сонсч, мөрийн хөтөлбөрөө боловсруулах нь зүйтэй гэсэн олонхийн санал гарчээ. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Бид улс орны хөгжил, иргэдийн аж амьдралыг сайжруулах асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахын зэрэгцээ одоогоос гурван жилийн өмнө эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байсан тэр хэмжээнд хүргэх талаар МАН ямар байр суурь баримталж ажиллах ёстой вэ. Гарсан алдаа завхралыг хэрхэн яаж засч залруулах вэ. Жил гаруйн дараа Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлөх гадаадад төлөх өр төлбөрийн асуудлыг хэрхэн төлөх вэ гэдгийг мөрийн хөтөлбөрт тухайн салбарын мэргэжилтнүүдийн санал дүгнэлтийг авч боловсруулах ёстой гэж шийдсэн” гэлээ.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахын тулд Гүйцэтгэх байгууллагын гишүүдийн тоог Бага хурлаар нэмэгдүүлжээ. Тухайлбал, баг, хорооны төвшинд намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчид 5-7 байсан бол 7- 9, сум, дүүрэгт 7-9 байсныг 9-11, аймаг, нийслэлийн хэмжээнд намын байгууллагын тэргүүлэгчид 7-13 байсан бол 13-17, Удирдах зөвлөлийн гишүүний тоо 21 байсныг 29-31 болгожээ. Түүнчлэн намын Нарийн бичгийн даргаар нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааг Удирдах зөвлөл- тэй уялдуулж ажиллах үүднээс МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарыг сонгожээ.

Дээр нь Удирдах зөвлөлийн гишүүнээр НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМОХ- ны Ерөнхийлөгч Д.Гантулга, МАН-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Сү.Батболд, Ша- дар сайд асан У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нарын найман хүнийг оруулжээ. МАН-ын Бага хурлын 310 гишүүнээс 195- 200 гишүүн өнгөрсөн бямба гаригийн хуралдаанд оролцож, санал бодлоо илэрхийлжээ. Ийнхүү намын дарга асуудлаа эв нэгдэлтэй, нэгдмэл бодлого, зорилготойгоор төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэлэлцсэнийг энэ үеэр тодотгож байлаа. МАН-ын дарга М.Энхболд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе. 

-Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ яаж сонгохоор шийдвэрлэсэн бэ?

-Нэр дэвшигчийг сонгож, шалгаруулах журмыг баталсан. Өмнө нь ч хандивын хэмжээгээр нь шууд нэр дэвшүүлдэг практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр тухайн тойрогтоо гарах магадлал өндөртэй нь хэн байна вэ гэдэгт төвлөрч ажилладаг. Бид шинэчилсэн журамдаа намын анхан шатны байгууллага, иргэдийн санал бодол ямар байгааг харгалзаж үзэх бодолтой байгаа. Иргэдэд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг нь харгалзан аймаг, нийслэлийн намын хороон дээр үр дүнг нь нэгтгэж, УИХ-ын нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутагт нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын байгууллага дээр ярилцаж, эцсийн шийдвэр гаргана.

-Намын санхүүжилтээ шилэн болгох чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Улс төрийн намууд УИХ-д эзэлж байгаа суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг төсвөөс авдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар хандивын асуудлыг сонгууль дөхөхөөр зохион байгуулна. Санхүүгээ бий болгож, энэ мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх ажлыг хийнэ. Манай намын санхүү намынхаа хүрээнд тодорхой байдаг. Бид өнөөдрийн дагаж, мөрдөж байгаа хуулийн дагуу гаргах ёстой бүх мэдээллийг ил гаргадаг.

-МАХН-тай нийлж сонгуульд оролцох талаар ярилцсан байх. Энэ талаар Бага хурлын гишүүд нэгдсэн шийдвэрт хүрэв үү?

-МАХН-ын тухайд хоёр намын 30 гаруй ахмад гишүүн “2016 оны сонгуулийн өмнө угшил нэгтэй хоёр нам хамтарч сонгуульд оролцох ёстой. Энэ талаар намын удирдлагууд санаачлагатай ажиллах хэрэгтэй байна” гэсэн бичгийг бидэнд өгсөн. Дараа нь намын идэвхтэн сонгуультан есөн залуу намын удирдлагуудад “МАХН-тай эвсэх асуудалд нухацтай хандах ёстой” гэсэн болгоомжлуулсан бичиг ирүүл- сэн. Хоёр намын удирдлага сүүлийн үед уулзаж, ярилцан, санал бодол солилцож байгаа зүйл бий. Ер нь сонгууль дөхсөн учраас намын дунд, анхан шатанд тухайн орон нутгийнхаа хэмжээнд МАХН- тай ойлголцож ажиллах үүрэг даалгавар өгсөн.

