Үндсэн хууль гэж онцгойлж ярихаас өмнө намуудаа шинэчлэх ёстой
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.11.26

Үндсэн хууль гэж онцгойлж ярихаас өмнө намуудаа шинэчлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Санал асуулгатай холбоотойгоор янз бүрийн үзэл гарч байна. Зарим нь Үндсэн хуулиа оролдох нь дэмий гэх юм?

-1992 онд баталсан Үндсэн хууль Монголын ард түмэнд үр өгөөжее өгсөн. Үндсэн хуулийн ачаар бид улс шиг улс байгаа юм. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд УИХ, Засгийн газар, Монголын нийгэм тэр аяараа Үндсэн хуулийн дор амьдарсаар ирлээ. Сайжруулах зүйл бий юу гэвэл байж болно. Косметик зүйлүүд байж болно. Муу л юм болбол хойд талын хар овоохой гэдэг шиг бүх зүйлийг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Үндсэн хуульд буруу байхгүй. Буруу нь улс төрийн намуудад байгаа юм. Монголын нийгмийн хөгжлийг гацааж байгаа бүх идээ бээр энэ намуудад бугшчихаад байна. Монголын улс төрийн намуудыг харвал, намаар дамжиж хөрөнгөждөг, намаар дамжиж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг болчихоод байна.

Сүүлийн үед харж байхад намаар дамжсан улсууд, олигархиуд улсад асар их хэмжээний хохирол учруулж байна. Тэгэхээр бид Үндсэн хууль гэж онцгойлж ярихаас өмнө намуудаа шинэчлэх ёстой. Намуудын хандив авдгийг зогсоох ёстой. Өмч хөрөнгөтэй байхыг нь хориглох ёстой. Намууд тунгалаг байж, зөвхөн Монгол Улсын төсвөөс санхүүждэг байя. Намуудын хандив авдгийг зогсоож хориглон, өмч хөрөнгөгүй байлгавал авлига, хандив авч талыг нь даргадаа, үлдсэнийг нь намдаа гэдэг энэ байдал алга болно. Нам тухайн мөнгө хандивласан олигархийн өмнө өргүй болно. Намыг хэн нэгний өмнө өртэй байлгаж болохгүй. Ийм учраас эхлээд Улс төрийн намуудын тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэдэг асуудлыг яримаар байгаа юм. Тэгж байж дараа нь сонгуулийн хууль, Үндсэн хуулиа яримаар байгаа юм л даа.

-Жинхэнэ сонгодог парламентын хэлбэр рүү оръё гэвэл Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой гэж яриад байгаа?

-Монгол Улсын Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх хэрэгтэй гэж ярьдаг. Зарим зүйл дээр тэр нь харагддаг. Гэхдээ мэдээж эцсийн мөчид улс эх орны хувь заяатай холбоотой том асуудал дээр УИХ шийд гаргадаг. Ерөнхий сайд, Засгийн газрын оруулсан бүх асуудал УИХ- аар дэмжигдээд явна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эцсийн шийдвэрийг УИХ дээр гаргадаг

Тэгэхээр энэ утгаар нь Ерөнхий сайдын эрх мэдэл дутаж байна гэж ойлгож болохгүй. Бүх зүйл улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа гэж харж байна. Тэгэхээр хэн нэгнийг илүү эрх мэдэлтэй байлгаж болохгүй. Хоёр том гүрний дунд оршиж байна. Ийм учир гадны нөлөөнд автах магадгал ендөр, хэн нэгэнд илүү эрх мэдэл өгөх юм бол Ерөнхий сайдын эрх мэдлийг багадаж байна гэж хэлэхгүй. Юу нь хүчгүйдээд байна вэ гэхээр олигархиудын өмнө хүчгүйдээд байна. Шүүх, цагдаа прокурор, төрд орж ирээд бүгдийг худалдаад авчихсан энэ хүмүүсийн өмнө л хүчгүйдээд байгаа юм.

-Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцэж байна. Янз бүрийн санал хэлэх юм, гишүүдийн тоог нэмж, санал хураалтын хуудсыг тоолох механизмаа өөрчлөх ёстой гээд?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан

-Одоогийн сонгуулийн тогтолцоог доголдоод байна гэж хэлэхгүй. Гишүүдийн тоог 99 болгох нь хэр оновчтой юм бол, гуравхан сая хүнтэй улсад. Харин 76 ихдээд байна уу, үгүй юу гэдэг асуудал тавибал болохоор юм шиг байгаа юм. Хугацааг уртасгаад таван жил болгох эсэхээ бараг ард иргэдээсээ асуучих хэрэгтэй дээ. Хар машинаар биш гараар тоолдог болъё гээд байна. Тэгэх юм бол дахиад мөнгөөр худалддаг.сонгууль будлиантай болох эхлэлийн үндсийг тавина. Хар машинаар тоолчихоод гараар хяналтын тооллого хийж болно гэчихсэн байгаа. Гэтэл заавал техник, технологиосоо ухрах шаардлага байна уу.

-“Токио 2020” олимпийн бүтээн байгуулалтад Монголчууд оролцох боломж бүрдээд байгаа. Ямар шалгуураар, ямар мэргэжилтэй хүмүүсийг Япончууд голчлон сонгож ажиллуулах юм бол гэж их сонирхох юм?

-Япон улс 2020 онд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр олимп зохион байгуулахаар болсон. Олимпийн бүтээн байгуулалтад бид оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Монголын залуучуудаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, ур чадвараа дээшлүүлж, өндөр техник технологи сурах, дорнынсоёлд суралцах гэсэн утгаар нь хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Бидний хүсэлтийг хүлээж авсан гэдэг нааштай хариу өгсөн.

Ирэх сарын дундуур Японы Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, гадаадаас ажиллах хүч авдаг байгууллагын удирдлагатай уулзана.Тухайн үед энэ чиглэлээр тодорхой мэдээлэл өгнө.

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогоо шинэчилж оруулах шаардлагатай байгаа. Энэ бодлого бэлэн болсон, Ажиллах хүчний тухай хууль бэлэн болсон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцүүлж байна. Мэргэжлийн боловсролын салбарт нэмэлт өөрчлөлт оруулах бодлогын чанартай өөрчлөлтүүд бүгд бэлэн болсон байгаа.

-Эдийн засгийн хямралтай уялдаад цалин хөлсний асуудал яригдаж байна. Танай яамны хувьд цалинг хасахгүй гэсэн байр суурин дээр байгаа байх аа?

-Хөдөлмөрийн сайдын хувьд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талд байгаа. Хувь хүнийхээ хувьд ч тэр. Гэхдээ бүх зүйлд нэмэх үндэслэл байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар цалин нэмье гэхээр үндэслэл байхгүй болчихоод байна. Эдийн засгийн хүндрэлтэй байна. Тухайн үедээ цалин нэмэх төлөвлөгөө төсөөлөл гаргаж байсан. Гэтэл төсөөлснөөс өөр үр дүн гарч ирсэн. Цалин нэмье гэхээр ажил олгогч эзэд маань өөр байр суурьтай байгаа. Компаниудын ихэнх нь өртэй, банкинд зээлтэй байж байдаг. Ийм үед төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх юм бол хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэхэд хүндрэлтэй болно. 900 гаруй мянган хүний асуудлыг хамарч байгаа хувийн хэвшлийнхэн энэ асуудал дээр Үйлдвэрчний эвлэлийнхний эсрэг байр суурьтай байдаг. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эзэд, Засгийн газрын гурвалсан гэрээ хэлцлээ биелүүл гэж шаардлага тавьдаг.

Засгийн газар мэдээж хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа. 2016 онд төсөвт суулгах бололцоо боломж сая төсөв хэлэлцэх үеэр үнэхээр гараагүй. Гэхдээ гурвалсан талт гэрээ хэлцлийн үр дүнд 2016 оны эхний төсвийн тодотголоор бид цалин нэмэх асуудлыг оруулсан байгаа.