Тэдэнд инноваци байна, төрд бодлого байна уу?
Урьд өдөр нь үхрийн нойр булчирхайнаас үрэвслийн эсрэг "Панкипсин" хэмээх бэлдмэл үйлдвэрлэж, 1981 онд худалдаанд гарсан даруйдаа дэлхий нийтэд хүмүүнлэгийн тусламжаар илгээдэг Монголын нэрийн бүтээгдэхүүн байсан тухай сонссон болоод ч тэр үү, өчигдөр болсон “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” чуулганаас илүү шинийг сонсох хүсэлтэй очив.
Шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй холбох тухай их ярьдаг ч огт шинэ зүйлийг эхлүүлэх гэж байгаа хэрэг биш “Панкипсин" дээр жишээ авахад л тухайн үед хөдөө аж ахуйн орны давуу талаа ашиглан төрөөс богино хугацаанд бодлоготойгоор дээрх бэлдмэлийг үйлдвэрлэхэд бүх шатанд дэмжээд зогсоогүй, дотоодын зах зээлдээ ижил төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглох замаар зах зээлийг нь нээж өгч байжээ. Гэвч нийгмийн шилжилтээр шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр холдсоор өнөөтэй золгов. Ингээд дахиад л эрхзүйн зохицуулалт, хөрөнгө оруулалт, хөгжүүлэх хөрсийг ярьж эхлэв. Энэ чуулган ч бас дээрх сэдвийн хүрээнд өрнөсөн. Тэгэхдээ зарим нэг ахицтай алхам байгааг энд дэлгэрүүлье. Ер нь чуулганы үеэр албан хүмүүсийн уламжлалт үгээс илүү халаасандаа шинэлэг судалгаатай залуу эрдэмтдийн яриа сонирхол татаж байлаа.
А.ТАМИР: ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК БАРИХ ОЛОН УЛСЫН ТЕНДЕР ЗАРЛАНА
Их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх тухай шийдвэр Су.Батболдын Засгийн газрын үед гарсан. Улмаар Багануурт их сургуулиудын хотхоныг барихаар болсон. Тэгвэл энэ газрын 115 га-д шинжлэх ухааны паркийг байгуулах болоод буй юм. Энэ талаар тус төслийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албаны дарга, доктор А.Тамираас тодрууллаа.
-Шинжлэх ухааны парк байгуулах ажлын алба 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд ямар ажил хийв?
-Энэ хугацаанд парк байгуулах судалгааны ажлыг гадаадын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн. Тухайлбал, БСШУЯ, Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамтай парк байгуулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Шинжлэх ухааны парк бол нэлээд цогц ойлголт. Байшин барих тухай асуудал биш л дээ. Тогтолцоог бий болгох шаардлага байгаа юм. Үүнийг эхнээс нь хийгээд явж байна.
-Тухайлбал?
-Судалгаагаар эрхзүйн орчныг өөрчлөх шаардлагатай байгаа нь харагдсан. Тиймээс эхний ээлжинд Инновацийн тухай хуульд шинжлэх ухааны парк байгуулах бүлэг заалт оруулсан. Үүний хүрээнд холбоотой дүрэм журмыг батлуулах ажлыг БСШУЯ-наас хийж байгаа. Мөн шинжлэх ухааны паркийн тухай бие даасан хуулийн төслийг боловсруулсан. Учир нь шинжлэх ухааны парк бол маш олон харилцаа зохицуулдаг цогц ойлголт учраас бие даасан хууль шаардлагатай нь судалгаагаар харагдсан.
-Шинжлэх ухааны парк нь их сургуулийн хотхоны бүтээн байгуулалтын эхлэл гэсэн үг үү?
-Их сургуулийн хотхон олон жил хэрэгжих том бүтээн байгуулалт. Үүнээс эхний ээлжинд барих бүсүүдийн нэг нь шинжлэх ухаан технологийн бүс байгаа юм. Энэ ажил концессийн гэрээгээр барих ажлуудын жагсаалтад орсон учраас бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ. Үүний өмнө энэ сарын 26, 27-нд олон улсын чуулганыг зохион байгуулахаар болсон. Үүгээр хотхон байгуулахад шаардагдах бүх төрлийн экспортыг урьж авчран, гаднын орнуудын туршлагаас хуваалцан, улмаар бодлогын зөвлөмжийг гаргах юм. Үүний дараа олон улсын тендер зарлах ажлыг төлөвлөөд байгаа.
