Үндсэн хуулийн цэц самарч дууслаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд валютын ханшийг Монголбанк бодлогоор зохицуулна гэсэн заалт оруулж байгааг дэмжинэ гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Тэрбээр “Монголбанкны удирдлагууд валютын ханшийн зохицуулалтыг хариуцдаггүй гэсэн хариуцлагагүй гэж мэдэгдэж байсан. Аливаа улс орон экспортын чиг баримжаатай юу, импортын чиг баримжаатай юу гэдгээс хамаарч, валютын ханшаа зохицуулах зорилтоо тодорхойлж байдаг.
Манайх шиг импортын хэрэглээ өндөртэй оронд үндэсний мөнгөн тэмдэгт чанга байх ёстой” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даагчид дэмжих гэнэ. Хуулийн төсөлд харваачдад улсын цол тэмдэг олгох асуудлыг тусгасан байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 600 км-ээс алслагдсан байвал татварын хөнгөлөлт эдлэх асуудлыг тусгасан тул бие даагчид дэмжих байр суурьд нэгджээ.
Харин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй юм байна. Хуулийн төсөлд долдугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор тусгасан. Ц.Даваасүрэн гишүүн Анхдугаар Үндсэн хууль баталсан буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны Улс тунхагласны өдрөө тэмдэглэдэг байх нь зөв гэсэн байр суурьтай байна.Түүнчлэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон зээлийн барьцаатай холбоотой цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Үндсэн хуулийн цэц самарч дууслаа.
Яаж ч бодсон иргэн барьцаанд байгаа байраа зарна гээд яаж байх вэ дээ. Тэгээд зээлтэй, өртэй байрыг хэн авах юм бэ. Ийм утгагүй юм ярьж байх гэж. Засгийн газын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хүртэл болиулсан. Үүний зэрэгцээ орон нутагт ажиллах үеэрээ Сонгуулийн тухай хуулиар иргэдийн санаа бодлыг сонсоход намын жагсаалтыг буруушааж, “Сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа өөрчилдөг байж болохгүй” гэцгээж байжээ. Бие даагчид ч үүнтэй байр суурь нэг байна гэлээ.