Д.Ганхуяг: Огт хэрэггүй асуудлаар УИХ-ыг гацаалаа гэж ойлгуулах зорилго эрх баригчдад байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.
-Танай намаас УИХ-д шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөөгүй, УИХ гацаад байгаа нь долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой. Халаагаа солилцож байгаа УИХ-ын бүрэлдэхүүнд байсан, дахин сонгогдсоны хувьд тэр өдрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Тайван жагсаал цуглааныг үймээн самуун болгохгүйгээр авч гарах хууль хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх засаглал хариуцах ёстой. Тэр өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Энэ санаачилгыг АН-ын удирдлага гаргасан. Хурлын өмнө хойно маргалдагч талууд тухайлбал эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайд, шаардлагатай бол АН-ын даргатай хамтраад тэдгээр иргэдэд хандаад "Асуудлыг тайван замаар шийдье, бид ширээний ард сууна..." гэх мэтчилэн гарч ирээд хэлчихсэн бол тэр өдөр үймээн самуун гарахгүй л байсан болов уу гэж иргэнийхээ хувьд бодож байна. Энэ бол хамгийн боломжтой гарц байсан байх аа.
-Жагсаал цуглааныг турхирсан, зохион байгуулсан гээд ч яригдаад л байгаа?
-Гол нь тэр жагсаал цуглаанд цагдаа, хүчнийхэн энгийн хүний жишгээр оролцсон гэх мэдээлэл байдаг. Бас олон хоригдол өршөөлөөр суллагдсан. Тэднээс ч энэ жагсаал цуглаанд оролцсон гэсэн албан бус мэдээлэл бий. Ер нь бол сонгууль шударга бус бол-сонд санал бодлоо илэрхийлэх, сонгох эрхээ хамгаалах гэж л хүмүүс очсон шүү дээ. Тэгээд Засгийн газрыг огцруулах хэлэлцүүлгийн үеэр "Хоригдоод байгаа 700, 800 орчим иргэний 500, 600 орчим нь сонгуульд саналаа өгөөгүй хүмүүс..." гэсэн мэдэгдэл хийгдсэн. Эндээс жагсаал цуглааны бүрэлдэхүүнийг харж болох байх.
-Одоо ч хоригдсоор байгаа хүмүүст зориулж нэг удаагийн Өршөөлийн хууль гаргах талаар танай нам ярьж байгаа. Манайх улстөрийн хоригдолтой орон мөн үү?
-Жагсаалд улстөрийн эрхээ эдлэх гэсэн хүмүүс л очсон шүү дээ. Тэр хүмүүсийг удаан хугацаагаар хориод байх юм бол улстөрийн хоригдол гэж үзэхээс өөр аргагүй. Ардчилсан орон юм бол тэднийг улстөрийн шалтгаанаар хорино гэдэг бол байшгүй юм. Жагсаал цуглаанд оролцогсод хэн ч байсан тэднийг батлан даалтад гаргах ёстой. Батлан даалтад гаргасан хүмүүсийг Монгол улсаас гаргахгүй байх бүрэн боломж бий. Өршөөлийн тухайд шүүхээр ялтай нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрлэх асуудал л даа.
-Хүний амь эрсэдсэн явдалд ямар байр суурьтай байна вэ?
-Онцгой байдал долдугаар сарын 02-ны 00.20 минут орчмоос эхэлсэн байдаг. Гэтэл 01.00-02.00 цагийн хооронд таван иргэн хэн нэгэнд байлдааны сумаар буудуулж нас барсан байдаг. Буудуулж шархдаад эмнэлэгт хэвтэж байгаа залуу хэлтсийн машины тухай ярьсан. Хэлтсийн машин гэж хаанахыг хэлж байгаа юм бэ гэхээр цагдаагийн машин гэж ойлгосон тухай л ярьж байсан. Мөн буудсан хүмүүс нь цагдаа хувцастай байсан гэж ярих хүн ч байгаа. Ер нь тэгээд онц байдал тогтоосноор Сүхбаатарын талбайгаас ихдээ л 1 км-ийн радиус дотор энгийн хүмүүс машинтай явах боломжгүй болсон гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүн амины хэрэгтнүүдийг яаралтай олох шаардлагатай. Ийм боломж ч байх ёстой. Өмч хөрөнгө сүйдэж, урлагийн бүтээл эвдэрч хэмхэрсэн. Энэ нь харамсалтай. Гэхдээ энэ бүхнийг хүн байгаа цагт дахиад бий болгож болно. Харин нас барсан хүн эргээд амилахгүй. Тэр тусмаа ардчилсан, хүний эрхийг эрхэмлэдэг нийгэмд бол амьд явах эрх баталгаатай байх ёстой. АН бол нас барсан хүмүүсийн хэрэгт цагдаа, хүчнийхэн оролцсон байж магадгүй гэж сэжиглэсэн учраас шалгах ажлыг Улсын прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба хариуцах, шалгаж ажиллах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.
