Эрдэнийн хувийн тухай хуулийн төсөл өргөн барив
2009.06.18

Эрдэнийн хувийн тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү нар Эрдэний хувийн /Баянмонгол корпораци/ тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Монгол Улсын Үндсэн хуулинд “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан билээ.

Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх жин нэмэгдэж, тус салбарын үйлдвэрлэлт, борлуулалт, экспортын хэмжээ эрс өсч байгаа боловч байгалийн баялгийн өгөөжөөс хүн амд ногдох хувь хэмжээ туйлын бага хэвээр байгаа юм.

Ойрын үед Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ болон эл салбараас улсын төсөвт хуримтлагдах орлого олон дахин өсөх төлөвтэй байна.

Түүнчлэн 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулж байгалийн баялгийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим чухал зохицуулалт хийсэн боловч Үндсэн хуулийн дээрх үзэл баримтлалыг шууд хэрэгжүүлэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэнгүй гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж байгаа аж.

Иймээс тэд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг захиран зарцуулж, уул уурхайн болон нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх замаар орлого хуримтлуулж олсон ашгаасаа Монгол Улсын бүх иргэнд хувьцаа эзэмшүүлэн ногдол ашиг хуваарилдаг үндэсний хэмжээний корпораци байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ тухай хуулийн төсөл санаачилсан байна.

Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон хоёр намын хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, парламентад суудалтай Ардчилсан нам, МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухайлсан заалтуудтай бүрнээ нийцэж байгааг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ хуулийн төсөл нь зургаан бүлэг, 18 зүйлтэй юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.