Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ талцал, намчирхалыг зогсооно
TIMES.MN сайтын энэ 7 хоногийн зочин буланд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг урьж ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Дэмжиж гарын үсэг зурсан 47 гишүүний нэг нь та. МАН-аас 3 гишүүн л гарын үсэг зурсан байна. Нам дотроо цөөнх болжээ дээ?
-УИХ, судлаачид, нийгмийн түвшинд ч тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэсэн хандлагатай байна. Миний хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Сүүлийн жилүүдэд тулгуур хуульд өөрчлөлт оруулах тухай лекц уншиж, байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт оруулах асуудал шийдэгдэх ёстой. Гэтэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө олон түмний санал бодлыг сонсоод, саналыг нь асуугаад, нийт ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдөөд, эрдэмтэн, мэргэд, судлаачдаар хэлэлцүүлээд баталж амжих уу гэдэгт эргэлзэж байна. Цаг хугацааны хувьд л асуудал байна.
-“Эцэг” хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар хоёр ч өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллалаа. Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм. Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож тайлан гэсэн томоохон баримт бичиг гаргасан байдаг. Үүнд "25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм" гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа.
Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа.
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, Хариуцлагын тогтолцоог ойлгомжтой болгох шаардлагатай байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламент, орон нутаг нь хэн юу хариуцах, тэрнийхээ хүрээнд ямар эрх үүрэгтэй байх, алдаа дутагдал гарвал хэнтэй хариуцлага тооцох нь ойлгомжтой байх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхий сайд дээр төвлөрөх нь илүү үр нөлөөтэй юм байна гэж харж байгаа.
Хоёрдугаарт, намчирхал, талцал, хуваагдал хэрээс хэтэрлээ. Иргэд, сонгогчидтой уулзахад энэ асуудлыг л хамгийн их ярьж байна. Гурван сая монголчууд бид олон намд хуваагдсан байна. Манай, танай нам гэж ах дүү, амраг садан, найз нөхдүүд хоорондоо талцаж байна. Энэ бол Монгол Улсын хөгжлийн нэг том садаа. Тийм учраас намчирхал, талцал, хуваагдлыг багасгах үүднээс улстөрийн намуудын үйл ажиллагааг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороо, сум дээр хязгаарлах ёстой. Цаашдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд намаас хол байж, үүнд улстөрийн хүчнүүд оролцдоггүй болсноор тодорхой ахиц гарна гэж үзэж байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд намын үйл ажиллагааг хязгаарлавал орон нутаг дахь, анхан шатан дахь улстөрчид багасна гэж харж байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага өнөөдөр УИХ-тай адил улстөрийн намуудын төлөөллийн байгууллага болчихоод байгаа нь мөн чанар алдагдахад ч хүрчээ. Энэ утгаараа Үндсэн хуулийн нэг чухал өөрчлөлт нь үүнрүү чиглэгдээсэй гэж бодож байна. Өргөн барьсан хуулийн төсөлд сум, хотын засаг даргаа иргэд өөрсдөө сонгодог, намууд оролцохгүй байхаар оруулсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л энэ намчирхал, талцал, хийрхэлийг зогсооно.
Гуравдугаарт, Монгол Улсын хөгжилд хамгийн чухал асуудал бол тогтвортой байдал. Хууль эрх зүй, засаглал, боловсон хүчин, бодлого нь тогтвортой баймаар байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд 16 удаа Засгийн газраа солилоо, Ерөнхий сайдаа ч 14 удаа өөрчиллөө, энэ болгонд яамдынхаа тоог нэмэгдүүлж ирлээ. 9-өөс эхлээд 18 хүртэл яамтай болж бүтцийг хэт данхайлгалаа шүү дээ. Энэ болгонд яамдын нэр, бодлого, хүн солигддог. Ийм ойлгомжгүй , тодорхойгүй байдал нь энэ даяарчлагдаж байгаа ертөнцөд биднийг ойлгомжгүй байдалд оруулж байна.
Монгол хүн гэхээр л тодорхойгүй, ойлгомжгүй, худлаа ярьдаг, хэлсэндээ байдаггүй гэсэн имиж бүрдэх нь. Ийм учраас хүн төрөлхтний энэ том хөгжлийн урсгалд хөл нийлүүлэн алхая гэвэл тогтвортой, ойлгомжтой байх ёстой. Тиймээс тогтвортой засаглал, тогтвортой бодлоготой байхын үүднээс л Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай л гэж харж байна даа.
-УИХ дахь МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулж, ард түмнээсээ асууж шийдэхийг яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Ерөнхийдөө Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү?
-МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа шүү дээ. Хэн дэмжихгүй гээд байгаа юм. Ганцхан зүйлийг л хэлээд байгаа. Энэ богинохон хугацаанд амжих уу л гэж. 2016 оны 1-р сарын 1 хүртэл ердөө 45 хоногийн л хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд эрдэмтэн, судлаачдын саналыг аваад, нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүдийн саналыг нэгтгээд, ард түмнээсээ асуугаад, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний өөрчлөлт хийж чадах уу гэдэг дээр эргэлзэж байгаа хэрэг. Түүнээс биш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргаагүй байна.