С.ЭРДЭНЭБАТ: МАНАЙХ ГАРААНЫ КОМПАНИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ВЕНЧУР САНТАЙ БОЛСОН
Эдийн засаг хүнд байгаа энэ үед эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэл болгох хөрөнгө оруулалтыг төрөөс хүлээнэ гэвэл бүтэшгүй. Тэгвэл энэ үеэр хөрөнгө оруулалтын оновчтой шийдлийг Start-up Mongolia” төрийн буй байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат ярив. Тус байгууллага гарааны компаниудыг хөрөнгө оруулагчтай холбоход тусалдаг бол энэ жилээс өөрсдөө хөрөнгө оруулалтын сантай болжээ. Энэ талаар тэрбээр ярихдаа,
-Манайх байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаандаа олон улсын 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Манайхаар дамжиж гарааны компаниа байгуулсан 200 гаруй компани бий. Өдгөө ШУТИС-тай хамтран “Open in vention lab” төсөл хэрэгжүүлж байна.
-Тэгэхээр танайх гарааны компаниудыг хөрөнгө оруулагчтай холбож өгдөг бай- сан бол одоо өөрсдөө санхүүжүүлнэ гэсэн үг үү?
-Олон улсын жишгээр гарааны компаниудын эхний масс үйлдвэрлэлээ явуулах мөнгийг нь венчур ( Эрсдэлтэй хөрөнгө оруулалт) сангаас өгдөг. Гэвч Монголд энэ харилцаа хөгжөөгүй. Мөнгө босгох ганц арга нь банкнаас зээл авах байдаг. Ялангуяа технологийн гарааны бизнесийн хувьд бүтээл нь биет болоогүй учраас барьцаа хөрөнгө байхгүй гэдэг утгаар зээл өгдөггүй. Тиймээс манайх венчур санг байгуулсан. Үүнийгээ “Open in vention lab” -аас гарсан “АССА” гэж компанид хөрөнгө оруулалт хийгээд амжилттгай явж байгаа. Цаашид Аж үйлдвэрийн яамтай хамтран венчур хөрөнгө оруулалтын санг бүр өргөн хэмжээнд байгуулахаар зорьж байгаа.
-Танайх венчур сангийн хөрөнгөө яаж бүрдүүлсэн бэ?
-Венчур сангийн гишүүд гэж байгаа. Тэд өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө байршуулаад, гарааны бизнест хөрөнгө оруулаад, тэндээс нь хөрөнгө оруулсан хүмүүс хувь эзэмшиж өгөөжөө авах зарчмаар явдаг.
Ё.МЯГМАРСҮХ: ДЭЛХИЙД АНХ УДАА ТЭМЭЭНЭЭС АДУУНЫТОМУУ ҮҮСГЭГЧИЙГ ГАРГАН АВСАН
Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулж буй энэ чуулганд хүрэлцэн ирсэн зарим эрдэмтний үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон судалгааны ажлуудаас сонирхлоо.
“Адуу, тэмээнээс ялган авсан томуугийн А хэвшлийн Н3N8 вирусийн судалгаа” сэдвээр “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлаас биологийн салбарт тэргүүн байр эзэлсэн Ё.Мягмарсүх ингэж ярьж байна.
-Бид удирдагч багшийнхаа хамт дэлхийд анх удаа тэмээнээс адууны томуугийн үүсгэгчийг гарган авсан. Монгол оронд адууны томуу өвчин элбэг учраас бусад амьтанд халдах магадлал өндөр. Тиймээс тэмээн дээр судалгаа хийж. адууны томуугын үүсгэгч вирус гарган авсан. Цаашид бид адууны томуугын үүсгэгч вирус гарган авсан. Цаашид бид адууны томуугын вирусийн эсрэг вакциныг гарган авах зорилготой байна. Ингэснээр бусад зүйл амьтанд халдах эрсдлийг багасгах юм.
-Адууны томуу тийм их гардаг юм уу?
-Наадмын үеэр бүр илүү их гардаг. Учир нь нэг газар олноороо бөөгнөрдөг учраас амьсгалын замаар халдварладаг.
-Манайд малын томуу болон бусад төрлийн өвчлө-лийн талаар судалгаа хэр хийсэн байдаг юм бол?
-Миний удирдагч багш төрийн шагналт доктор Ж.Бэх- Очир анх мал амьтны томуу өвчнийг оношилж байсан.
-Вакцин гаргаж аваад, зөвхөн адуунд хийнэ гэсэн үг үү, таван хошуу малд урьдчилан сэргийлэх байдлаар хийх үү?
