2008.09.01

Шинэ спикерт Д.Ганхуяг гишүүн хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын даргаар өчигдөрхөн томилогдсон Д.Дэмбэрэлд хамгийн түрүүнд Д.Ганхуяг гишүүн нэгэн хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд УИХ-ын төрийн бодлого тодорхойлох болон бусад үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байх үндсэн зарчмыг баримтлах, парламентын бодлого боловсруулах явцыг байнга боловсронгуй болгох, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг Зохион байгуулалтын байнгын хороо болгон өөрчлөх зэргийг дурьджээ. Д.Ганхуяг гишүүн уг гаргасан хүсэлтээ доорхи зүйлүүдийг үндэслэн тавьсан аж.

Нэгд

УИХ-ын Зохион байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ихэнх нь парламент дахь улс төрийн албан тушаалтнаас бүрдэнэ. Одоогоор УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо байгаа боловч энэ хороо нь парламентын зүгээс гүйцэтгэх засаглалыг байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг үндсэн ажлыг хариуцдаг тул энгийн гишүүдээс бүрдэж байгаа.

  • Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэх, бусад байнгын хороодоор хэлэлцсэн хуулийн төслийг нэгдсэн чуулганд оруулах болон нэгдсэн чуулганаар хэлэлцсэн хуулийн төслийг бусад байнгын хороодод шилжүүлэх дарааллыг тогтоох, байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтох,
  • Төрийн бодлогын оновчтой шийдвэрийн төлөө парламент дахь мэтгэлцээнийг идэвхжүүлэх зорилт бүхий цөөнхийн асуултын Ерөнхий сайдын хариултыг сонсох хуралдааныг зохион байгуулах, УИХ-ын гишүүний Засгийн газрын гишүүнд тавьсан асуултын хариулт, тайланг хэлэлцэх, сонсох хурлыг зохион байгуулах,
  • Парламентын тухай хуульд тайлбар хийх, хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, суурь хуулийн төслийн үзэл баримтлалыг сонсч хэлэлцэж эхлэх эсэхийг шийдэх, нээлттэй хэлэлцүүлэг болон сонсголыг зохион байгуулах, УИХ-ын гишүүд дотоод, гадаад томилолт болон ирц бүрдүүлэх асуудал, УИХ-д иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл, өргөх бичгийн талаархи хариулт, тайлан сонсох.
Хоёрт

Парламентын өөрийнх нь бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой парламентын тухай, парламентын хуралдааны дэгийн тухай, тамгын газар, УИХ-ын болон Засгийн газрын хуулийн газрын тухай, эдгээр газруудын ажилтны байнгын орон тоо, парламентын төсөв, төсвийн гүйцэтгэлийн тухай зэрэг хууль, тогтоомжийг байнга боловсронгуй болгох. УИХ-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоо, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчилснаар УИХ-д орж ирж байгаа хуулийн төслийн хууль зүй, хэлзүйн боловсруулалт сайжирч, УИХ-ын үйл ажиллагаа шуурхай болж УИХ-аас гарч буй хууль нь чанарын шаардлага хангах түвшинд хүрэх боломж нэмэгдэх.

Гуравт

Нэгдсэн чуулган болон байнгын хороо, дэд хорооны хуралдаан олонхи цөөнхийн маргаан, мэтгэлцээнээс болж зогсоход байнга хуралдаж парламентын үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах үүргийг энэ байнгын хороо хариуцдаг. Гэтэл манай УИХ-д албан ёсны ийм бүтэц байхгүй тул парламентын үйл ажиллагааг тасалдуулахгүйн үүднээс ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь олон нийтэд нээлттэй бус байсаар байна.

Дээрхи үндэслэлээр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох зорилго бүхий УИХ-ын Зохион байгуулалтын байнгын хороог байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр төрийн бодлого боловсруулах явц, УИХ-аас гарч байгаа хууль, тогтоомжийн чанар, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал сайжран, олон нийтийн төрийн бодлого тодорхойлох явцад оролцох оролцоо хангагдан улмаар тэдний төрдөө итгэх итгэл сайжирна гэж үзэж байна.

Иймд дээрхи чиглэлээр шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдээс УИХ-ын тухай хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллуулахыг танаас хүсч байна" гэжээ.

М.Бат

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.