Нээлттэй захидал - Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танаа
2011 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Эрхэм гишүүн таны энэ өдрийн амар амгаланг айлтгахын хамт Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар анхаарал хандуулж байгаад тань ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд талархаж байна.
Бороо Гоулд болон Сентерра Гоулд Монголиа компанийн ажилчид бид Эрхэм гишүүн таны нэгэн адил Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийг эрхэмлэдэг билээ.
Монгол Улсын Их Хурлаас 2009 онд батласан "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангахын зэрэгцээ хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилготой гэж бид ойлгодог.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд ергөн барьсантай холбогдуулан манай компани, тухайлбал миний хэлсэн үгтэй холбоотой ташаа мэдээлэл удаа дараа гарах болсонд бид харамсаж байгаагаа илэрхийлэх ялдамд Эрхэм гишүүн танд энэ тухай бодит мэдээлэл өгөхөөр энэхүү захидлыг илгээж байна.
Уул уурхайн компаниудын эрх ашгийг төлөөлдөг ТББ болох Монголын уул уурхайн үндэсний ассоциаци 2010 оны хавар уг хуулийн талаар гишүүдээсээ санал авсан бөгөөд байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчидтэй мөн оны 6 дугаар сарын 24-нд уулзах үеэр миний бие зочдын асуултанд хариулахдаа:
"Бид олборлолт явуулаагүй байна. Энэхүү хуулийг өөрчлүүлэхээр Уул уурхайн ассоциаци идэвхитэй лобби хийж байгаа" (We are not min-ing. Currently there is a lot of lobbying going on by the Mining Association to amend the law) гэж хэлснийг батлах дүрс бичлэг байсаар атал хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг тус компанийн захиалгаар гаргасан мэтээр гуйвуулан мэдээлж олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байгаад гүнээ харамсаж байна.
"Лобби" гэдэг үг англи хэлнээ өөрийн байр суурийг хууль боловсруулагчдад ойлгуулан таниулах үйл ажиллагаа гэсэн утга санааг агуулдаг. Лобби хэмээн нэрлэдэг үйл ажиллагаа нь хууль боловсруулах явцыг илүү ардчилсан болгодог тул лобби хийх эрхийг Канад болон АНУ-д хуулиар хамгаалсан байдаг. Тэр ч бүү хэл, АНУ-ын Үндсэн хуулинд энэ талаар тодорхой тусгасан нь бий. Дашрамд тэмдэглэхэд, иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулж буй хурал цуглаан ч мөн чанартаа лобби үйл ажиллагааны нэг төрөл юм. Гэтэл лобби гэдэг үгийг "хээл хахууль" хэмээн буруугаар тайлбарлаж, манай компанийн нэр хүндэд халдаж байна.
Бороо Гоулд болон Сентерра Гоулд Монголиа нь Монгол Улсын хууль журмыг сахин биелүүлдэг, олон улсад хувьцаагаа арилжаалдаг, нийтэд нээлттэй компани тул ёс зүйн өндөр шаардлагыг даган мөрддөг юм. Тэрчлэн, Хойд Америкийн болон Европын орнуудад мөрддөг "Гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөхийг хориглох тухай" хууль болон ижил төстэй хуулиудыг хатуу сахин биелүүлдэг хариуцлагатай компани билээ. Иймд, Бороо Гоулд болон Сентерра Гоулд Монголиа компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг сөрөг баримт танд байгаа бол бидэнд мэдэгдэхийг хүсч байна. Нөгөөтэйгүүр, манай компанийн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээлэл авах шаардлагатай бол бидэнд хандаарай.
Гүнээ хүндэтгэсэн,
Жон Казакофф Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал