Амьдрахад, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлээд өгөөч
Хүнсний хэрэглээ, чанар, аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр тасралтгүй ажиллаж буй Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захиралтай ярилцлаа.
Тэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 35 жил ажилласан туршлагатай, салбараа сайн мэддэг нэгэн. Түүнтэй хүнсний салбарт төр засгийн шийдвэр хэр ээлтэй нөлөөлж байгаа талаар ярилцсан юм.
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа
УИХ-ын гишүүдийн гаргаж буй бодлого нь танай салбарын үйл ажиллагаанд хэр таатайгаар нөлөөлж байна вэ?
Монголын хүнсчдийн холбооны зорилт нь Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд төр засагт мэргэжлийн үүднээс туслах юм. Мөн үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгтгэн гаргаж төр, үйлдвэрлэгчдийн дунд гүүр болж ажиллах явдал.
1991 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. УИХ-ын 76 гишүүн бодлого боловсруулдаг гэхээсээ илүү салбарын яамнаас хүнсний аж үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарсан бодлого, зорилттой байх ёстой болов уу.
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” байгаа хэдий ч огт хэрэгждэггүй, цаасан дээр л байдаг. Ийм байгаагаас тодорхой ахиц, дэвшил гарч чадахгүй байна.
Үйлдвэрлэгчдийн сэтгэлд нийцтэл бодлогын чанарын бичиг баримтууд гарч ирж чадаагүй л байна.
Журам л нэмж гаргаж, тооны араас хөөцөлдөж байгаагаас биш тэр журам амьдралд бодитоор хэрэгжих боломжтой юу гэдэгт төдийлөн анхаардаггүй. Тиймээс мэргэжлийн бус хүмүүс тухайн салбараа ойлгож, дүрэм журмаа гаргах боломжгүй юм. Салбарын яамыг ч салбараа мэддэг хүмүүс удирдах хэрэгтэй.
Нөгөө талаараа тухайн салбартаа мэргэшиж эхэлж байхад нь албан хаагчдыг халж, сольдог. Үүнээс үүдээд гарах сөрөг үр дагавар их байна. Яам үйлдвэр барьж бизнес хийх биш энэ салбарт бизнес хийхэд ямар саад бэрхшээл байна гэдгийг шийдвэрлэх ёстой.
Яам танай холбоотой хэр хамтарч ажиллаж байна вэ?
Хүнсчдийн холбоо Хүнс, Хөдөө аж ахуйн яамтай тодорхой хэмжээгээр холбоотой ажилладаг. Гэхдээ хариуцсан ажилтан нь өөрөө мэргэжлийн бус учраас хангалтгүй байдаг. Бид яамтай хамтарч ажиллахын тулд сайн дурын уран сайханч шиг үүрэг гүйцэтгэдэг. Яам, статистикуудын гаргаж буй тоон судалгаа нь байнга зөрдөг.
Засаглал тогтворгүй учраас юу хийх, яах ёстой нь мэдэгдэхгүй бүгд ээдрээтэй байна. Яамны сайд, албан тушаалтнууд солигдсон ч тухайн салбарын бодлого хэвээр л үргэлжилж байх ёстой. Хэн ч ирээд хийсэн бай хийх зүйл нь тодорхой нэг л байх нь чухал юм.
Бизнес эрхлэгчдэд татвар, санхүүгийн орчин нөхцөл таатай байвал хэн сайд байна, хэн ерөнхийлөгч байх нь огт хамааралгүй.
Тиймээс бүх зүйл зөв голдрилдоо орох хэрэгтэй байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүнсний үйлдвэрүүд сайн хөгжиж, төрөөс тодорхой хэмжээний зээл тусламж өгч байсан учраас ахиц, дэвшил гарсан. Ажилчдын цалин хүртээмжтэй, үйлдвэрлэгчид нь бизнесээ хийхэд дарамт шахалт бага, татвар-санхүүгийн орчин ээлтэй байхыг л бид төрийн түшээдээс хүсч байна.