Эртний далай ресортод зочилсон минь...
Эртний далай ресортод гэр бүлээрээ амарсан нь аялалын тэмдэглэлээс...
УБ БА ХӨВСГӨЛ ДАЛАЙ..
УБ мега хот болжээ, болж. Уг нь Мега хот гэдэг нь 10 саяас багагүй хүн амтай хотыг хэлдэг л дээ. Гэхдээ Монгол улсдаа УБ нь харьцангуй Мега болсон нь тодорхой.
Мега хотын үндсэн бүрдэл хэсгүүд бий болж цэцэрлэгт хүрээлэн, том том худалдааны төвүүд, кино театр, банк санхүүгийн байгууллагууд олноороо жигдэрчээ. Гол нь Мега хотын бас нэг шинж болох хүн амын хэт нягтаршил, утаа униар, авто замын хөдөлгөөний гацаа, дуу чимээ, гэмт хэрэг, баригдаж буй барилгууд олноороо харагдах болсон.
Энэ бүхэн эцэстээ эрүүл мэндийн доройтол, хэт стресс, уур уцаар, бухимдлыг төрүүлэх болсон нь нууц биш. Хэдийгээр хотод стресс тайлах төвүүд олноор байгуулагдаж байгаа ч стрессийг тайлах үндсэн нууц нь УБ хот биш юм. Харин ч эсрэгээрээ эерэг энергийг дарангуйлж байгаа билээ.
Монгол бол нэн эртний түүхтэй орон мөн. Хэдэн мянганаар яригдах биш сая сая жилээр яригдах түүхтэй. Өмнөдийн говиос өчнөөн ихээр олдох динозаврын яснууд нь олон сая жилийн өмнө говь нутгийн элсэн гадаргат хөрс нь далайн ёроол байсныг гэрчилдэг.
Монголд төдийгүй дэлхийд гайхамшигт тооцогдох Хөвсгөл нуур нь 2 сая жилийн өмнөөс яригдах урт түүхтэй. Дэлхийн арван долоон эртний нууруудын нэг юм. Хамгийн гол шинж нь онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн бөгөөд хүний гар огт хүрээгүй гэдэгээрээ алдартай юм. Тув тунгалаг, Цэв цэвэр, Шууд ууж болдог. Монголын цэвэр усны гол нөөц төдийгүй дэлхийд ч дээгүүр үнэлэгдэнэ.
Хөвсгөл гэдэг үгийн гарал үүслийг хөөж үзвэл Түрэг хэлээр Хөх устай нуур гэж ойлгогддог. Үнэхээр хөх усан хормойтой гэдэг шиг хөх цэнхэр өнгийг л та олж харна.
АЯН ЗАМД
Гэр бүлээрээ амрахаар Даваа гаригт УБ хотоос хөдлөв. Хөвсгөл аймаг, цаашилбал Хатгал хүртэл сайхан засмал замтай болсон гэж сонссон учир Tоёота Aлфард - аараа гарлаа. Гэснээс Tоёота Aлфард яг л ийм аялалд зориулсан машин. Засмал замд яг л усан онгоц хөвж байгаа мэт зөөлхөн явдаг. Гэр бүлийн гишүүд, хүүхдүүд арын салонд маш тухтай явдаг бол бүүр арын 3 дахь эгнээгээ дэлгэж ор болгосон бол багачуул нь унтаад явдаг гээч.
Хотоос гарч сүнгэнээд Урьхан оров. Дарханы замын яг голд байрладаг гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Сайхан тохижжээ. Амттай хоолтой, үнэ ч боломжийн юм. Энд биеийн чилээгээ гаргаж амсхийж авсан бол дахиад цаашаа давхина даа.
Энд зөвлөхөд их хол замд гэр бүлтэйгээ явж байгаа бол замдаа тохиромжтой газруудад зогсож амсхийж байсан нь дээр байдаг. Танаас гадна бусад зорчигчид ч биеийн чилээгээ гаргах нь зүйтэй.
Үнэндээ хүмүүс анзаардаггүй болохоос Хөвсгөл далай явах замд 2 өдөр өнгөрдөг. Чухал өдрүүд биш гэж үү? Тэгэхээр замд явахдаа ч гэсэн тухтай, ядралгүй, аз жаргалтай явахыг хичээгээрэй.
АЯН ЗАМЫН ДҮРМҮҮД
Гэр бүлээр хол явахад баримтлах зарим дүрмүүд бий. Уух усаа тохируулах нь тун чухал. Туршлагатай хүмүүс нэг нэг балгаар биедээ шингэж уудаг бол туршлагагүй багачуул нэг амьсгаагаар сав ундаа уучихна, үр дүнд нь “Аав аа, шээс хүрээд байна” гэх дуу! хэ хэ. Иймээс багачуулдаа зааж сургаарай.
