УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэр бүлийн тулгамдсан асуудлаар илтгэл тавилаа
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.10.29

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэр бүлийн тулгамдсан асуудлаар илтгэл тавилаа

МАН-аас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж, хэд хэдэн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Тэдгээрийн нэг нь “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлэг байсан юм. Хэлэлцүүлэгт нас насны эмэгтэйчүүд хамрагдаж нь гол илтгэлийг УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, доктор, дэд профессор Д.Оюунхорол тавьсан.

Тэрбээр “Гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам” илтгэлдээ “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн улс төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарсан боловч энэ нь суурь түвшинд хангалттай нөлөөлж чадсангүй. Оновчтой шийдэл нь ажил хэрэг болж, оноогүй хэсэг нь асуудал хэвээрээ үлдсээр байна. Гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үнэ цэнэ ирээдүйн Монголын иргэдийн ёс суртахууны өлгий нь болж байх учиртай билээ. Эртний сэтгэгч нэгэнтээ төр улсын анхны нэгж бол гэр бүл юм гэж хэлсэн байна. Гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй. 

Гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй.

Тэд бүгд нийгмийн анхдагч орчин болох гэр бүлд төрж амьдарч, суралцаж, нийгмийн харилцаанд оролцож улс орныхоо үнэ цэнэтэй иргэн болдог. Монгол төрийн бодлого гэр бүлд л бодит биелэлээ олж үндэс сууриа бэхжүүлдэг. Монголын орхигдсон уламжлал гэр бүлд хадгалагдаж, өнөөгийн бүтээлч үйлсийн эзэд гэр бүлд амьдарч, ирээдүй маргааш мөн л гэр бүлд үндэс сууриа тавьж байна.” хэмээсэн.

Мөн Д.Оюунхорол гишүүн өнөөгийн гэр бүлийн талаар “Амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр, энэ бүхнээс хүүхдүүд хохирсоор байна. Өнгөрсөн онд 3522 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан нь өмнөх оноосоо даруй 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Сүүлийн үед залуу гэр бүл гэлтгүй олон жил амьдарсан хосууд ч салах нь ихсэв. Гэр бүл цуцлалтын гол шалтгаан нь гэр бүлийн боловсрол хангалтгүй, гэр бүлийн хүчирхийлэл даамжирсан байдал, гадаадад удаан хугацаагаар ажиллах, хөдөө орон нутагт гэр бүлээс нь тусгаарлаж олон хоног, сар, жилээр ажиллуулах, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа болж байна. 

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоо зөвшөөрөгдсөн стандартаас хэт олширсноос архинд донтох өвчнөөр өвчлөгсөд улам бүр залуужиж, охид, эмэгтэйчүүд ч татагдаж орсоор байна.” гэдгийг ч илтгэлдээ дурьдсан. Түүнчлэн Д.Оюунхорол гишүүн хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “Өрх толгойлсон эцэг/эхийн халамжийн тухай” хуулийг санаачилан боловсруулахаар судалгааны ажил хийж байгаа аж. Хуулийн зорилт нь өрх толгойлсон ганц бие эцэг/эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах гэнэ. 

Мөн илтгэлдээ тэрбээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, санхүүгийн байдал зэргийн талаар дурьдаж, энэ талаарх судалгааны ажил болон хийж хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар ч хэлж байсан юм. 

Эрхэм гишүүн илтгэлийнхээ төгсөглд “Бидний ирээдүй болсон үр хүүхдийнхээ хүн болохын утга учир, хувь хүний төлөвшилд онцгой анхаарч зөв зуршилтай, зөв амьдрах зүрх сэтгэлтэй, хүнийг хайрлах хүндлэх монгол ёс заншилтай хувь хүн болгон төлөвшүүлэн, хүмүүжүүлэх талд онцгой анхаарахыг уриалж байна.” гэлээ.