Би юу ч хийхгүй, хэлэхгүй, хэн ч биш байвал хэн ч шүүмжлэхгүй, маргалдахгүй л дээ
Сүүлийн үед УИХ-ын байнгын хороодоос нэлээн ачаалалтай ажиллаж байгаа нь Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хороо гэж тодорхойлж болно.
Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 30 хувь, тэр дундаа Монголын 500 гаруй шүүгчийн цалинг 63 хүртэлх хувиар хорогдуулахаар төсөвлөн оруулж ирсэн нь ялангуяа Хуульзүйн байнгын хороон дээр томоохон маргаан, мэтгэлцээн үүсгээд байгаа.
Нэг талаас Сангийн сайд Б.Болор, УИХ-ын дарга З.Энхболд гээд олон улстөрч “Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байгаа энэ үед зайлшгүй цалингийн хасалт, таналт хийх ёстой” гэсэн байр суурин дээр хатуухан зогсож байгаа бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Үндсэн хуулиар онцгой бүрэн эрх нь хамгаалагдсан шүүгч нарын цалинг ямар ч үед хасах ёсгүй” гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа.
Хоёр талын энэхүү хатуу байр суурийг зөөлрүүлэх, алтан дундажийг олох амаргүй хариуцлага Хуульзүйн байнгын хороон дарга Д.Ганбатад ногдож байгаа. Энэ мэтийн олон асуултад хариулт авахаар Д.Ганбат даргатай уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц улстөрждөг, нэг намд "үйлчилж" шийдвэр гаргадаг боллоо гэсэн яриа гарсаар байна. Жишээлбэл танай байнгын хорооны гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал тавьсныг Үндсэн хуулийн цэц хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Энэ мэтчилэн асуудал босч ирээд байгааг Хуульзүйн байнгын хороон даргын хувьд хэрхэн дүгнэж, асуудлыг аль талаас нь харж байна?
-За ерөнхийдөө Үндсэн хуульд заасан манай хууль эрхзүйн систем хэрхэн яаж ажиллах вэ гэдэг зарчмаар л явж байгаа шүү дээ. Цэцийн дүгнэлтийг байн байн хэлэлцэж байна, олон дахин ярьж байна гээд шүүмжлэх гишүүд байдаг. Миний хувьд энэ нь эрхзүйт төрийн хувьд байх ёстой л асуудал гэж үздэг. Монгол Улс ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцоонд шилжээд 25 жил болж байгаа орон. Парламентын хэв шинж бас ч гэж гайгүй төлөвшиж, олон хууль баталж, засаглал хуваах зарчим нь үйлчилж, Үндсэн хуулийн цэц өөрийнхөө гол ажил Үндсэн хуулийг хэрэгжилт, биелэлтэд хяналт тавиад ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд УИХ 500 гаруй хууль баталсан болов уу. Европын хөгжилтэй орнууд, АНУ гээд 200-300 жилийн парламентат ёсны өв соёл, түүхтэй орнуудад ч таны асуусан дээрх маргаан, мэтгэлцээн явж л байдаг юм билээ. Үндсэн хуулийн цэц, УИХ-ын хооронд үүсдэг ялихгүй мэтгэлцээн, асуудлыг нэг их сүр бадруулж гайхаж мэгдээд, хараад байх хэрэггүй юм. Мэдээж УИХ-аас батлан гаргасан хуулиуд олон шүүлтүүрээр ороод явна. Батлагдан гарсан хууль болгон 100 хувь амьдралд хэрэгждэг, бүгд зөв, сайн байна гэж байхгүй шүү дээ.
Тийм ч учраас Үндсэн хуулийн бүх зүйл заалтыг хянаад сууж байдаг Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн санал нэгдээд батласан шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг л даа. Тийм ч учраас бид бүхний энгийн хар ярианд “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байна” гэж яригддаг. Гэхдээ яг үнэндээ Үндсэн хуулийн цэцийн дээр “Хөх тэнгэр” биш, хууль л байна шүү дээ. Бид бүгд Монгол Улсын хуулийг дээдэлж, хуулийн дор тэгш эрхтэй амьдрах учиртай эрхзүйт нийгэмд амьдарч байгаа.
-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос болоод өнгөрсөн наймдугаар сарын 11-нд батлагдсан хууль бүрэн хэрэгжихгүй хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хуульд Ерөнхийлөгчийн хориг сууж батлагдах найдлага байна уу?
-Өршөөлийн тухай хууль батлагдаад хоёр сар хагасын хугацаа өнгөрч байгаа нь үнэн. Энэ хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн авсан завсарлага авсан. Дахин сунгасан. Гэхдээ одоо тэр хугацаа нь үндсэндээ дуусч байгаа. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэ асуудал удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд шийдэгдэх нь тодорхой.