Удаан хугацаанд явах учраас нэг уутыг хог цуглуулах зорилгоор бэлтгээрэй. Алимны үлдэгдэл, чихрийн цаас, ундааны сав гээд чамгүй хог бүрэлддэг. Дор дор нь хогийн уутанд хийснээр цэвэрхэн, цэмцгэр явна шүү дээ. Ялаа шумуул багатай, сэтгэл санаа өөдрөг.. Хүүхдүүд ч цэвэрхэн байдалтай өсөж хүмүүжиг.
Ямар ч тохиолдолд зогсох бүртээ жолооч хүн машинаа тойрох, дугуйнуудаа ажиглаж байгаарай
Хол замд янз бүрийн хурц хоол хүнс хэрэглэх хэрэггүй. Хэрвээ хүүхэд тань хэт их шоколад идчихсэн бол машин дотор бөөлжис нь хүрэхэд тун ойрхон байна даа. Нэг л бөөлжөөд эхэлбэл очин очтол сэргэлт авахгүй. Ямар ч хүнсний зүйлийг хэтрүүлэлгүй, бага талд нь хэрэглээрэй. Энэ зөвлөмж бүх хүмүүст хамаатай. Харин жолоочийн хувьд алим сэргээх талдаа бол тараг нойр хүргэж эхэлдэг. Сайхан засмал зам хичнээн ч тэвчээртэй хүний нойрыг хүргэдэг тул савтай кофе бэлтгэж замын туршид бага багаар балгаж уухыг зөвлөе. Нойрыг сэргээх сайн арга нь ямар нэгэн зүйл хийх тул ууттай чипс тавьчихаад нэг нэгээр үмхээд байж болно шүү дээ. Замын гуанзанд хэт их идэх нь жолоочийн нойрыг хүргэдгийг бас анхаарна биз.
Дархан, Эрдэнэт, Мөрөн рүү засмалаар явахад хурд тэртэй тэргүй өндөр болж эхэлдэг. 60 км/цаг хурдтай давхих нь тэр их уудам тал хөндийд мөлхөж байгаа мэт санагдах тул хүссэн ч эс хүссэн ч 90-100 км/цаг түүнээс дээш хурдтай явж эхэлнэ. Манай зам нэг талдаа ганц эгнээтэй тул анхаарал болгоомжоо алдаж огт болохгүй. Жолоочийн анхаарлыг сарниулах бүх зүйлсийг хориглоорой. Жолоочийн хажуугийн зорчигч онцгой үүрэгтэй.
Жолоочид ундааны бөглөө онгойлгох, идэх юмыг бэлдэж өгөх, талхан дээр хиам тавьж өгөх, утсыг нь цэнэглэх, хөгжим CD солих, тамхийг нь асааж өгөх зэргийг үг дуугүй хийж өгч байгаарай. Нээрээ, жолооч бусдыгаа бодоод машиндаа тамхи татахгүй байвал хичнээн сайн. Үнэхээр боломжгүй бол цонхоо бага зэрэг нээх хэрэгтэй. Тамхины ишээ машины зориулалтын савандаа хаяхаа мартуузай. Хаясан иш тань хээрийн түймэр болох аюултай.
Болж өгвөл машиндаа хөгжилтэй түүх ярьж, сонирхолтой сайхан яваарай. Машин доторх муу яриа хүнд атмосфер үүсгэж, хүмүүсийг гунигтай болгодог. Хөгжилдөж явахад зам ч хурдан хорно.
Нэг талаас бид асар уудам тал хөндийд яваад байгаа боловч машин доторх орон зай өчүүхэн билээ. Орон зайгаа гамнах хэрэгтэй. Халуун өдөр машины доторх сэрүүн агаар, өвөл бол дулаанаа барьж байх нь чухал.
Туршлагатай хүмүүс холын аялалд хурдтай явж байхдаа цонхоо нээдэггүй. Бүх цонхнууд хаалттай үед машин нь бүхэл объект болж хувирдаг бөгөөд түүний аеродинамик маш сайн байдаг. Өвлийн нөхцөлд жолооч руу хэт халуун үлээлгэх нь нойр хүргэх аюултайг санаарай. Зуны халуунд жолооч ямар ч тохиолдолд өөр рүүгээ хүйтнээр үлээлгэж байгаарай. Нэг л мэдэхэд зүүрмэглэж явах вий, хамгийн аюултай шүү. Үнэхээр нүд анилдаад тэсэхгүй бол замаас гарч байгаад 15-хан минут унтаад авах хэрэгтэй. Онхолдож байснаас л дээр. Дугхийхэд л нүдний хор гарч, сайхан болоод ирнэ ээ.
Эрдэнэт хот
Хотоос гарч Урьханд зогссон цааш 130-150 км яваад Дархан орно. Дарханы наана “Эрдэнэт хот” гэсэн хуучирсан ч гэсэн нэлээн том тэмдэгтээр зүүн гар тал руугаа (ертөнцийн зүгээр урагшаа) эргэж Эрдэнэтийн зам руу орно доо. Машин цөөрч эхний хэдэн км-ийг эс тооцвол зам улам сайхан болно. Хаа очиж тэмдэг тэмдэглэгээ ч гайгүй болоод ирнэ.
Дархан Эрдэнэтийн хооронд 200-аад км зайтай. Дундаж хурдаар явахад 2-3 цаг явна.
Манай аялалын хувьд Эрдэнэт хотод хонож амрах шийдвэр гаргасан. Маргааш нь өглөө эрт гарсан нь дээр. Бидний хувьд өдөржин тайван явах бодолтой байсан тул 06-д хөдлөв. Эрдэнэтээс гарахын өмнө шатахуунаа дүүргээд, өмнөх орой нь зарим хүнсээ цуглуулсан тул гараад давхичихав. Эрдэнэтээс бидэнтэй өөр нэг айл нэгдсэн юм.
60-аад км буюу 1 цаг гаруй давхиад Булган аймгийн төвөөр гарна лээ. Миний ойлгосноор хойгуур нь гарчих шиг болсон. Угаасаа явж байгаа гол зам маань хөтлөөд явчихна лээ.
Мөрөн хот
Замд хэд хэдэн дурсгалтай газрууд өнгөрнө. Уран тогоо уул, Уран дөш, Их уул гэх мэт. Тэгээд Булган, Хөвсгөл аймгийн зам дагуух сумд ч хэд хэд өнгөрдөг. Ихэнх нь замынхаа урдуур байрласан.
Харин замд Рапсын (шар ургамал) тариалан дайралдвал тэр бол зургаа авахуулах сайхан газар гэдгийг санаарай. Эмэгтэйчүүд ийм газар кадр даруулахад ихэнхдээ ялдамхан, үзэсгэлэнтэй гардаг нь сонирхолтой юм шүү.
Ингээд чилийтэл давхисны дараа Мөрөнд орж ирнэ. Яг төв дундуур нь явж өнгөрөх тул Мөрөн хотыг та үзэх нь дамжиггүй. Санасныг бодоход хөгжил тийм ч сайн санагдаагүй. Саяхнаас л засмал замаар холбогдож байгаа болохоор тэр биз дээ. Нээрээ ч миний ингээд явж байгаа нь энэ замтай л холбоотой шүү дээ.
Тэгэхээр ойрын хэдхэн жилийн дотор Мөрөн хот танигдахгүй болох нь гарцаагүй.
Хатгал тосгон
Мөрөнд хооллож, үдэлж болно. Магадгүй захаар нь ороод гарсан ч болно. Ингээд цааш хөдөлж Хатгал руу гарна. 100 гаруй км бий. Мөн л ашиглалтад ороод удаагүй шинэхэн зам бий дээ.
Хатгал явах замд утасны сүлжээ орж гараад л байна. FM мэдээж барихгүй тул MP3 transmitter хамгийн сайн сонголт. CD тэртэй тэргүй хэдхэн сонсоод л дуунууд давтагдаад эхэлнэ. Огт хөгжим сонсохгүй явна гэж байхгүй, замд хүмүүс унтаж л таараа. Зарим дуунууд нойр хүргэдэг тул ихэнхдээ хурдан ритмтэй, сэргээх чиглэлийн дуунуудаа сонсоорой. MP3 Transmitter-тэй үед удирдлагыг нь гартаа ойрхон байлгах нь зүйтэй.
Хол замд явахад байнга км тооцож, цагаа харах нь тун онцгүй үйлдэл юм. Ялангуяа монголчууд ингэхэд их дургүй. Очих цагаа тодорхой тооцоолоход замдаа саатдаг гэж үздэг. Түүнчлэн монголчууд эртнээс нүүдэллэж ирсэн, аян замд явах өөрсдийн арга барилтай улс.