-Эхний байдлаар вирус илэрсэн тухайн амьтандаа л тарина. Цаашид бусад мал амьтанд тандалтын ажлаа үргэлжлүүлнэ.
-Яагаад энэ сэдвээр судалгаа явуулах болсон юм бэ?
-Дэлхий нийтэд томуу өвчний гаралт их байна. Зэрлэг шувуунаас тэжээвэр шувуунд халдаж, улмаар хүнд халдахаар хоруу чанар нь ихсээд, хүнийг үхэлд хүргэх аюултай. Адууны томуу бас вирус нь хувираад, бусад амьтан, хүнд халдах магадлал байх вий гэдэг үүднээс манай удирдагч багш зөвлөөд, энэ сэдвийг сонгосон.
Б.ОЮУНЧИМЭГ: ЦӨС ХӨӨЖ, ЭЛЭГ ХАМГААЛАХ ЭМИйГ ИРЭХ ЖИЛ ХУДАЛДААНД ГАРГАНА
“Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлын байгалийн ухааны салбарт судалгаагаараа дэд байр эзэлсэн “Монос”-ын Эм судлалын хүрээлэнгийн судлаач Б.Оюунчимэг ингэж ярьж байна. -Бид цөс хөөж, элэг хамгаалах үйлчилгээтэй шинэ эмийн бэлдмэл гарган авах судалгааны ажил хийсэн. Эхний шатанд технологийн, эмнэл- зүйн судалгаагаа хийгээд, одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаад байж байна.
-Судалгаанд хэр цаг хугацаа зарцуулсан бэ?
-Шинэ эм гарган авахад 5-10 жил үргэлжлэх ч тохиолдол бий. Манай судалгаа бол 2011 онд түүхий эд гарган авах судалгаанаас эхлээд тавдахь жилдээ хийж байна. Одоогоор судалгааныхаа 70-80 хувийг гүйцэтгэсэн.
-Түүхий эд нь юу байх вэ?
-Амьтны болон ургамлын гаралтай нийлмэл найрлагатай түүхий эд. Тухайлбал, амьтны элэг болон цөс хөөх, элэг хамгаалах үйлчилгээтэй эмийн ургамал. Монголдоо олдоц арвинтайг нь харгалзаж, түүхий эдийг сонгодог.
-Энэ төрлийн үйлчилгээтэй эм зах зээл дээр олон байгаа байх. Хэзээ худалдаанд гаргахаар тооцсон бэ?
-Олон бий. Монголдоо ч энэ төрлийн судалгаа цөөнгүй хийсэн. Г эхдээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь цөөхөн. Манайх цөс хөөх болон элэг хамгаалах нийлмэл үйлчилгээтэй учраас онцлог. Жилийн дараа худалдаанд гаргана гэж тооцож байгаа.
М.ЭРДЭНЭЧИМЭГ: УЛААН ХАЛЬСТ САРМИСИЙГ ЗАВХАНЫ БРЭНД БОЛГОХООР СУДАЛЖ ЭХЭЛСЭН
Тус чуулганд 10-аад аймгийн судлаач, эрдэмтэд ирсний нэг нь Завхан дахь МУИС-ийн салбарын захирал, доктор М.Эрдэнэчимэг байлаа. Тэрбээр сургуулийнхаа дэргэдэх судалгааны байгуулагынхаа ажлаас сонирхуулав.
-Үйлдвэрлэлийн баазтай юу?
-Их дээд сургуулийн дэргэд гарааны компани байгуулах асуудал нэлээд яригдаж байгаа. Манай сургуулийн хувьд Завхан аймгийн онцлогийг хадгалсан бүтээгдэхүүн ашиглан гарааны компаниа байгуулахыг зорьж байгаа. Тухайлбал, Завханы улаан хальст сармис гэж бий. Үүнийг Завханы брэнд болгохын тулд манайх судлаад эхэлсэн.
-Орон нутагт ажиллаж байгаа эрдэмтдийн давуу тал нь юу байна вэ?
-Хөгжлийн нэг гарц бол орон нутаг болгон өөрийн давуу талаа тооцож гаргах нь чухал. Миний хувьд мах махан бүтээгдэхүүн, түүний кластерийг хөгжүүлэх сэдвээр дисертаци бичиж докторын зэргээ хамгаалсан. Үүнд орон нутгийн мах махан бүтээгдэхүүний нөөц дээр судалгаа хийж, эдийн засгийн ямар боломж байгааг судалсан.