-Төр хариуцлага хүлээх тухай их ярьж байна. Хариуцлагаасаа зугтаад өнөө болтол олон хүн хорьчихоод байгаа юм биш үү?
-Энэ нийгэмд иргэд төрөө чөлөөт сонгуулиар сонгож, сонгосон төр нь хуулийн хүрээнд иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл яагаад таван иргэн хэн нэгэнд буудуулж амь насаа алдав аа. Энэ нь бол төр тодруулбал Засгийн газар, цагдаагийн байгууллага үүргээ гүйцэтгэж чадаагүйтэй холбоотой. Тиймээс холбогдох хуулийн хүрээнд хэн буруутай нь хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөг хүртэл иймэрхүү хэрэгт хэн буруутай нь тогтоогддоггүй учраас хариуцлага хүлээдэггүй нь хэвшсэн. Яагаад гэхээр тэр хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн заалтыг Хууль зүйн байнгын хо-рооноос УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулаагүйгээс болж хасагдчихсан. Тэр заалтыг сэргээх богинохон хугацаанд ял завшаад өнгөрсөн жишээтэй. Нөгөө талаасаа долдугаар сарын 1-нийх шиг ийм нөхцөл байдал дахиад үүсгэхгүй, гаргахгүй иргэдийнхээ амь насыг хөнөөлгөхгүйн тулд энэ хэргийн буруутай эзнийг заавал олж тогтоож хариуцлага хүлээлгэх ёстой. Бас долдугаар сарын 1-нийг терроризм гэх мэтээр янз бүрээр тайлбар-лах хандлага бас байна. Ийм нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд дотоодын үймээн гэж томьёолдог. Ер нь сонгуультай холбоотой, сонгууль шударга бус болсноос үүдэж олон оронд үймээн болж байсан. Энэ бүхэнд хамгийн гол нь эрх баригч хүчний бодлого чухал байдаг. Ер нь бид эв нэгдэл гэж их ярьдаг. Энэ ч чухал. Гэхдээ шударга бус явдал газар авсан, хууль хэрэгжддэггүй, хэрэгжүүлдэггүй нийгэмд эв нэгдэл хүчтэй байж чаддаггүй. Энэ ардчилсан, эрхзүйт нийгэмд төр, төрийн байгууллага, төрийн албан хаагчид хуулиас гадуур гишгэвэл заавал хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл манайд бол бараг эсрэгээрээ л байна. Улстөрчид увайгүйтэлгүй, улс төрийн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй байна.
-"Зөвшилцөл явахгүй байна. Нэг асуудал тавихаар л МАХН "Асуугаад ирье" гээд гүйчихдэг. Зөвшилцөж, шийдвэр гаргах чадваргүй хүмүүс энэ ажлын хэсэгт нь байна..." гэж та түрүүнд ярьсан. Хэрэв зөвшилцөл хурдан, амжилттай болвол АН-ын гишүүд тангараг өргөнө. Энэ гацаанаас яаж гарах юм бэ. Өөрөөр хэлбэл, зөв-шилцөл чинь хурдан үр дүнд хүрэх боломж юм уу?
-Ер нь бол огт хэрэггүй асуудлаар АН гацаагаад байгаа юм шиг ойлголт өгөх гэсэн зорилго эрх баригчдад байх шиг байна. Хамгийн эхэнд, нэн түрүүнд сонгуулиа зөв, шу-дарга явагдсан эсэхийг гарцаагүй тогтоох шаардлагатай. Өнөөдөр дэлхий нийтэд сонгуулиа явуулж чаддаггүй орныг л буурай, бүдүүлэг шударга бус явдал газар авсан орон гэж үздэг. Тэгэхээр сонгуулиа будлиангүй явуулах нь 2.6 сая монголчууд тэдний сонгогчдын үүрэг, нэр төрийн хэрэг юм шүү дээ. Гэтэл олон дахин санал өгсөн хүн байна.