Хатгал бол хөгжиж байгаа тун хөөрхөн тосгон шиг санагдлаа. Сургууль, шуудангийн газартай. 1727 он анх үүсэн байгуулагдсан гэж байна. 1910 оноос эхлэн оросууд ихээр ирдэг болжээ. Зам харгуй муу хөгжсөн, зах зээлгүй тул оршин суугчид нь нүүсээр байгаад ихэд цөөрчээ. Одоо бол замтай холбогдсон тул хөгжил нь жил жилээр өөрчлөгдөн, гэрлийн хурдаар өсөх биз ээ.
Сагасагын даваа
Та өдөрт хэдэн км явдаг вэ? 400 км Enough уу? Манай гэр бүлд бол ёстой хангалттай. Хүүхдүүдийг өглөө эрт 6 цагаас орой 22 цаг хүртэл машин дотор байлгана гэдэг хүнд даалгавар. Магадгүй аялал тэдний хувьд муухай дурсамж ч болох юм билүү. Иймээс замдаа 1 хонох байдлаар явахыг илүүд үзсэн.
Бидний хувьд Хөвсгөлийн Байгалийн Цогцолбор газрын бүсийг өнгөрөөд Эгийн гол руугаа эргэж улаан өнгийн гүүрээр нь гарлаа. Үүнээс цааш Сагасагын даваа давах учиртай. Нутгийн хүмүүс Сагсагийн даваа ч гэдэг. Яагаад Сагсага гэж нэрлэснийг давах үедээ л ойлгоно. Намхан машинтай бол мөлхөж, гэлдэрч явахаас өөр аргагүй.
Тайгын бүс нутагт орж ирсэн тул байгаль үнэхээр сайхан болж ирнэ. Ёстой л эртний маягийн сүрлэг сүрлэг сайхан шилүүст модод ургаж, түмэн зүйлийн шувууд жиргэнэ.
Хөндийн 2 талаар аглаг мододтой сүрлэг ой харагдана.
Сагасага давааг давж уруудсаар бэлд нь ирэхэд том хөндий байх бөгөөд тээр цаана харагдах цагаан гэрүүдийн наана бидний зорьж буй “Эртний Далай” ресорт маань бий.
Эртний Далай Резорт
Дээрээ “Эртний далай” резорт гэсэн модон пайзтай хаалгаар оронгуут асар том, үзэсгэлэнтэй далай цэлийн харагдана. Далайн эрэг хүртэл бас ч хөөрхөн зайтай. Уг зайнд том гэрүүд, модон байшингууд харагдана. Энэ бол “Эртний Далай” Резорт цогц үйлчилгээтэй амралтын газар юм.
Хэрвээ та урьдчилж мэдэгдсэн бол таныг угтаж авна. Цаатны дээл өмсгөл, хувцас өмссөн залуу охин хадган дээр сүүтэй аяга барин золгох нь холын замд удаан явж ирсэн бидэнд ямар таатай санагдсан гээч. Ёстой сайхан.
Чилийтэл явсны дараа гэнэтхэн л асар уудам орон зайд орон, биеийн чилээ гаргах нь хичнээн таатай.
Бидний туулж ирсэн Сагасага \баруун гар талд\ давааны үзүүр харагдаж байна. Яг тэр зүгт Хатгал тосгон бий. Үндсэндээ бидний ирсэн энэ газар нь Хөвсгөл нуурынхаа урд эргээс (Хатгал) зүүн талаар ороож байгаа ажээ. Ихэнх гэр баазууд нь баруун талаараа ороож байдаг бололтой.
Хөвсгөл далай
Монголчууд бидний бахархал болсон далай ээж дээрээ анх ирсэн хүний шууд харах зүйл бол мэдээж Хөвсгөл далай маань.. Хичнээн ч харсан үл уйдах тийм л сайхан зураглал.
Эртний Далай резорт нь Хөвсгөл нуурын яг зүүн өмнөд эрэгт нь байрладаг. Бид баруун хойшоо харж байна гэсэн үг. Нуур харагдаж буй чиглэлд 140 гаруй км үргэлжилнэ. Харин өргөн нь 30-40 км гэсэн шүү
Иймэрхүү байгалийн сүрлэг тогтоц, үзэсгэлэнт байгалийг зөвхөн өөрийн нүдээр үзэж, биеэр мэдрэх шаардлагатай. Ямар ч сайхан үг танд төрөх тэр мэдрэмжийг давж чадахгүй. Хүн хүнд өөрөөр мэдрэгддэг нь бүр гайхалтай.
