УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.11.13

Одоо үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй бол дахин найман жил хүлээнэ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Батцогтын байр суурийг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр таны байр суурь юу бэ?

-Одоо л яг цаг нь мөн. Төрийн ажил, ард иргэдийн төрд итгэх итгэл суларч байгаа энэ цаг үед тогтолцооны гажуудал байгаа гэдэг нь тодорхой болсон. Иргэдээс мөн тогтолцоогоо шинэчлэх тухай санал гаргаж байгаа. Ажлын хэсэг удаан хугацаанд ажилласан. Энэ парламентын хувьд л гэхэд 2013 онд ажлын хэсэг байгуулагдаж хоёр ч удаа солигдож судлаад өөрчлөлтүүдийг өргөн барьж байгаа. Өөрчлөлт дотор таалагдахгүй зүйл байж болно. Аль нь дэмжлэг авах бэ гэдэг утгаар нь хөндөгдсөн асуудлыг ажлын хэсгээс гаргаж ирж байгаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байгаа.

-Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжид эргэлзээд байгаа юм болов уу?

-Тэгэхээр хэзээ хийх вэ? Энэ парламент хийх ёсгүй гэж байгаа бол дараагийн парламент бас хийх ёсгүй л болно шүү дээ. Өнгөрсөн парламент хэрүүл маргаантай байсан цаашдаа дорд нуу гэхээс дээрдэнэ гэж байхгүй. Одоо үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй бол дахин найман жил энэ талаар ярихгүй. Тиймээс одоо л зориглоод хийх хэрэгтэй.

 -Сонгууль дөхчихсөн, цаг хугацааны хувьд тун давчуу байна шүүдээ?

-Ард нийтийн санал асуулга явуулаад. хэлэлцүүлэг хийчихвэл цаг хугацаа шаардаад байх юмгүй шүү дээ. Хэдэн сар жилээр хэлэлцүүлэг хийх шаардлага байхгүй УИХ- ын гишүүд нам, тойрог гэхгүйгээр хамт явж иргэдтэй уулзаад, нэмэлт өөрчлөлтийн төслөө танилцуулж, заалт бүрээр нь саналыг нь сонсьё. Иргэд УИХ-ын гишүүдтэй санал бодлоо ул суурьтайгаар хуваалцчихаар хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болсон шүү дээ. Техник технологийн дэвшлийн ачаар иргэд мэдээллийг тал бүрээс нь авч байгаа. Түүнийгээ боловсруулж, үнэлж дүгнэж, шийдвэрээ гаргадаг болсон. Тэднийхээ саналыг аваад өөрчилж чадах зүйлээ өөрчилъе, болохгүй гэснийг нь хэвээр үлдээе гэж байгаа юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...