Дүүрэг бүрт иргэний үнэмлэх дээрх хаягийг сольж наагаад санал өгсөн нь тогтоогдсон асуудал бий. Хөдөө, гадаадад томилолтоор явсан хүний нэрээр санал өгсөн хүмүүс ч бий.Архи, мөнгө тараагаад баригдсан нэр дэвшигч ч байсан. Иргэдэд олддоггүй, шилжүүлж, шинэчилж олж авах гэж бөөн явдал суудал, хүнд суртал болдог иргэний үнэмлэхийг яагаад сонгуулийн өдөр хорооны дарга нар бөөн бөөнөөр нь барьчихаад сууж байгаа юм бэ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга яахаараа Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт рүү хууль зөрчин гарын үсгээ зурсан албан тоот үйлдэж сонгуулийн урьд өдөр явуулж иргэний үнэмлэхтэй бол саналыг ав гэж тушаадаг юм бэ. Иргэн хүн үүргээ хэрэгжүүлж сонгууль болохоос өмнө иргэний үнэмлэхээ авсан байх ёстой биз дээ. Нөгөө талаас Засгийн газар сонгууль явагдахаас өмнө энэ иргэний бүртгэл, үнэмлэхний асууд-лыг хуулиар шийдэх үүрэгтэй. Уг нь иргэний бүртгэл, иргэний үнэмлэхний талаар Сонгуулийн тухай хуульд бүхэл бүтэн бүлэг байгаа. Энэ бүлгийн хэрэгжилт туйлын хангалтгүй болсон.
-Гэхдээ хэн ч, хэдэн ч санал өгсөн регистрийн дугаарыг нь өөрчлөх боломжгүй. Регистр давтагдсан эсэхийг шалгах зарчмаар луйвар, будлиан явсан эсэхийг нягтлах ёстой гэсэн танай намын саналыг ч энэ зөвшилцлийн баг хүлээж авахгүй нь үү?
-Энэ асуудал дээр ажлын хэсэг тохирч байгаа шиг билээ. Ерөөсөө 2000 оноос хойш болсон бүх сонгуулийг будлиантай болсон гэж ярьсаар байдаг. Гэтэл энэ нь ерөөсөө л иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбоотой. Иргэний бүртгэлийг үе үеийн Засгийн газар л төгөлдөр болгох ёстой. Сонгуулиа явуулж чадахгүй төрийг төр гэхэд хэцүү. Энэ арчаагүй байдлаас болж Монгол Улсын нэр хүнд унаж байна.
-Иргэний бүртгэл мэдээллийг цэгцлэх ажлын хэсгийг аль цагаан сарын үед л Ерөнхий сайд ахаллаа, ажил эхэллээ гээд байсан. Ямар үр дүн гарсныг өнөөдрийн нөхцөл байдал илтгэлээ л дээ?
-Өнөөдөр манайд санал тоолж байна гээд л будлиан хутгах юм. Энэ байдлыг өнөөгийн хөгжилтэй орнууд дайрч өнгөрөөд шийдээд иржээ. Одоогийн хуулиар сонгуулийн будлиан хийсэн хүнийг хэдэн төгрөгөөр торгох эсвэл хэсгийн хорооны гишүүнээс хасах заалттай. Тэр Сонгинохайрханд ч билүү нэг эмэгтэй будлиан хийхээр нь торгосон ч юм уу, яасан ч юм санал тоолуулаад л, үргэлжлүүлээд ажиллуулаад л байгаа нь телевизүүдээр цацагдсан. Гэтэл олон оронд сонгуулийн булхай, луйвар хийгчдийг гурван сар хагас жил, түүнээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай юм билээ. Адаглаад манайд өнөөдөр иргэний үнэмлэхийг хаяг нааж өөрчилдөггүй болгох л хэрэгтэй. Электрон баркод мэт. Кодоо хийгээд нэг санал өгсөн л бол дахин санал өгөх, будлианд ашиглагдах боломжгүйг хуульчлаад, хэрэгжүүлчихье гэхээр өмнөөс техникийн боломжгүй, цаг хугацаа үлдээгүй гээд өнгөрөөсөн. Тэгээд энэ завхарсан байдлыг хурдан арилгахыг хүсэх, эс хүсэхэд асуудал байж мэдэх юм. Ихэнх орнуудын жишигт будлиан хийж байгаа эзэд нь орон нутгийн шат шатны удирдлагууд байсан. Тэдний ажил амьдрал нь сонгуулийн үр дүнтэй холбогддог болохоор тэр. Энэ жижигхэн эрх ашиг хамаарлыг л арилгах хэрэгтэй.