Хөвсгөл нуур болон “Эртний Далай” Резорт цогц үйлчилгээтэй амралтын газрын байрлал нь жинхэнэ нууцлаг гайхамшиг гэж болно. Нуурын ус дэндүү гэмээр сайхан цэнгэг, харагдац нь ч үзэсгэлэнтэй сайхан. Гадаад далайг харахад зах хязгаар байдаггүй бол Хөвсгөл нуурын цаад эргээр хөх уулс сүүмэлзэн харагдах нь бүр үзэсгэлэнтэй. Ямар нэгэн асар том хөндийд ус тогтчихсон аятай.
Эртний далай амралтын газарт нуурын ус руу түрж орсон гүүрэн тавцантай. Дан модоор хийсэн уг тавцан нь нуурын усыг үзэж харахад тун ч онцгой тохиромжтой.
Бидний байрлаж байгаа эрэг нь далайн эрэг гэвэл илүү зохимжтой. Яг эргээрээ элсэрхэг бөгөөд далайн усны төвшин гүнзгий биш. Энэ нь усанд орж, наранд биеэ шарахад хамгийн тохиромжтой болгож байгаа юм. Завиар явахад бусад эрэг нь эгц цавчим, шууд гүнзгий харагдаж байна лээ.
Анхны мэдрэмж
Хөвсгөл нуур болоод түүний талаарх сэтгэгдэл, мэдээлэл их ховор юм. Магадгүй ихэнх монголчууд энэ жилээс л явж эхэлж байгаа байх. Түүнээс гадна Монголд байтугай дэлхийд томд үнэлэгдэх нуурын тухай сэтгэгдэл бичихэд үнэхээр хэцүү юм байна аа.
Цаг хугацаа
Бид 8 сарын эхээр аялсан юм. Наадмын үеэр амралтын газар битүү захиалгатай, хашаан дотор хүртэл дүүрэн майхантай аялагчид байсан гэсэн шүү.“Эртний Далай” Резорт далай руу түрж орсон гүүрэн тавцан нь нилээн урт, хашлага байхгүй тул хүүхдүүддээ хөтөлж явах нь зүйтэй. Гэвч энэ хавийн тийм ч гүнзгий бишээ. Хамгийн сайхан нь 2 талаараа гэрэлтэй бөгөөд шөнө асаахад тун сайхан орчин бүрддэг юм билээ.
Нуур руу түрж оруулсан тавцан тун таатай мэдрэмж төрүүлдэг. Тавцан руу гарч үзэхгүй хүн гэж байхгүй дээ. Тавцан дээрээс нуурын усыг тольдоход их сайхан харагддаг. Ялангуяа өдөр, өглөө, орой, шөнө бүгдэд нь өөр өөр мэдрэмж төрүүлдэг юм билээ. /Гэгээ тасрах үеийн тавцангийн зураглал/
Тавцанг цэвэр модоор хийсэн. Сайтар харуулдсан учир хөл нүцгэн гүйсэн ч болно. Өргөс орох, хадаасанд хөлөө урах аюулгүй. Санаа зовох зүйлгүй, сайхан даа.
Модон Люкс Хаусууд
Ийм сайхан газар ирсний дараа тун чухалд тооцогдох зүйл бол байрлах сууцаа сонгох явдал юм. “Эртний Далай” Резорт цогц үйлчилгээтэй амралтын газрын хувьд дараах сонголтууд бий.
- Энгийн гэр
- Люкс гэр
- Moтел
- Люкс Хаус
- Дарлинг Хаус
Бидний хувьд Люкс Хаус-д байрлах аз тохиосон юм. Учир нь Люкс Хаус нь 4 байдаг бөгөөд биднийг очих үед тухайн байранд зочингүй байсан тул 2 нь бидний мэдэлд ирсэн.
Цэвэр модоор хийсэн жинхэнэ дүнзэн байшин. Үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Ярих юмгүй. Олон жил болсон ч яг шинээрээ мэт харагдана.
Модон Люкс Хаус -ууд нь нуур руугаа харсан цонх бас хаалгатай. Ертөнцийн зүгээр бол баруун хойшоо харсан маягтай. Том цэлгэр цонхоор харагдах нуур, далай, цаад хөх уулс, жаргах нар, хөх тэнгэр нь үнэхээр сайхан харагдана. Өдрийн турш өнгө өнгөөр солонгорон туяарах нь бүр ч гайхалтай. Байгаль эх ч өнгөөр үнэхээр тоглох юмаа.
Модон Люкс Хаус, Ресторан, Moтелууд харагдаж байна. Бид наад талд харагдаж байгаа 2 байшинд орсон. Арын жижиг модон байшинд түлээ, эд хогшил хураалттай харагдана лээ.
