Зөв хүнийг сонгож чадвал зөв шийдвэр гарч, улс орон  хөгжинө
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.12.15

Зөв хүнийг сонгож чадвал зөв шийдвэр гарч, улс орон хөгжинө

“Төрийн албаны дүрэм журам, үйл ажиллагаа, дэс дарааг мэддэг, ном журмаараа ахисан, аливаа ашиг сонирхлоос ангид, мэдлэг боловсролтой хүнийг жинхэнэ төрийн түшээ гэж үздэг.

Ийм хүн л төрд гарахад улс орноо  хөгжүүлэх урт хугацааны тогтвортой бодлого шийдвэрүүдийг зөв гаргаж чадна гэдгийг Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа онцолж байв.

“Монгол төрийн түшээ” хэлэлцүүлгийн хүрээнд түүнтэй цөөн хором ярилцлаа.

Танай салбарт төрийн зүгээс хийж буй бодлого шийдвэрүүд хэр ажил хэрэг болдог вэ?

Манай салбарын хувьд төрөөс гаргасан бодлогууд амьдрал дээр харьцангуй сайн ажил хэрэг болдог. Аль ч Засгийн газрын үед шинээр зам барьж байсан. Тухайлбал Мянганы зам, аймгийн төвүүдийг  нийслэлтэй холбох ажил  гээд л тодорхой үр дүнтэй ажлууд их бий.

Зам тээврийн салбарыг тэргүүлж буй хүмүүст ямар үнэлгээ өгөх вэ?

Сайн гэсэн үнэлгээ өгнө. Аль ч намын ямар ч сайд томилогдлоо гэсэн ТББ-тайгаа харьцангуй сайн хамтарч ажилладаг. Мэргэжлийн төрийн бус байгууллагыг сонсож, санаа оноогоо солилцон зөв шийдвэр гаргахын төлөө илэн далангүй ярилцдаг давуу талтай.

Салбарын сайд солигдоход халаа, сэлгээ хэр явагддаг бол?

Манай салбарт ч ийм тал бий. Засгийн газар, яамны сайд солигдоход доод тушаалтнууд ч бас солигдох нь хүндрэлтэй. Газрын дарга, мэргэжилтэн гээд л бүгд айдастай болж ажилдаа хандах хандлага нь ч өөрчлөгддөг. Энэ нь  хүмүүсийн сэтгэл зүйд нөлөө үзүүлж  дарамт  бий болдог.  Тиймээс ядаж дөрвөн жилдээ нэгэнт л гарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах  хэрэгтэй гэж үздэг.

Тэгвэл энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ?

Сонгуульд ялалт байгуулан, Засгийн газраа бүрдүүлсэн тохиолдолд тухайн дөрвөн жилдээ л өөрчлөгддөггүй баймаар. Үүний тулд ялсан нам Засгийн газраа бүрдүүлэхдээ анхнаасаа л зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй. Засгийн газар өөрчлөгдөн байнга халаа сэлгээ хийх нь улс орон, олон нийтэд хүндээр тусаж байна.  Алдаа гаргасан сайдыг халах нь зүйтэй. Гэхдээ л ерөнхийдөө тогтвортой байх ёстой.

Төрийг  удирдаж буй УИХ-ын гишүүд ямар төлөвшилтэй хүмүүс байх нь зүйтэй бол?

“Төрийн албаны дүрэм журам, үйл ажиллагаа, дэс дарааг мэддэг, ном журмаараа ахисан, аливаа ашиг сонирхлоос ангид, мэдлэг боловсролтой хүнийг жинхэнэ төрийн түшээ гэж үздэг. Ийм хүн л төрд гарахад улс орноо хөгжүүлэх урт хугацааны тогтвортой бодлого шийдвэрүүдийг зөв гаргаж чадна

“Ер нь төрийн албаар дамжсан, боловсролтой төлөвшсөн хүн байх нь зүйтэй”.

Сонгуульд санал өгөхдөө ямар зарчим  баримтлан сонголтоо хийдэг вэ?  Бид зөв хүнээ сонгож чадаж байна уу?

Өөрийн үзэл бодлоороо тухайн хүнийг ажиглан, тодорхой дүгнэлт хийсний үндсэн дээр саналаа өгдөг. Тухайн нэр дэвшигч ямар менежмент хийж хүмүүсийн саналыг авч байгаа нь бас авьяас шүү дээ. Харин гарсныхаа дараа улсдаа хэрэгтэй, сайн ажиллах нь  чухал.

Зөв хүнийг сонгож чадвал зөв шийдвэр гарч улс орон  хөгжинө. Иргэд ч сэтгэл амар ажиллаж ,тайван амьдрах болно.

Бизнесийнхэн л төрд гарч байна гэж үздэг хүмүүс бий. Үүнтэй санал нийлэх үү?

Бизнесийнхэн гарах магадлал өндөр. Боловсролтой хүмүүс ихэвчлэн өөрсдийн салбар, чиглэлээр дагнан ажилладаг, төдийлөн улс төрд гарахыг боддоггүй.

Бизнесменүүд улс төрд орох нь нэг талаараа зөв. Өөр өөрийн арга барилтай. Түүнийхээ дагуу л удирддаг. Хувийн байгууллагаа удирдаж сурсан хүмүүс харьцангуй хурдтай ажилладаг. Гэхдээ тухайн тухайн салбарынхаа мэдлэг чадвартай, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэн хамтран ажиллах хэрэгтэй.

Гэхдээ салбарын ТББ-ууд сайн ажиллаж, салбар бүрээсээ лидерээ гарган нэр дэвшүүлэх боломжтой”.

100 хувь төгс хүн гэж байдаггүй. Сайн ажилладаг хүмүүсийн дундаас шалгарсан хүнийгээ л нэр дэвшүүлж, гаргаж ирэх хэрэгтэй. Ихэвчлэн ТББ-уудад салбартаа сэтгэлтэй,  мэргэжилдээ сонирхолтой хүмүүс ажилладаг. Нэг талаас ийм хүмүүсийг гаргаснаар салбарынхаа тулгамдаж  буй бодит асуудлыг бодлого шийдвэр, хууль тогтоомж  гаргахад тусгаад явах бүрэн боломжтой гэж харж байна.

Эмэгтэй хүн улс төрд байхыг та хэрхэн хардаг вэ?

Хүн үүсэхдээ эр, эм хоёр хүнээс үүсдэг болохоор эмэгтэй хүн байж бололгүй л яахав. Эрэгтэй хүн аливаа асуудлын гарцыг гаргахдаа сайн байдаг. Тиймээс зохих хэмжээндээ л эмэгтэй улс төрчид байх нь зохистой санагддаг.