Санал асуулгын хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
2015.11.27

Санал асуулгын хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Эцэг хуулийг өөрчлөх асуудал дээр их хурал дахь намууд саналаа нэгтгэж чадахгүй байгаа нөхцөлд санал асуулга явуулах боломжгүй гэж үзсэн байна.

Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх бэ гэдэг асуудалд ажлын хэсэгт орсон гишүүд саналаа нэгтгэж чадахгүй байсан нь энэ асуудлыг УИХ-аар ярих боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл ажлын хэсэгт огт яриагүй зүйлийг дүгнэлтэн дээр нэмж бичсэн нь ажлын хэсгийг татгалзахад хүргэсэн байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд “Ажлын хэсэгт огт яригдаагүй, үндсэн хууль гэдэг нэрийн эх хууль гэж өөрчилсөн, 76 гишүүнийг 99 гэж өөрчилсөн, дөрвөн жилийн бүрэн эрхийг таван жил гэж бичсэн асуудлыг ажлын хэсгийн гишүүд мэдээгүй. Гарын үсэг зурсан хойно нь Н.Батбаяр гэдэг хүн ганцаараа засаад өргөн барьсан”.

Энэ их хурлаар үндсэн хуулийг өөрчилж амжихгүй гэж үзсэн байна. Гэхдээ ядаж санал асуулгын тухай хуулиа өөрчлий гэж Н.Батбаяр гишүүний саналыг байнгын хорооны гишүүд нэгэнт шийдсэн асуудлыг дахин ярих хэрэггүй хэмээн хүлээж авсангүй.