Том том яргай модыг яртай нь тэр чигээр нь багана босгож, шат суурилуулжээ. Мэргэжлийн хүний гараар босгосон нь илт. Маш том зайтай. Дээрээ 2 давхар нь ил Penthouse хийцтэй. 2 давхартаа том том цэлгэр ор байрлуулсан. Дээрээс доошоо болон цонхнуудаар гадаах байгаль бүхэлдээ маш тодорхой харагдана.
Доод давхарт хүн тухлахад шаардлагатай бүхий л зүйлсийг яг хэрэгтэй газар нь байрлуулжээ. Хааны ор аятай орны өндөр тулгуур баганууд өндөр тааз руу зүтгэж байгаа мэт тун сонирхолтой харагдана.
Том өргөн буйдан, сэтгүүлийн ширээ, хэвтсэн ч багтахаар зузаан матрастай дугуй сандал, нилээд олон тооны явган сандлууд, бяцхан хөргөгч, ус буцалгагч, зуух таны мэдэлд.
Хамгийн гол нь шүршүүр, бие засах суултууртай жинхэнэ угаалгын өрөө нь үнэхээр хэрэгцээтэй биш гэж үү? Ийм хээр талд ийм тухлаг байгаа нь ямар сайн хэрэг вэ? Хүмүүс л анзаардаггүй болохоос хялбархан бөгөөд тухтай бие засах, угаалга үйлдэх хэрэгцээ нь маш чухал байдаг. Хэрвээ энэ байдал тухгүй бол бүхэлдээ онцгүй болдог.
Маш өндөрт байрлуулсан гоёмсог абжуртай. Шөнө байшинг бүхэлд нь тод гэрэлтүүлж чадна.
Люкс гэр ба Алунгоо өргөө ресторан
Хэрвээ та гаднын зочидтой яваа эсвэл гэрт байрлах хүсэлтэй бол эсгий гэрийг байрлах сууцаараа сонгож болно. Гайхалтай нь таныг ялгаагүй л гоёмсог орчин угтах ажээ.
Харагдаж буй гэрэлтэй том гэр нь Алунгоо эхийн өргөө буюу Гэр ресторан, харин тойроод 10 ханатай том гэрүүд, тэгээд энгийн жижиг гэрүүд бий. Аль ч гэр дотроо угаалтуур, шүршүүртэй.
10 ханат Luxury гэр
Гэрт аварга том 2 ор, эзний суудал, зуух, модон авдар, эсгийн хивс, хоолны ширээ сандал, хөргөгч, тэр ч байтугай усанд орох модон ванн, бие засах суултуур, угаалтуур байх ажээ. Шалыг бүхэлд нь сайн чанарын хивсэнцрээр бүрсэн. Өдөр тооноор нар тусахад үнэхээр гайхалтай харагдах ажээ. Монголчууд эсгий гэртээ байхдаа хичнээн дулаахан тохитой мэдрэмж авдгийг гадныхан өөрийн биеэр мэдрэх болно.
Бүх юм нь оригоороо цэвэр модоор хийсэн гэр ресторан нь дотроо маш саруулхан. Аварга модон тавцан дээр байрлуулсан тул чийг татах, элдэв үнэргүй.
Маш олуулаа үйлчлүүлсэн ч өөрийн цэлгэр байдлаар алдахгүй тийм л том гэрийн тухай ярьж байна. :-)
Алунгоо эхийн өргөө Ресторанд тавтай морил
Орчин үеийн хийцтэй ширээ, сандалтай. Хоолны хэрэгсэлүүд бүгд орчин үеийн ямар ч өндөр шаардлагатай зочны стандарт бүрэн нийцнэ. Санаа зоволтгүй.
Тойруулаад цонхнууд гаргаж өгсөн нь маш сонирхолтой хийц болжээ. Гол нь рестораны цэлгэр байдлыг үлэмж нэмсэн.
Хоймортоо аварга том 2 сандалтай. Уг сандалд бүх л зочид сууж зургаа авахуулах нь тодорхой. Эртний хаад хатад маань ямар сандалд сууж, юу мэдэрдэг байсныг та ч гэсэн найзуудын хамтаар мэдрээрэй.
Дарлинг Хаус
Хүмүүний амьдралд тохиодог гайхамшигт зүйлийн нэг нь хайр дурлал болоод гэрлэх ёслол юм. Эртний Далай Резортод энэхүү ховор үйл явдалд зориулсан бүхэл бүтэн байшин бий.