-Өмнөх Засгийн газрын үед иргэдэд бэлэн мөнгө олгож байсан нь буруу шийдвэр болсон гэх шүүмжлэл их гарах боллоо. Ер нь бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр үр дүнтэй болсон гэж та үздэг вэ?

-АН-ын дарга миний улс төрийн илтгэл дээр гарсан өгүүлбэртэй холбогдуулан таны асуулттай ойролцоо асуудлыг дэвшүүлж тавьсан. Би бол “Тооцоо судалгаагүй, зорилго бодлого нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулдаг юм байна. Ер нь тооцоо бодлогогүй зүйл аливааг муутгадаг буруутгадаг юм байна” гэсэн дүгнэлт хийсэн. Үүнтэй холбогдуулан АН- ын дарга өмнө нь тооцоо судалгаагүй 1.5 сая төгрөг, 21 мянган төгрөг иргэдэд өгч байсан. Хэзээ ч эргэж ирэхгүй ийм мөнгө зарж байсан гэсэн агуулгатай зүйл бичсэн байна лээ. Тухайн үедээ УИХ, Засгийн газрууд шийдвэр гаргаж, иргэдэд бэлэн мөнгө өгч байсан.

Үнэн хэрэгтээ гурван сая хүний ажил амьдралтай холбоотойгоор, хүндрэл бэрхшээл учирсан асуудалд тус нэмэр болохын тулд хийж байсан алхмууд. Төр улс гэж байдаг юм бол иргэдийн амьдрал ямар байна. Аргагүй хүндэрч байвал дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэдэг үүднээс хандаж байсан. Хүүхдийн мөнгө, 1.5 сая төгрөгийг МАН дангаар засаг барьж байхдаа шийдээгүй. Өнөөдөр дангаар шийдсэн мэт өнгө аясаар ярьж байна. Гэхдээ олгож байсан мөнгөнүүд иргэдийн амьдралд хэрхэн тус нэмэр болж байсныг олон түмэн орон нутагт явж байхад ярьж байна. Энэ мөнгө байхгүй болсноос амьдрал ахуй хэцүү боллоо гэж байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд үндсэндээ байхгүй боллоо.

Үүнээс улбаатай махны үнэ ямар болов, газар тариалангийн салбарын ололт амжилт өнөөдөр ямар хэмжээнд очив. Иргэдэд олгосон 1.5 сая төгрөгийн сүүлийн нэг сая төгрөгийг 2012, 2011 оны үед тодорхой хэмжээний зээл тавьж олгосон. Нүүрс экспортолж байгаа компанитай 350 сая ам.долларын гэрээ хэлцэл хийсэн. Ингэхдээ эргүүлж төлөх тооцоо судалгааг бүгдийг хийсэн байсан. Жишээ нь, Тавантолгойн Зүүн цанхийн дөрөвдүгээр үеийн нүүрсийг олборлож, борлуулж дуустал 10 жилийн хугацаанд Хятадын “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар зарнагэжгэрээхийсэн. Энэбол 350 сая ам.долларыг эргүүлж төлөх эх үүсвэрийн тооцоог хийчихсэн байсан гэсэн үг.

Гэтэл одоогийн эрх баригчид 2012 оны намраас “Энэ гэрээ бол Монгол Улсад ашиггүй, үр дүнгүй болсон” гэсээр хүчингүй болгож, өнөөдөр өөрсдөө 20 ам.доллараар зараад сууж байх жишээтэй. Өнөөдөр өр төлбөр нэлээд өссөн. Энэ мөнгийг эргээд төлнө. Тэр тоо- цоог нь хийхгүйгээр ҮАБ-ын зөвлөл “Чингис”, “Самурай” бондын мөнгийг эргэн төлөх, эдийн засаг бизнесийг дэмжсэн ийм төсөлд гуравны нэг хувь хүртэл зарцуулаарай гээд байхад гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй зарцуулсан. Жил гаруйн дараа эргүүлж төлөх асуудалд монголчууд бид хүнд байдалд орох нь.