-УИХ хөдөлсөн тохиолдолд одоо нэн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Нэгдүгээрт, сонгуулийн хуулиа цэгцлэх хэрэгтэй. Одоо дахиад орон нутгийн сонгууль явагдана. Тэнд будлиан, луйвар гаргамааргүй байна. Хоёрдугаарт, 2001 оны Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлтийг хүчингүй болгох болон бас бус өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай. Гол нь УИХ болон Байнгын хорооны асуудал ирцийн асуудал. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ хэрээрээ ажилласан ч бүтээмж муу байсан. УИХ-ын хуралдаан 50+1 буюу 39 гишүүнтэйгээр эхэлдэг. 30 минутын дараа 30 хүн болчихдог. Дээр нь хуралдаан эхлэх гэж бараг цаг болно. Мөн дотоод, гадаадад томилолтоор явах гэж баллаж өгнө. Байнгын хорооны хурал нь бас тийм. 76 гишүүний 30 хүрэхгүй хувь ажлаа хийдэг гэсэн үг. Ийм л байж болохгүй. Тиймээс энэ ирцийн хувийг буцааж 32 болгох хэрэгтэй. Мөн өглөө бүлгийн гишүүд нэг өрөөнд цуглаад зэрэг орж ирдэг болох нь зөв. Олон оронд ийм байна. Харин тэр Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч үүргээ эрх мэдэл болгон олон дахин буцаадаг байсныг болиулсан заалтыг бол хэвээр нь байлгах нь зөв. Бас төвлөрсөн эрх мэдлээ багасгая. Нийслэлийн захирагчийг иргэдээс нь шууд сонгодог болгох явдал чухал. Өнөөдөр ихэнх оронд улс орны хөгжил нь нийслэлийн хөгжлөөсөө хамаарч байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгохоор намын даргын хүн сонгогддог, сонгогдсоныхоо дараа намдаа, намынхаа эрх мэдэлтнүүдэд үйлчилж заваардаг.
-УИХ-ын дийлэнх суудлыг хуваан орж ирж байгаа намуудын амлалтын хаялга бол ашигт малтмалын хувь. С.Ламбаа гишүүн "АН бол тооцоолж байж нэг сая төгрөгөө бүрэн эрхийнхээ хугацаанд буюу жил тутам иргэн бүрт 250 мянган төгрөг олгохоор ярьсан. Харин манай мөрийн хөтөлбөр дээр тоглолт хийсэн МАХН одоо 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 1.5 сая төгрөг яаж өгөхийг мэдэхгүй юм" гэж байсан. Уг нь УИХ хөдөлбөл л нөгөө нэг сая, 1.5 саяын асуудал яах бол гэж хүмүүс харах байх?
-Яг үнэндээ бол ашигт малтмалын хувь, эзэмшлийн асуудлыг өмнөх сонгууль, энэ сонгуулиар хий хоосон улстөржүүлсээр байгаад сонин байдалд хүргэчихлээ. Уурхай ашиглах асуудал бол дэлхий нийтийн хүрээнд зүгээр л энгийн бизнес. Энэ бизнесийг төр эрхлэхэд оролцох, эхлүүлэх үүргээ хэрэгжүүлэхдээ ерөөсөө техник, эдийн засгийн үндэслэлийг маш сайн хийж олон нийтэд таниулах явдал. Яахав, тодорхой газруудыг төр засаг стратегийн ач холбогдолтой жагсаалтдаа байлгаж болно. Гол юм бол татвар төлс-ний дараах ашгийг төр, хөрөнгө оруулагч хэрхэн шудрага хувааж авахыг л ил тодоор шийдэх асуудал. Эндээс л төрийн эзэмших хувь тодорхой болно. Энэ хувиа ард түмэндээ эзэмшүүлж хувь хүртээж болно. Хүн бүрт хувьцаа эзэмшүүлнэ. Бүх ажиллагаа нээлтэй юм чинь ноогдол ашгийг нь өгье. Энэ бол дэлхий нийтийн нээлттэй жишиг. Гэтэл өнөөдөр манайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хамгийн хаалттай байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчин 500-600 мянган төгрөг авдаг. Гэтэл энэ үйлдвэрийн хэмжээний дэлхийн үйлдвэрүүдийн ажилчид дунджаар 3000-5000 ам.доллар авч байна. Гэтэл нэг тонн зэсийн баяжмал гаргаж байгаа өртөг, зардал нь дэлхийн жишигт хүрсэн. Ер нь Ерөнхий сайдаа гэж ойлгуулах солигдвол Эрдэнэт үйлдвэрийн захирал солигддог хандлагатай. Үүний ард далд ашиг орлого байж болно. Тийм учраас нийт ард түмний баялгийг нээлттэй ашиглах, түүнд хяналт тавихын тулд нийт иргэддээ хувьцаа эзэмшүү-лэх зорилтыг тавьсан юм. Үүнийг л ил тод, нээлттэй, хариуцлагатай уул уурхай гээд байгаа юм. Ингэсэн тохиолдолд ард түмэндээ ашигт малтмалаасаа хувиа өгөх боломж бүрдэнэ.
