Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2015.10.23

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбараас энэ оны есөн сарын байдлаар 827,9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794,6 тэрбум төгрөгийн орлого ороод байна.

Газарын тосны салбар 213.7 тэрбум орлого төвлөрүүлэхээс 128 тэрбум төгрөгийг оруулжээ. Харин Оюутолгой компани энэ оны есөн сарын байдлаар 310.2 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрийн хувьд 202.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед Оюутолгой 167.7 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 307.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Олох ёстой орлогоо дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн дутуу төвлөрүүлсэн учраас тодотгол хийх нь зүйн хэрэг гэж гишүүд үзэж байлаа. Тиймээс хасалт, таналтыг цаг алдалгүй хийж хэмнэх хэрэгтэйг гишүүд онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 100 тэрбум төгрөгөөр шинэ хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг болимоор байна. 2016 онд эхлээд тэр ондоо дуусгана гэж байна. Сонгуультай жилд шинээр юу ч хийж чаддаггүй юмаа. Чи ялагдсан уу, би ялсан уу гэж маргасаар дуусна. Үүнийг болих хүсэлтийг би их олон удаа хэлж байна шүү.

Улсын төсвийн тодотгол сонгуулийн өмнө батлагдаж байгаа учир эрх баригчдыг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт оруулаагүй мэтээр ойлгох, хасалт таналтыг батлах идэвхи сөрөг хүчинд бий мэт харагдаж байгаа. Ирэх оны зургадугаар сард эхлэх сонгуулийн синдромыг өнөөдрийн төсвийн хэлэлцүүлэгт чирч авчиран ашиг сонирхлоо гаргалгүй дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, танах ёстойгоо танаж, танахгүй салбараа тодотгох хэрэгтэйг хатуухан сануулах гишүүн байсан юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Өнөөдөр байгаа нөхцөл дээр ярий. Хүнд байгаагаа бүгд ойлгож байгаа. Бусад оронд чи тэр монголд ч тэр тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагийг нийгмийн зүгээс байнга тавьж байдаг. Түүний хариуд үнэхээр нэмж чадахгүй бол засгийн газар, төрийн албан хаагчид нь өөрсдөө цалингаа хасдаг ийм жишиг бусад оронд бий. Цалин нэмэх нь бүү хэл өөрсдөө бүсээ чангалж байна гэдгээ харуулдаг жишиг рүү явах хэрэгтэй. Ер нь амьдрал үргэлжилнэ. Сонгууль болсон болоогүй амьдрал үргэлжилэх л болно. 2016 онд улсын төсвөөс зайлшгүй хийх обьект байж л таараа. Эмнэлэг нь хүнээ хүлээж  авахаа дийлэхгүй болвол хөрөнгө оруулалт хийж л таараа шүү дээ. Бүр байхгүй болгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сонгуулиар монголын ард түмний амьдрал хэмжигдэхгүй.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай, УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...