“Бид хамтдаа” байгаль орчин, аялал жуулчлалын асуудлаар хэлэлцлээ
МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум
2015.10.28

“Бид хамтдаа” байгаль орчин, аялал жуулчлалын асуудлаар хэлэлцлээ

МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумын “Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанд энэ салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 200 орчим хүн оролцов. Хуралдаанд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол “Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавив. 

Тэрбээр илтгэлдээ хамгийн түрүүнд орчны бохирдлын асуудлыг хөндсөн юм. Агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотын хувьд бус Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн төвүүдэд ч тулгамдсан асуудал болжээ. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул голын бохирдол усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрсэн байна.

Хот суурин газрын гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрс, орчны бохирдол, хог хаягдлын асуудал зэрэг агаар орчныг бохирдуулагч олон асуудлын хөндлөө. Түүнчлэн ус, ой, амьтан ургамал, газрын доройтол зэрэг байгаль орчны салбарын бүх салаа мөчрийн асуудлыг цогцоор хөндсөн юм.

/МОНГОЛ ТВ/

Газрын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жил бүр 45 орчим тэрбум төгрөг ордог бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар газрын нөөцийн төлбөрийн 30-аас доошгүй хувийг газар зохион байгуулах, газрыг хамгаалж нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газрыг бохирдол, доройтлыг бууруулах ажлыг хийхэд зарцуулах шаардлагатай.

Гэвч энэ хөрөнгө улсын төсвийн нөхөөс болдогт шүүмжлэлтэй хандлаа. Харин Ногоон хөгжлийн бодлогын тухайд, ногоон эдийн засгийн хөшүүргийг бий болгох эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, ногоон хөгжлийн бодлого болон бусад салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай зэрэг олон асуудлыг онцлов. Түүнийг БОНХАЖ-ын сайдаар богино хугацаанд үр бүтээлтэй ажилласны хувьд энэ салбарын асуудлыг төрийн бодлогын төвшинд шийдвэрлэхэд чухал хүн гэж салбарынхан үзэж байгаа нь “Бид хамтдаа” форумын хэлэлцүүлгээс илт байв.

МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн гишүүн Баасанжав гуай, орон нутгийн удирдлагад хууль мэдэхгүй хүн олноор очиж байгаагаас байгаль орчны хуулийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгаад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг онцгой анхаарахыг хүсэв. Мөн МБОИЗ-ийн гишүүн Хурцаа, ан амьтныг хамгаалах асуудлаар одоогийн сайдтай хамтран ажиллахыг түүнээс хүссэн . МБОИЗ-ийн гишүүн Оюунчимэг хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх захирамж гаргаж, ой бүхий аймгуудыг гал түймэртэй тэмцэх зэрэг олон ажлыг цэгцэлж өгсөнд талархал илэрхийлж, хамтран эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.

Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индра Монгол Улс “ITB Berlin”-д “Nomadic by Nature” имижээ тодотгож, амжилттай оролцсон, Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрөө батлуулсан. Тиймээс дараагийн сонгуулиар ямар ч төр, засаг гарсан, энэ салбарт нэгэнт олсон ололт, амжилтуудыг нураалгүй, тасалдуулалгүй авч явахыг чин сэтгэлээс хүслээ. 

Салбар хуралдаанд, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч, доктор З.Батжаргал “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд” сэдвээр мөн илтгэл тавилаа. Харин “Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийг Аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгааны төвийн тэргүүн, Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгжийн удирдагч доктор Д.Гансүх тавьсан юм.