АН-ын тухайд дээрх болон нийт 10 асуудлыг эхлээд энэ удаагийн чуулганыг эхлүү-лэхээс өмнө УИХ-д нөлөө бүхий намын хооронд тохирч аваад тэрийгээ оролцогч намуудын шийдвэр гаргах байгууллагаар нь хэлэлцүүлэн шийдвэрлүүлээд, дараа нь шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөсний дараах хамгийн эхний нэгдсэн чуулганаар энэ шийдвэрээ УИХ-ын тогтоол болгочихъё гэсэн асуудлыг тавиад байгаа юм. Энэ нь монголчууд бидний нийтлэг хамгийн том эрх ашиг шүү дээ.
-Танай намын дарга Ц.Элбэгдоржийг сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байнга муучилж байна. Энэ нь цаанаа танай намыг үгүйсгээд байгаа явдал биш үү?
-Энэ тухай ярихын тулд том зарчим сөхөх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл хараат байх ёсгүй гээд МҮОНТ-тэй болсон. Энэ бол зөв. Тэгтэл эргээд улстөрчид, улстөрийн лидер бүхэн, улстөрийн нам бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихжээ. Дөрөв дэх засаглалын үүргээ ухамсарласан хэвлэл мэдээллийн салбарынхан ч энэ цаг үед л ажиллаж байгаа болохоор хэцүү байдаг байх. Хүн бол оюун ухаан ухамсартай тул амьтнаас ёс зүй, шударга байхыг эрмэлздэгээрээ, түүнээсээ таашаал авдгаараа ялгаатай. Гэтэл хэвлэл мэдээллийн салбарын гол хөрөнгө оруулагчид улстөрчид, улс төрийн нам болоод ирэ-хээр тэдний өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болчихоод байна. Энэ тохиолдолд улстөрчид, хэвлэл мэдээллийн салбар ч шударга ажиллах, өрсөлдөн хөгжих боломжгүй. Нөгөө хэвлэл мэдээллийн салбарын улс төрөөс хараат бус байдал хэрэгжихгүй. Энэ байдал даамжирсаар өнөөдөр намууд нэгнийгээ муулж эсвэл өөрсдийгөө хий хоосон магтах үзэл суртал явуулан иргэдийн толгойг угаадаг байсан цаг үе рүүгээ буцчих гээд байна. Сая онцгой байдал зарласан дөрвөн хоногт нөгөө МҮОНТ-ийн улс төрөөс хараат бус байдал бол бүүр өнгөрсөн. Тэр штаб нь хүртэл худал нэвтрүүлэг бэлдэж цацуулсан гээд л яриад байгаа.
-Тэгэхээр та буруутгасан, муулчилсан мэдээлэл эзэнтэй гэж байна уу?
-Ер нь мэдээлэлд бид болгоомжтой хандах хэрэгтэй болжээ. Тэгээд улстөрчид, намууд аливаа өдөр тутмын хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа бусдадаа худалдах нь зөв өө. Энийг олон оронд хуульчилсан байгаа. Ер нь мөн их мөнгийг намууд янз бүрийн сурталчилгаандаа одоо ч гэрээ хийчихсэн цацсаар байна. Санхүүгийн үүсвэрийг хуулийн хүрээнд шалгах хэрэгтэй. Нөгөө Авлигатай тэмцэх газар хаачив. Хэвлэл мэдээллийн салбар чөлөөт, хараат бус байдлаа алдах юм бол олон нийт мэдээллийн болон оюуны хүчирхийлэлд өртсөөр байх болно.