-Та бүхэн цонхоороо харсан бол Халхголд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэн Хөдөлмөрийн үндэсний нам, Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн дэмжигчдийн хамт өнгөрсөн долоодугаар сарын 9-нд батлагдсан УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцлийн жагсаал хийж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
УИХ-ын гишүүн Д.Ганбат
-Мэдээжийн хэрэг энэ асуудлыг хамгийн эхлээд Дорнод аймгийн Халхгол сумын иргэдээс асуух шаардлагатай. Хэдэн үеэрээ амьдраад ирсэн газар нутагт нь чөлөөт бүс байгуулахыг нутгийн иргэд дэмжиж байна уу үгүй юу, чөлөөт бүс байгуулснаар бид юу олж авч, юугаа алдах вэ гэдгийг маш нарийн тооцоолж, судалгаа шинжилгээг тухайн орон нутгийнх нь онцлогтой уялдуулан мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх ёстой юм. Газар нутгаа бусдад түрээслүүлнэ, чөлөөт бүс байгуулна гэдэг бол тэр нутагт хэдэн үеэрээ амьдраад ирсэн унаган иргэдийн хувьд маш эмзэг асуудал гэдэг нь хэнд ч тодорхой зүйл.
Ийм эмзэг, маш хариуцлагатай хандах асуудлыг дээрээс хэн нэгэн сайд дарга шийдээд доош нь үүрэг өгөөд болчихдог зүйл биш. Үнэхээр тухайн орон нутагт зайлшгүй хэрэгтэй байгаад, ард иргэд нь хүлээн зөвшөөрч байгаа бол түүнийгээ маш сайн тайлбарлаж, ард иргэдийн санаа бодол, хүсэл сонирхлыг нэлээн ул суурьтай суулгаж өгөх ёстой л доо. Тэгж тайлбарлахгүйгээр, гэнэтхэн нэг өдөр яарч сандран шийдвэр гаргачихаад “Бид ингэж шийдвэрлэсэн” гээд ард түмэнд тулган шаардлага маягаар хандаж хэрхэвч болохгүй.
Бид өнөөдөр шал өөр нийгэмд амьдарч байгаа гэдгээ мартаж болохгүй. Тухайн орон нутгаа хамгийн сайн мэдэх нутгийн иргэдийн санаа бодлыг үл хүндэтгэж, төрийн нэрээр хүчирхийлж яагаад ч болохгүй. Товчхондоо Дорнодын Халхгол сумын иргэдийн эрх ашиг, амьдрах орон зай руу гэнэтхэн халдсан харалган шийдвэрийг Монголын төр гаргаж яагаад ч болохгүй. Энэ шийдвэрийг гаргахдаа Засгийн газар, түүний сайд нар багагүй алдаа гаргажээ гэдэг нь одоо харагдаж байна.
-Чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн Халхголын 500 мянган га бол Люксембург, Макао, Хонгконг, Сингапурын газар нутгийг нийлүүлснээс ч том газар гэсэн тооцоог Хөдөлмөрийн үндэсний намынхан хийсэн байна лээ. Энэ том газрыг хашиж, чөлөөт бүс байгуулах цаг нь одоо мөн үү?
-За яах вэ. Ерөнхийдөө мэдээлэл хоёр, гурван янзаар тарж байгаа нь ойлгомжтой. Аль аль талынх нь мэдээллийн хамгийн үнэн бодитойг нь сонсож, судалж байж эцсийн шийдвэр гарах ёстой. Монгол Улс өөрөө бэлчээрийн мал аж ахуйтай болохоор малын халдварт өвчин багагүй гардаг. Байдал ийм байгаа болохоор бид малаа тэр болгон экспортлоод байж чадахгүй байна л даа.
Миний хувьд тодорхой хэмжээний газар нутаг гаргаад малаа эрүүлжүүлэх, тэр талын судалгаа шинжилгээний бааз байгуулах гэж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Харин нөгөө талаас Халхголын 500 мянган га газрыг олон жилээр гадныханд өгөх гэж байна гэж шүүмжилж, жагсаж тэмцээд байгаа. Яг үнэхээр Халхголын тэр сайхан үржил шимтэй, том хэмжээний газрыг олон жилээр гадныханд өгөх гэж байгаа бол мэдээж буруу.
Тэр асуудлаар бол би эсрэг санал өгнө. Харин зохих хэмжээний газарт малаа эрүүлжүүлж, эрүүл мал өсгөөд гадагш нь гаргах гэж байгаа нь үнэн бол түүнийг дэмжинэ. Гэхдээ энэ хоёр асуудлын яг аль нь үнэн бодитой вэ гэдгийг одоогоор би сайн ялгаж, салгаж ойлгохгүй байгаа. Энэ асуудал чинь өөрөө өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүдэд ч их бүрхэг байгаа л даа.
-Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны төсөвт шүүгч нарын цалинг 63 хувь хүртэл хасах заалт байгааг Шүүхийн ерөнхий зөвлөл ширүүн эсэргүүцэж байгаа. Уржигдар Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүгчдийн цалинг итгэлцүүрээр тогтоох бус хатуу тоогоор тогтоох нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Тэгэхээр шүүгчдийн цалинг хатуу тоогоор тогтоох нь гэж ойлгож болох уу?
-Ер нь ардчилсан, эрхзүйт төрийн тогтолцоотой манай орны хувьд хувь хүний цалин хөлс рүү дур мэдэн халдаж, хасч танах нь буруу л даа. Тэр тусмаа Үндсэн хуулиар бүрэн эрх нь хамгаалагдсан шүүгчдийн цалинг 63 хүртэл хувиар хасахаар оруулж ирж байгаа Засгийн газрын төслийг дэмжихгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэг л байгууллага буюу шүүхийг хэнээс ч, хаанаас ч хараат бус байна гээд заачихсан байдаг. Хорин жилийн өмнө Үндсэн хуульдаа тэгж заачихаад өнөөдөр бид ухралт хийж болохгүй. Монгол Улсын хэмжээнд үндсэндээ 520 шүүгч л ажилладаг юм шүү дээ.
Монголын ард түмэн хэрэг, маргаанаа шударга шүүхээр шүүлгэж, эрх ашиг нь хохирохгүй байхын тулд шүүх, шүүгч нар нэн ялангуяа Засгийн газар, УИХ-аас хараат бусаар ажиллах ёстой л доо. Одоогийн байдлаар олон нийтийн сэтгэл зүй шүүхийн хараат бус байдлын талаар төдийлөн сайн ойлголтгүй, санаа бодол нь эргэж буцах юм байгааг үгүйсгэхгүй. Тэр тусмаа УИХ-д сууж байгаа өөрсдийгөө хуульч гээд байгаа энэ хүмүүс асуудлын голыг сайн ойлгож, Үндсэн хуулийн зүйл заалтад нийцүүлэн шийдвэрлэх ёстой юм.
Үнэхээр тав, зургаан сая төгрөгийн цалин аваад байгаа бол буруу. Шүүгч нарын 70 хувь нь нэгээс гурван төрлийн банкны зээлтэй байгаа гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ярьсан байна лээ. Үнэхээр шүүгч нар тийм их зээлтэй байгаа бол банкныхаа зээлийг асуудалгүй төлөөд, үлдсэнээр нь амьдрал ахуйгаа зохицуулаад байх боломжийн хэмжээнд цалинг нь тогтоож өгөх ёстой л гэж бодож байна.
Тэгэхгүй бол шүүгч нар сонгогдох эрх эдэлдэггүй, гадуур илүү дутуу ажил хийж болохгүй, бидний зүгээс авлигад автагдаж байна гэж байнга шүүмжилдэг гээд шүүх, шүүгч нартай холбоотой бодитой зовлон бас их байдаг. Шүүх, шүүгч нарыг авлигаас ангид байлгах, зөв зүйтэй шийдвэр гаргуулах хамгийн гол хүчин зүйл нь уг нь хангалттай хэмжээний цалин хөлс юм л даа. Гэхдээ бид өнөөдрийнхөө бодит байдалд нийцүүлээд энэ асуудлыг их уян хатан, аль аль талаа бодож шийдэх учиртай юм.
-Энэ удаагийн парламент зайлшгүй шийдэх ёстой асуудлын нэг нь Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон өөрчлөлт”-өө засах ёстой гэж анхнаасаа л ярьцгаасан ч ажил хэрэг болгож чадахгүй байгаа. Одоо тэгээд ч хуулийн хугацаандаа амжихгүй болж байх шиг байна л даа?
-Үндсэн хууль батлагдаад 25 жил, “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг хийгээд 15 жил өнгөрч байна. “Дордуулсан долоо, сайжруулсан ганц нэг өөрчлөлт” гээд л ярьдаг. Харин энэ парламентын тухайд Үндсэн хуулийн нэлээн хэдэн зүйл, заалтыг өөрчлөх ёстой гэж эхнээсээ л ярьсан. Нийгэмд ч тодорхой хүлээлт үүсчихсэн байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж л байна.
