Төсвийн төслийн өөрчлөлт орсон хувилбар нь орж ирвэл бид шийдэж өгнө
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.11.05

Төсвийн төслийн өөрчлөлт орсон хувилбар нь орж ирвэл бид шийдэж өгнө

Төсвийн байнгын хорооны дарга Ч.УЛААН:

-“Шударга ёс” эвсэл төсвийн төслийг татаж аваад дахин оруулах шаардлага тавьсан байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар өргөн барьсан төсвөөсөө бодлогын шинжтэй бүтцийн өөрчлөлтийн асуудлаа татаад авчихсан. Ингэснээр тэдний боловсруулсан төслийн бүх зүйл заалтад өөрчлөлт орно. Тэгэхээр Засгийн газар төсөл дээрээ дахиж ажиллах ёстой. Төсвийн төсөлд өөрчлөлт орж байгаатай холбогдуулж Засгийн газар төсвийг гүйцээн боловсруулахдаа Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүдээс гаргасан саналыг тусгаад ороод ир гэсэн саналыг Төсвийн байнгын хороо албан ёсоор Засгийн газарт хүргүүлсэн. Тэгвэл хэлэлцүүлэг түргэн явна шүү дээ.

“Шударга ёс” эвслийн бүлэг бал Засгийн газар төслөө татаж аваад, өөрчлөлтүүдээ хийж дахин боловсруулаад ир гэсэн. Засгийн газар яаж ажиллахаа шийднэ биз. Өөрчлөлт орсон хувилбар нь орж ирж байж бид шийдэж өгнө.

-Сангийн сайд бол УИХ-ын гишүүд өөрсдөө саналаа оруулаад, хэлэлцээд явчих боломжтой. 50 орчим зарчмын зөрүүтэй санал байгаа. Тэдгээрээр санал хураагаад шийдчихзис болно гэсэн байр суурьтай байгаа юм билээ?

-50-аар ч тогтохгүй. 70-80 санал байгаа. Тоондоо гол нь биш. Энэ санал дотор хэдий хэмжээний мөнгө яригдаж, төсвийн орлого, зарлагад яаж нөлөөлж байна гэдэг ноцтой асуудал. Засгийн газар эргээд “Төсвөө танихаа больчихлоо, миний боловсруулсан төсөв биш” гэсэн гомдол гаргахгүй гэвэл УИХ дээр өөрчлөлт хийгээд явуулж болно.

Гэхдээ бодлогын тал хувийг нь татаад авчихсан, дээр нь ийм олон өөрчлөлт орох болохоор их задгай төсөв болно доо. Бид төсвийн тэнцлийг өөрчлөхгүй, алдагдал нэмэхгүй, хуульд яв цав нийцүүлнэ гэсэн зарчим баримталж байгаа. Эдгээрийг харгалзаад хөлийн дүнг нь өөрчлөхгүй, дотор нь зохицуулалт хийнэ.

-Үндэсний аудитын газраас “Орлогоо бодитой болго” гэсэн зөвлөмж өгсөн байна билээ. Орлогоо бодитой тооцоогүй гэж ойлгож болох уу?

-Орлого тал дээр эргэж харах, нарийвчилж үзэх зүйл байгаа. Тухайлбал, өмч хувьчлалаас төвлөрүүлнэ гэж тооцсон орлого бодитой биш байна. 2016 онд хувьчлах обьектын жагсаалтад ороогүй, хувьчлах бэлтгэл ажил нь эхлээгүй Төрийн банк, МИАТ-ыг хувьчилж, төсөвт 100 тэрбум төгрөг оруулна гэсэн байна. Энэ бүтэхгүй байх эрсдэлтэй. Оны эхний хагаст хувьчилж амжихгүй бол сүүлийн хагаст сонгууль, төр засгаа байгуулах гэсээр байтал он дуусна. Тэгэхээр нэг бол их хөнгөн гоомой хувьчлал болно, эсвэл хувьчилж амжихгүй. Энэ нь эргээд төсвийн орлогод нөлөөлнө.

-Хуульд заасан хугацаандаа төсвөө баталж амжих уу?

-Чадна шүү дээ. Юунд нь эргэлзээд байгаа юм бэ.

-Өргөн бариад сар гаруй болчихсон байхад татаж авах тухай ярьж байна. Гэтэл хуульд заасан хугацаа дуусахад ажлын долоо хүрэхгүй хоног үлдээд байна шүү дээ?

-Засгийн газар өөрчлөлтөө оруулаад ирвэл хэлэлцэхэд хоёр хоногийн л ажил шүү дээ.