Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа
2015.12.08

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.08/ хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан.

Мэдээллийг тус Комиссын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хийсэн юм.

 

Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан бөгөөд Комиссын даргаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл, мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай,Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Монголын Хуульчдын холбооноос хуульч Д.Батсүх, З.Сүхбаатар нар орж ажилласан. Комиссын бүрэлдэхүүнд орсонНийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагдсан Комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахаас татгалзсан хэмээн мэдээллийн эхэнд дурдсан.

Тэрбээр, Комисс нь дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар 2015 оны 9 дүгээр сарын 02, 16; 10 дугаар сарын 29, 30; 11 дүгээр сарын 9, 17; 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж, 2015 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болон нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 407 дугаар ангиудад тус тус очиж Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан гээд энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэнболохыг онцолсон юм.

 

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын мэдээлснээр, “Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагджээ.

Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагджээ.

Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулж үүнээс, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих, баривчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж сулласан 36.1 хувь буюу 1370, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 45.1 хувь буюу 1713 ялтан байна.

Баривчлах, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нийт 6974 ялтнаас 6308 ялтан буюу 90.4 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас чөлөөлжээ.

Хорихоос өөр төрлийн ял /торгох, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх/ шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, баримт бичгийг прокурор хянаж, үүнээс 91.3 хувь буюу 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг, материалыг прокурор хянаж 90.2 хувь буюу 4984 ялтны ялыг хуульд хамруулан үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Тэрбээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Үүнээс нийт 2071 ялтныг дэглэмээр авч үзвэл, баривчлах ялтан 143, жирийн дэглэмийн 1492, чанга дэглэмийн 409, онцгой дэглэмийн 25, гяндангийн 2 ялтан суллагдсан байна. Мөн гадаад улсын харьяат 9 ялтан тус хуульд хамрагдсан болохыг дуулгасан.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тахарын алба, түүний харьяа орон нутаг дахь тойрог, хэсгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа хорих ангиас суллагдсан 107, цагдан хорих байрнаас суллагдсан 45 иргэнийг орон нутаг дахь харьяалах Цагдаагийн албанд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангид суллагдсан 38 иргэнийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангиас суллагдсан 26 иргэнийг харьяа орон нутгийн Цагдаагийн албанд, Дамжин өнгөрүүлэх хорих ангиас суллагдсан ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 1, Филиппин улсын 1, нийт гадаадын 8 иргэний Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албадан гаргах хэлтсийн холбогдох албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэж өгсөн талаар мэдээлэлдээ мөн дурдсан.

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор тус газрын хамгаалалтад байсан гэрч, хохирогч нарын аюулгүй байдалд заналхийлсэн этгээдүүдээс хорих ялаар шийтгүүлсэн 4, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас тус бүр 1, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан иргэн 1, нийт 7 арга хэмжээ цуцлагдсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд /хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2/ холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байна. Тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл 3 иргэнийг ”Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад, 6 иргэнийг “Заюу тайж” төрийн бус байгууллагад, Орхон аймагт 2 иргэнийг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх 81.451 иргэн мэдээллийн санд бүртгэгдсэнээс Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэлээр эрх хасуулсан 80.281, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар эрхээ хасуулсан 1170 жолооч байна. Үүнээс 52.938 иргэний жолоодох эрхийн үнэмлэх олгох материалыг хүлээн авч, 45.630 жолоочийн үнэмлэхийг шинээр хэвлэн олгож, Лицензийн төвийн санд хадгалагдаж байсан 8795 жолоочийг үнэмлэхийг буцаан олгох үйлчилгээг үзүүлжээ. Ял шийтгэл шийтгэгдсэн этгээдээс эрхээ хасуулсан санд бүртгэлтэй жолоочийн 896, жолоочийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй боловч шүүхээс эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 147 иргэний эрхийг тус тус сэргээгээд буй юм байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн теле камерын хяналтаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нийт 204.741 зөрчлийг илрүүлснээс 111.262 зөрчилд 966.110.000 /есөн зуун жаран зургаан сая нэг зуун арван мянга/ төгрөг торгууль төлөгдсөнөөс 93.479 зөрчлийн 821.791.000 /найман зуун хорин нэгэн сая долоон зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Мөн бэлэн бус хэлбэрээр 236.121 зөрчилд 2.240.355.625 /хоёр тэрбум хоёр зуун дөчин сая гурван зуун тавин таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн торгууль нөхөн төлөгдөөгүй байсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүчингүй болгожээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Комиссын дарга болон гишүүдээс гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэхээр нэрсээ өгөөд байсан бөгөөд энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн тул байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.