Амралтын газрын баруун хэсэгт байрлах дан цагаан байшин бол дурлалт хосуудад зориулсан Хайрын байшин юм. Нуур руугаа дөхсөн байрлалтай, бусдын хараанаас хол ёстой л хайрын баландаа мансуурч баймаар газар аж.
Байшинд оронгуут та хоёрыг ийм том аварга ор угтана.
Залуу хосуудын хурмын зураг авалт, ёслол, бал сарын аялалын үйлчилгээгээ үзүүлж байгааг дашрамд хэлэхэд таатай санагдсан.
Харин цаад өрөө рүү шагайж үзвэл маш гайхалтай угаалгын өрөө бий. Модон ванн, бие засах суултуур, угаалтуур, босоо шүршүүр болон бусад зүйлс бий.
Байшин доторх бүх зүйл нь ягаан өнгө аястай. Чухам хайр ийм биш гэж үү? Аварга том оронд хос маань аль ч чиглэлд харж хэвтсэн чөлөөтэй багтах, Penthouse ор ажээ.
Орноос эсрэг чиглэлд таазнаас шал хүрсэн том өндөр цонхнууд байх бөгөөд түүгээр шууд Хөвсгөл далай маань цэлийтэл харагдана. Үнэхээр гайхалтай, өөр хэлэх үг алга.
Хосууд энэ байшинд хоноглосон мөч бүрээ амьдралынхаа туршид мартахгүй, нандигнан дурсаж явна гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл өмнөх хосууд бүгд тэгж ярьдаг билээ. Таныг хайртын чинь хамт хүлээж авахад бэлэн, бүх зүйлсийг шинэхэнээрээ байна лээ.
Эртний далай ресорт залуу хосуудыг, хурмын зураг авалт, ёслол, бал сарын аялалын үйлчилгээгээ үзүүлж байгааг дашрамд хэлхэд таатай санагдсан.
Саун, Шүршүүр
Ази маягийн босоо шүршүүр, модон ванн, саун бий. Энэ бол Алунгоо вилла - гийн хажууханд орших том модон байшин юм. Ялангуяа урт аяллаас ирсний дараа саунд сууж шүршүүрт ороход ч янзтай даа. Яг л шинээр төрөх мэт мэдрэмж.
Та саунд суух хүсэлтэй бол 1 цагийн өмнө Резортын ажилтнуудад мэдэгдчихээрэй. Тэгээд л бэлэн, халуун ус таныг хүлээж байх болно.
Та саунд суух хүсэлтэй бол 1 цагийн өмнө Резортын ажилтнуудад мэдэгдчихээрэй. Тэгээд л бэлэн, халуун ус таныг хүлээж байх болно.
Юу нь тийм гайхалтай вэ гэж үү? Хөвсгөл нуурын эрэг дээр, аглаг байгаль дунд Саунд сууж байгаа нь л өөрөө тийм гайхалтай юмаа. Саунд суусны дараа ямар ч хүн сэргэж, бие хөнгөрдөг шүү дээ. Энэ бүхэн нийлсээр таны аяллыг бүр мартагдашгүй болгож байгаа юм.
Ресторан ба Хоол
Тэрхүү голд харагдаж байгаа том модон байшин бол “Блю дийр” Ресторан юм. Гаднаа далайн зүг харсан тавцантай.
Харахад тун эгэл харагдах боловч дотроо бол үнэхээр сайхан даа. Ялангуяа хоолны амт одоо ч мэдрэгдэж байна. Яг л өөрийн гэсэн амттай, тухайн байгаль, орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн учраас тэр л дээ.. Тэгэхээр цэвэр, 100% хувь органик, үл давтагдах амт гэсэн үг.
Далайн эрэг дээр элсэрхэг боловч аль ч гэр, ресторанд орсон маш цэвэрхэн байдаг нь резортын өндөр стандарт, ажилтнуудын анхнаасаа тогтсон ажилсаг байдалтай шууд холбоотой. Энэ резортод гадныхан ч их ирдэг. Хамгийн өндөр шаардлагатай Европчууд хүртэл ханамжтай байдаг гэсэн шүү.
Ресторан нь цэсээр үйлчилдэг. Та ямар хоол идмээр байна, түүнийгээ л захиалаарай. Энэ зурагт олон хүнд зэрэг хангалттай хүрэлцэхээр багц хоол харагдаж байна. Ийм хоолны хамгийн сонирхолтой тал нь бүх зочид бүх хоолноос амталж чаддагт байдаг юм. Хэрвээ та гадны олон зочидтой ирсэн бол эхний өдрүүдэд л ийм хоол захиалаарай. Олон төрлийн хоолны аль нэг нь таны зочинд заавал таалагдах болно. Таалаагүй ч бүх хоолны амтыг үзэж чаддаг нь гайхалтай шүү.