Ажлын хэсгийн гишүүдийн ярьж байгаагаар Засгийн газар тогтворгүй байгаа өнөөдрийн нөхцөлд зарим нэг зоригтой өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх ёстой гэж байгаа. Мэдээж Засгийн газар нь хоёр жил хагас ч юмуу, жил хүрэхгүй солигдоод байвал гадаад орчин, дотооддоо ард түмний аж амьдрал доройтох гээд олон хүндрэл бэрхшээл гарч, монголчууд бидэнд л муу байх нь ойлгомжтой. Хараад байхад манайх шиг ойр ойрхон Засгийн газраа унагаад байдаг улс орон алга шүү дээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг маш тодорхой зааг ялгаатай болгох зайлшгүй шаардлага байгаа. Өнөөдөр бол Ерөнхийлөгч нь ч асуудал шийдэх гээд байгаа юм шиг, Засгийн газрын ажлыг УИХ нь булаацалдаад байгаа ч юм шиг хөл толгойгүй, замбараагүй байгааг бид бүгдээрээ л харж байна. Эцэстээ хэн нь ч хариуцлага хүлээдэггүй. Ийм замбараагүй, эрх мэдлийн давхардал, хэн нэгнийгээ үгүйсгэсэн байж болохгүй л дээ. Үүнийг яаралтай засч, залруулахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх л ёстой.
-УИХ-ын 19 гишүүн гарын үсгээ зураад л Засгийн газар юмуу, аль нэг сайдыг огцруулахаар асуудал өргөн барьдаг нь аль хэр оновчтой арга вэ. Энэ асуудал ингээд л яваад байх нь зөв үү?
-Энэ зөв гарц биш ээ. Үндсэндээ энэ парламентын ихэнх хугацааг дарга нарыг томилох, огцруулах, сандал ширээний маргаан, наймаалцал яваад дуусах тийшээ хандаж байгааг бүгдээрээ л харж байна. Засгийн газар юмуу аль нэг сайдыг огцруулаад Монгол Улсын амьдрал сайжирдаг бол сайжрах хугацаа өнгөрлөө л дөө.
Тэгэхээр УИХ-ын аль нэг гишүүн дээрх асуудлыг өргөн барьдаг жишгийг хязгаарлах, бүр байхгүй болгох чиглэлд явах ёстой л гэж боддог. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ч гарчихсан байгаа. Харин Их суудлынхаа хуралдаанаар хэрхэн шийдэхийг одоогоор хэлэх боломжгүй юм. Их суудлын хуралдаанаараа дунд суудлынхаа хуралдааны шийдвэрийг баталгаажуулвал УИХ-ын аль нэг гишүүн Засгийн газраар тоглоод байдаг асуудал байхгүй болох нь тодорхой л доо.
-Та Хуульзүйн байнгын хороон даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Таныг ширүүхэн шүүмжилдэг нэлээн хэдэн гишүүн байдаг. Жишээлбэл Ц.Нямдорж гишүүнтэй учир зүйгээ ололцож чадаж байна уу?
-Бидэнд амин хувийн асуудал огтхон ч байхгүй л дээ. Тэдгээр хүмүүс юу гэж бодож явдаг юм би мэдэхгүй. Миний хувьд юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй, хэн ч биш байвал хэн ч шүүмжилж, маргалдахгүй шүү дээ. Мэдээж энэ ажлыг боломжийн хэмжээнд хийж байна гэж АН-ын бүлэг, УИХ үзсэнээр нь хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаад л явж байна. Санал зөрөх, маргах, мэтгэлцэх зүйл байхгүй бол байнгын хороо гэж байх утгагүй юм. Бидний ажлын онцлог нь мэтгэлцээн дундаас л хамгийн зөв гарцыг олох, зөв шийдвэр гаргахад оршдог.
Тэр тусмаа манай байнгын хороо сүүлийн үед маш олон хууль дээр ажиллаж, сайн мэтгэлцэж, маргаан өрнүүлсний үр дүнд сайн хууль гарч байгаа. Эдгээрт ялангуяа парламентад олон жил болсон Ц.Нямдорж зэрэг туршлагатай, зангаргатай гишүүдийн байр суурь маш чухал байдаг. Түүнийг миний хувьд хүндэтгэн хүлээж авдаг.
-Байнгын хорооны даргын марафоноос болж үл ойлголцол үүсээд байсан Ш.Түвдэндорж гишүүнтэй эр хүнийхээ хувьд учир зүйгээ ололцсон уу?
-Бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй. Бид чинь амьд хүмүүс болохоор хэн хэнд нь тухайн цаг үеийн алдаа, оноо байна шүү дээ. Явдаг асуудал явдаг чиг шугамаараа явж, бид ч учир зүйгээ олоод л дууссан. Эрчүүдийн хооронд тэр зэргийн зүйл дээр учраа олоход үүсээд байх асуудал байхгүй л дээ.