Ухамсартай, хариуцлагатай төрийн түшээд хэрэгтэй байна
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.11.09

Ухамсартай, хариуцлагатай төрийн түшээд хэрэгтэй байна

Бид өнөөгийн төрд маш шүүмжлэлтэй ханддаг. Нэг талдаа тэдний хийж хэрэгжүүлж буй зүйлд зөв зүйтэй санал санаачлага, ажлуудыг үгүйсгэж боломгүй.

Нөгөө талаас улс төр-нам эвслийн тогтолцоо, төрийн буруу бодлого, эрх баригчдын хувийн ашиг сонирхол зэрэг асуудлаас үүдэн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл энэ хүндрэлээс хэрхэн гарах вэ? Улс төрийн шийдмэг алхмууд, шинэ залуу, эрч хүчтэй, зөв төлөвшилтэй хүн хэзээ гарч ирэх вэ? Нийгэмд үнэхээр хүлээлт үүсээд байна уу?

Эдгээр асуултад хариулт эрэлхийлж, иргэд-ажилчдыг эгнээндээ нэгтгэж, тэдний дуу хоолойг үргэлж сонсож, бодлого шийдвэр гаргагчдад хүргэхийг зорьдог МҮЭХ-ны холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

Төрд итгэх иргэдийн итгэл жил ирэх бүр суларсаар байна гэдэгтэй санал нийлэх үү?

Сүүлийн жилүүдэд төрд итгэх иргэдийн итгэл суларсан нь илт мэдрэгддэг болсон. Бид МҮЭХ-ны гишүүдийнхээ санаа бодлыг сонсоход нөхцөл байдал хүнд байна гэдэг.

Иргэдийн төрд итгэх итгэл буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Төр тухайн улсын иргэдийн сонголтоор байгуулагддаг, сонгогдохын тулд тодорхой зүйлийг амладаг. Амлалтынхаа дагуу хариуцлага хүлээдэг институци. Гэтэл манай төр эдгээр үндсэн үүргүүдээ биелүүлж чадахгүй байна. Зарим үед төрийн гол шинжүүдээ алдаж, бүтээж бий болгосон эдийн засгийн өсөлт, баялгаасаа иргэд ашиг хүртэж чадахгүй байгаагаас тэдний төрдөө итгэх итгэл суларч байна.

Энэ нөхцөл байдлаас үүдэн танай холбоо ажлаа явуулахад хүндрэлтэй байна уу?

2012 оноос хойш МҮЭХ гурван Засгийн газартай хамтарч ажиллалаа. Гурван жилийн дотор гурван сангийн сайд, гурван хөдөлмөрийн сайдтай хамтарлаа. Засгийн газар байнга өөрчлөгдөж байгаагаас байгуулсан гэрээ хэлэлцээр хойшлогдож, шинэ хэлэлцээр байгуулахад хүрч байна.

"Үр дүн авчрахуйц олон асуудал цаг хугацааны хувьд хэрэгжихгүй үлдэж, үнэ цэнэгүй болж байна."
Энэ бүхнээс үзэхэд улс төрийн манлайлал, шинэ хүн гарч ирээсэй гэсэн хүлээлт үүсээд байх шиг?

Төрийн түшээ хүнд эрхэмлэх зүйл, баримтлах чиг шугам гэж байх ёстой. Гэвч одоо эрх барьж буй эрхмүүдийг хараад байхад УИХ-ын гишүүн гэж хэлэхээсээ ичдэг ч болоосой гэж бодогдохоор цөөнгүй хүн бий. Энэ бүхнээс үүдээд төрийн албан хаагчид тэр дундаа УИХ-ын гишүүд бүгд муу нэртэй болчихоод байна.

Гэхдээ өнөөгийн хууль, эрх зүйн орчин тэднийг муу ажиллах үндсэн нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж болно. Ер нь төрийн түшээд гэж заавал УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарыг хэлэхгүй. Хариуцлагатай, залгамж чанартай, эрх зүйн орчин бүрэн төлөвшсөн нөхцөлд л жинхэнэ төрийн түшээд тодорч гарч ирэх боломж бүрдэнэ.

Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо биелэх боломжтой амлалт өгөх хэрэгтэй. Сонгуулиар ялалт байгуулж, бий болсон УИХ, Засгийн газар хоорондоо уялдаатай, хяналттай, хариуцлагатай ажиллаж, улс орны эдийн засагт ээлтэй, хүн бүрийн хүсэн хүлээж буй ажлуудыг хийж бүтээх боломж бүрдэнэ.

"2016 оны сонгуулиар иргэддээ бодитой зүйл амладаг, хариуцлагатай төрийн түшээд хэрэгтэй"
Тэгвэл таны хэлсэн төрийн түшээ гарч ирэх боломж өнөөгийн нөхцөлд байна уу?

Одоо бол илүү мөнгөтэй нь л намдаа өндөр байр суурь эзэлж, сонгуульд нэр дэвших эрхээ авч байна. Тэр ч утгаараа намуудын төлөвшил их чухал үүрэгтэй. Хэдхэн хүний эрх ашгийг хамгаалдаг намууд их байна. Ингэснээр улсынхаа төлөө ажиллая гэсэн хүмүүс гарч ирэх боломжийг хаагаад байна.

Уг нь эрх барьж буй хүчин, УИХ-ын гишүүн, Засгийн газрын түшээдийн эрх, үүргийг хуулинд тодорхой заагаад өгчихсөн. Энэ хүрээндээ ажиллабал болохгүй зүйл байхгүй. Эцсийн дүндээ тэд хэний, юуны төлөө ажиллах ёстой юм бэ? Иргэд юу хүсэж байна, улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэгт төвлөрч ажиллах ёстой биз дээ. Ард түмэн ажилтай, боломжийн цалинтай байхыг л хүсдэг шүү дээ. Гэтэл иргэдийн орлогыг нэмэгдүүлэхгүй хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ тарифыг нэмдэг.

"Иргэдийн өдөр тутмын амьдралын тулгамдсан асуудлаар хүссэн үедээ улс төржиж, олны сэтгэхүйгээр тоглодгоо зогсоох хэрэгтэй."

1990 оноос өмнө хууль, хариуцлагын тогтолцоо, хяналт өндөр байсан учраас сайн төрийн түшээдтэй байсан. Тиймээс одоо төр түшилцэх хүсэлтэй хүн өөрийгөө сайн бэлдэж чадвал улс төрд шинэ хуудас нээх боломж байна.