Харин бидний монголчуудад бол бүгд л сайхан байна лээ. Аргагүй олон жилийн туршлагатай мастер тогоочийн гарын амт ондоо, алдаа гаргана ч гэж юу байхав.
Түүнчлэн рестораны аяга таваг, хэрэглэлүүд нь бүгд өндөр стандарт шаардлагыг хангасан, иж бүрэн байдалтай, хоорондоо өнгөний зохицол сайтай, таатай сайхан.
Том цэлгэр цонхоор шууд далай харангаа амттай өглөөний цай уух шиг жаргал хаа байхав дээ.
Том цэлгэр цонхоор шууд далай харангаа амттай өглөөний цай уух шиг жаргал хаа байхав дээ.
Бид 3 хоноход өглөөний цай, өдөр, оройн хоолтой нийлээд зөндөө л идэж уулаа. Амт нь үргэлж сайхнаараа мөртлөө өмнөхөө огт давтахгүй юм. Үргэлж шинэлэг, онцгой. Түүнчлэн ирсэн зочин бүрийнхээ онцлогт тааруулж хоолыг хийж байна лээ шүү. Бидэнтэй хамт байсан хэдэн Солонгосчуудад солонгос амт шингэсэн мөртлөө монгол маягийн хоолоор үйлчилж байсан нь тэдэнд онцгой таалагдаад л байсан даа.
Бидэнд бол оригиналь монгол амт л сайхан байсан. Яг л цэвэрээрээ.. Мастер тогоочийн хэлснээр бол Хатгалаас Сагасагын даваагаар тусгаарлагдсан болохоор байнга шинэ ногоо, хүнс байлгахад хүндрэлтэй байдаг гэсэн. Гэвч угаасаа л монгол жуулчны баазын онцлог нь өөрөө энэ шүү дээ. Гэвч их хотод ч олоход хэцүү тэр л амтыг тэнд мэдэрсэндээ одоо ч баяртай байна. Мастер тогоочийн өөрийн нууц байдаг байлгүй дээ.
Enjoy Enjoy
Резортын ажилтнуудын хэлснээр ирсэн зочид ихэнхдээ эхний өдрүүдийг нам унтаж өнгөрүүлдэг гэсэн. Би ч үүнийг батална. Ирсэнийхээ маргааш өдрийг бүхэлд нь унтчихсан даа.
Нэг тийм тайван, аядуу, зөөлөн, тухтай, назгай, тайвширмаар.. Тийм л хэв маяг, үзэгдэл, мэдрэмж.. Шулуухан хэлбэл их хотын яг эсрэг гэсэн үг.
Хөвсгөл далайн тэр их нөмөр нөөлөг юм байлгүй дээ. Тийм их ус харахаар өөрийн эрхгүй сүрдэхийн зэрэгцээ нөгөө талаас тайвширч эхэлнэ. Нэгэнтээ хүн өөрөөсөө хэтийдсэн хүчийг харахаараа сэтгэл дотроо бууж өгч тайвширдаг гэсэн. Тэр л байх даа.
Тэгж сайхан унтахад буруу юу байхав. Энэ үед эд эс бүхэн тань сэргэлт авч байгаа шүү дээ.
Харин маргаашнаас далайн усанд орох болон бусад зугаацмаар зүйлс юу байна гээд эхэлнэ дээ. Эртний Далай Резортод таны хоног бүрт өгч болох зүйлс бий.
Караоке, Саун, Пиво, Хоол, Далайн ус, Галын наадам, Морьтой аялал, Цаатан үзэх, Орчны танилцах аялал, Далайн эргийн наран шарлага, Моторт завиар зугаалах гээд л яриад байвал зөндөө зөндөө..
Энэ бүхний эцэст хэлэхэд Эртний Далай резортод мэдрэх бүхэн таны 5 мэдрэхүйгээр дамжин танд хүрэх болно. Байгаль дэлхий, Далай ээж маань өөрөө танд өгөх дээд төвшний мэдрэмжийг бол бүр ярих ч юм биш.
Энэ бүхнийг цаасан дээрээс уншаад мэдэрнэ ч гэж юу байхав. Та өөрөө, гэр бүлийн хамт, найзуудаа ч гэсэн ятгаад очиж амраарай. Амьдралынхаа туршид үл мартах тэр сайхан дурсамжийг цаг алдалгүй бүтээгээрэй. ;-)
2015.08.24