УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.06/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм болон Конвенци”-ийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай,Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслүүдийг өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг тусган, зохих өөрчлөлт оруулан дахин өргөн мэдүүлж байгаа аж.
Дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2010 оны 10 дугаар сарын 4-нөөс 22-ны өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо хуралдсан Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаар хэлэлцэн баталсан ОУЦХБ-ын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм болон Конвенцийг соёрхон батлуулах шаардлагатай тул “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм болон Конвенци”-ийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ үеэр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. Иргэд, олон нийтэд ардчилсан сонгуулийн ач холбогдлыг таниулах, сурталчилах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Жил бүрийн 07 дугаар сарын 29-ний өдрийг Ардчилсан сонгуулийн өдөр буюу нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж байхаар тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.