Ойн салбарыг мэргэжилтэй ажилчдаар хангана
УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, Засгийн газрын 2013 оны 154 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нар гарын үсэг зурж баталгаажуулснаар 2015-2016 онд хэрэгжих эхлэл тавигдаж буй юм.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы танилцуулснаар уг санамж бичгийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай ажилтан, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, бэлтгэх, ажлын байраар хангахад хамтран ажиллах, өдөрлөг, яармаг зохион байгуулж, мэдээлэл түгээх, ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгоход хамтран ажиллах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр мэргэшсэн ажилчдыг МСҮТ-үүдэд бэлтгэх үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй юм.
Түүнчлэн ажил олгогчид, мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран боловсруулсан стандарт, сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар сургалт явуулан төгсөгчдийн ур чадварыг хөндлөнгөөс үнэлж, гэрчилгээжүүлэн, мэргэжлийн зэргийг тогтоож, цалин хөлстэй уялдуулахад хамтран ажиллах нь ч Хөдөлмөрийн яамны үүрэг гэдгийг Г.Баярсайхан сайд онцолсон. Тэрбээр онцгойлон ойн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр сонгосон тухайгаа “Монгол орны маань нийт газар нутгийн ердөө 8,0 хувийг ой мод эзэлдэг.
Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол ялангуяа хүний буруутай үйл ажиллагааны улмаас энэ багахан нөөц минь жилээс жилд багасч байгаа. Сүүлийн 20 жилд түймэр, хортон шавьж болон хууль бус мод огтлолтоос шалтгаалан 1,2 сая га-гаар ойн талбай хорогдсон гэсэн статистик бий. Тиймээс бид ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх нь зөв гэж үзсэн” хэмээн тайлбарласан.
Энэхүү санамж бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтнүүдийг тогтвортой хөгжил, ногоон хөгжил, ногоон ажлын байр, холбогдох ур чадварыг бий болгох сургалтад хамруулах, ногоон ажлын байрны мэдээллийг цуглуулах, боловсруулах арга зүйг сайжруулах, туршилтын судалгаа явуулах, хот, орон нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг хангах, салбар дундын зохицуулалтыг бий болгоход дэмжиж, хамтран ажиллах зэрэг хэд хэдэн үүргийг хүлээж байгааг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг танилцууллаа.
Ойн салбарыг мэргэжилтэй ажилчдаар хангана
Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн Булган, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд ойн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын техник тоног төхөөрөмжөөр хангах, өндөр хөгжилтэй орнуудад ойн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургагч багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, ойн чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа МСҮТ-үүдэд дадлагын бааз суурийг бэхжүүлэх зорилгоор сургалт-дадлагын зориулалтаар ойн санг эзэмшихэд дэмжиж ажиллахын хамт бэлтгэгдсэн ойн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангахаар уг санамж бичигт тусгажээ.
Улсын хэмжээнд 1500 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 10 хүрэхгүй хувьд нь мэргэжлийн хүмүүс байдаг гэсэн мэдээллийг Н.Батцэрэг сайд мөн өгсөн. Санамж бичиг хэрэгжсэнээр энэ байдлыг өөрчилж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн нэг шалтгаан болж буй ойн нөөц хомсдох аюулыг зогсоох боломж бий болох тухай ч ярьсан юм.
/ТM телевиз/