Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган боллоо
Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган “Тусгай хамгаалалттай газар нутаг-Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганыг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүд хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй аж.
Уг чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлох юм байна.
Монгол улс нийт газар нутгийнхаа 17,4 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин орон нутгийн тусгай хамгаалалтад 2100 нэгж талбайг хамарсан 64 сая га газар байна. Үүний 931 нэгж талбай нь давхардан бүртгэгдсэн байдаг гэж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас мэдээллээ.
Дээрх нэгж талбайг бүс нутаг бүр дээр нийт 30 хамгаалалтын захиргаа байгуулж, гурван төрийн бус байгууллагатай хамтарч менежментийн хэлбэрээр хамгаалах арга хэмжээ авдаг байна. Улсын хэмжээнд байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж 30 хувьд хүргэх шаардлагатай гэж тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас онцоллоо.
Монгол улс нийт газар нутгийнхаа 17,4 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг.
Чуулга уулзалтанд УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, холбогдох яамд, гадаад улсын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл, Хамгаалалтын захиргаад, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орчны бүёийн менежментийн зөвлөл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөллийн нийт 280 орчим төлөөлөл оролцлоо.