Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтны цалинг бууруулна
Хууль зүйн байнгын хороо
2015.10.20

Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтны цалинг бууруулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ХЗХ-ны хохирогчдын хохирлыг төсөвт төвлөрсөн 15.6 тэрбум төгрөгөөр барагдуулах хэрэгтэй. Үүний тулд дээрх мөнгийг тодотголд суулгах саналтай байгаагаа хэлсэн.

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийн хийсэн тайлбараар бол 15.6 тэрбум төгрөг гэдэг нь хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг 80-90 хувиар барагдуулах хэмжээний мөнгө аж. Эдгээр хохирогч дотор 1-2 сая төгрөгийн хохиролтой олон хохирогч Хууль зүйн яам болон олон байгууллагаар явж, асуудлыг тавьж байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүслээ.

 УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Орон нутагт ажиллах үеэр санхүүжилт дутуу эсвэл санхүүжилт хаасан гэсэн асуудал ярьж байх юм. Сангийн яамныхан орон нутгийн байгууллагуудыг хэдэн хувьтай санхүүжүүлж байна вэ. Урсгал зардлыг хэдэн хувьтай санхүүжүүлж байна” хэмээн асуухад 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцог:

 -Улсын төсвийн зарлагыг 530 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголыг оруулж ирсэн. Санхүүжилтын хувьд төсөвт байгууллагуудын зардлыг хатуу горимоор санхүүжүүлж байна. Цалин тэтгэвэр, хоол, эм, эрүүл мэнд, боловсрол, цагдаа хүчний байгууллагын бензин шатахуун гэх зэрэг зардлыг саадгүй олгож байгаа. Нийт төсөвт байгууллагын дулаан цахилгааны зардлыг мөн цаг алдалгүй тавьж байна. Бусад зардал дээр хяналт тавьж байгаа. Тавилга, эд хогшил, томилолт, бараа материал худалдан авах гэх мэт зардлыг ерөнхийд нь хязгаарласан гэлээ.

Хуралдааны үеэр хуулийн салбарынхны цалинг хассанаар тэнд ажиллаж буй ажилтан ажиллагсдын амьжиргаа амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн түвшин рүү орчих юм биш биз гэсэн асуудлыг гишүүд тодруулж байлаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцог, “Цалинг 30 хувь бууруулах саналд агентлагийн дэд дарга, дарга, Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтай албан хаагчдыг хамруулна. Үүнээс доош тушаалын ажиллагсдын цалинг 30 хувиар бууруулахгүй.

Үүнд 2900 орчим хүн хамарч, 1,8 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна” хэмээн хариулав. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тус байнгын хороо төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудлаар Засгийн газраас тодруулга авсны үндсэн дээр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.