Монголыг зорих БНХАУ-ын жуулчдын тоо буурчээ
Монголыг зорих БНХАУ-ын жуулчдын тоо буурчээ
2015.10.19

Монголыг зорих БНХАУ-ын жуулчдын тоо буурчээ

Монгол Улсад ирсэн жуулчдын тоо үл ялиг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний есөн сард 317 мянган жуулчин Монгол Улсад ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар нэмэгджээ.

Нэгэн үе Монголд ирэх жуулчдын тал орчим хувийг бүрдүүлж байсан хятад жуулчдын тоо жилээс жилд буурч буй юм. Тухайлбал энэ онд БНХАУ-аас 112 мянган жуулчин ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Хэдий тийм боловч Монгол Улсад ирсэн гурван жуулчин тутмын нэг нь БНХАУ-аас ирдэг гэдгийг салбарынхан нь онцолж байгаа юм. Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний газраас мэдээлснээр жуулчлалын зорилгоор ирэх гадаадад зорчигчдын тоо жилээс жилд нэмэгдсэн байна.

Ялангуяа ОХУ, БНСУ, Казакстанаас ирэх жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Жуулчдыг хүлээж авах, угтах үйлчилгээгээ сайжруулахад салбарын яам анхаарч байгаа болохыг Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг мэдээлсэн юм. Монголбанкны явуулсан судалгаагаар нэг жуулчин Монгол Улсад ирээд өдөрт 126 ам.доллар зарцуулдаг байна.

Жуулчдын зардлын 30 хувь нь зочид буудалд, 24 хувь нь ресторан, хоолны газарт, 20 хувь нь бараа, үйлчилгээний салбарт шингэдэг аж. Мөн энэ салбарыг хөгжүүлэхэд гудамжны тэмдэг, нийтийн тээврийн мэдээллийн төв, угаалгын өрөө, хогны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэх санал жуулчдаас ирүүлсэн байна.