Энэ спортгүйгээр өөрийгөө төсөөлөх аргагүй
"Perfect body" фитнес клубын захирал, ОУХМ Г.Жамц
2015.10.15

Энэ спортгүйгээр өөрийгөө төсөөлөх аргагүй

Тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан бодибилдингийн спортоор тууштай хичээллэж, амжилтад хүрч чадсан нэгэн бол "Perfect body" фитнес клубын захирал, ОУХМ Г.Жамц юм. Анх тамирчнаас гараагаа эхэлж одоо өөрийн гэсэн бизнес эрхэлж буй өсөж яваа залууг онцолж байна.

Бодибилдингийн спортыг яагаад сонгох болов. Хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

Анх 1998 онд "Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургуульд элсэж орсон тэр үеэс бодибилдингийн спортыг сонирхож эхэлсэн. Оюутан байхад "Тайхар", "Хар ирвэс", "Икс макс", "Мустанг" зэрэг тоотой хэдэн фитнес клуб ажилладаг байв. Хоёрдугаар курст байх үеэсээ "Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургууль нь "Мустанг" клубтэй хамтран ажиллах болж, тус клубт дасгал сургуулилтаа хийж эхэлсэн юм. Сургуулиа төгссөнөөс хойш тууштай хичээллэх болсон.

Бодибилдингийн спортоор хичээллэхийн давуу тал болоод хамгийн хэцүү зүйл юу вэ?

Бүх спортын үндэст фитнесийн дасгал хөдөлгөөн зайлшгүй байдаг. Хамгийн гол нь эрүүл зөв, хэвшилтэй,  муу зуршлаас хол байж, тэвчээртэй, тууштай байдалд сургадаг. Энэ спортоор хичээллэснээр өөрийгөө 100 хувь өөрчлөх боломжтой. Ямар ч спортод хэцүү зүйл байдаг. Дасгал хөдөлгөөн хийж байхад, жин хасахдаа их ядардаг. Хоолны дэглэм барих үед ч хэцүү үе бий.

Өдрийн хэдэн цагийг бодибилдингоор хичээллэхэд зарцуулдаг вэ?

Тэмцээний үед өглөө 2, орой 2 цаг гээд өдөрт 4-5 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Тэмцээний бэлтгэлийг үндсэндээ 4-6 сар хийдэг.

Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө ирээд бэлтгэл сургуулилтаа хийж, хажуугаар нь шавь нартаа дасгал хөдөлгөөн зааж, хоолны дэглэмээ барьж, ерөнхийдөө бэлтгэл хийж л өнгөрөөдөг.

Анх ямар тэмцээнд орж байв? Одоогоор гаргасан хамгийн том амжилт?

Анх "Мустанг" клубийн нэг жилийн ойн нэрэмжит тэмцээнд, н.Баясгалан дасгалжуулагчтай оролцож байлаа. Үүнээс хойш "Оюутан мистер", "Зэвсэгт хүчний аварга", УАШТ-үүдэд тасралтгүй оролцож байна. Миний авсан шагнал бүр надад үнэ цэнэтэй.

Бодибилдингийн ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн аваргын хошой хүрэл медальтай, ОУХМ цолтой

Хэзээнээс бодибилдингийн багшаар ажиллах болов. Тамирчидтайгаа ямар зарчмаар ажилладаг вэ?

2002 оноос эхлэн багш, дасгалжуулагчийн ажлыг хийж эхэлсэн. Бодибилдингийн спортод биеийн ерөнхий пропорц сайтай байхад булчинг "ургуулж" болдог. Гэхдээ пропорцгүй байлаа гээд тамирчин болж чадахгүй гэсэн үг биш л дээ. Хүн бүр тамирчин болох албагүй учраас хатуу шалгуур тавигддаггүй. Бэлтгэлээ таслалгүй, тууштай байж, хоолны дэглэм баримтлахыг шаарддаг. 

Бодибилдингийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Хэрвээ та бодибилдингийн багш, дасгалжуулагч биш байсан бол..

Энэ спортгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. Өөр ажил хийж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Миний амьдралыг 70-80 хувь өөрчилсөн гэж хэлж болно.  

Фитнес клуб байгуулах санаа яаж төрөв?

Багштайгаа хамтарч, багшийнхаа фитнесийг ажиллуулж байх үедээ өөрийн гэсэн фитнес клубтай болох юмсан гэсэн бодол төрсөн. Ингээд 2012 онд найзтайгаа хамтарч, “Perfect body” фитнес клубыг байгуулаад байна. Өнгөрсөн жилээс салбар төвөө ажиллуулж эхэлсэн.

Фитнес клуб ажиллуулна гэдэг нэг төрлийн бизнес эрхэлж байна гэсэн үг. Тэгвэл ямар онцлогтой бизнес вэ?

Би хувьдаа фитнесийг бизнес гэж хардаггүй. Учир нь фитнесээр их мөнгө олохгүй.  Фитнес бол зүгээр л хобби. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө олдог. Гэхдээ санхүүгийн хараат бус болж, амьдралаа өөрчилнө гэсэн ойлголт биш.

Танай клубын давуу тал юу вэ?

Манай клубын хувьд тамирчин олонтой, бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хийдэг, тамирчдын амжилтаараа улсдаа тэргүүлдэг. Улсын аварга, хотын хошой аварга багуудтай. Байгуулагдсан анхны жилдээ л гэхэд улсын аварга баг болж байлаа.  

Танай клубт хэдий насны хүмүүс үйлчлүүлж байна?

12-75 орчим насны хүмүүс үйлчлүүлдэг. 75-80 насны  цөөхөн хэдэн хүн хичээллэж байна. Энэ жил зуны гурван сар ахмад настнууддаа үнэ төлбөргүй үйлчилж, 50 гаруй хүн хамрагдсан. Цасны баяр, дугуйн аялал зэрэг эрүүл мэндийн чиглэлээр нийгэм рүү хандсан томоохон ажил их хийдэг. Ирэх жил ч мөн ахмадуудад үнэ төлбөргүй үйлчилж, нэмэлт үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байна гэж та боддог вэ?

Нэг үеэ бодвол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн. Миний бодлоор хүмүүс оюуны боловсрол руу түлхүү анхаараад биеийн эрүүл мэндээ орхигдуулдаг юм шиг санагддаг. Ойрын жилүүдэд залуучууд фитнесээр хичээллэх хүсэл сонирхол нэмэгдэж байна. Хөдөлгөөн чухал гэдгийг ойлгож эхэлсэн учраас фитнесээр хичээллэгчдийн тоо хурдацтай өсөх болно.

Зарим хүн өвчнөөс урьдчилан сэргийлэх биш өвдсөнийхөө дараа л эмчилгээ хийлгэдэг. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?  

Эрүүл байх нь хувь хүнээс 90 хувь хамааралтай. Дасгал хөдөлгөөн хийхийн давуу тал, ач холбогдлыг ойлго хэрэгтэй. Гэхдээ зөв арга барилаар зөв дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Буруу хийсэн тохиолдолд дасгал хөдөлгөөн биш. Мэргэжлийн багшийнхаа заавар, зөвлөмжийн дагуу гэр, ажилтайгаа ойрхон фитнес клубт хичээллэх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.  

ЭМД-ын сангаас  иргэд фитнес клубт хичээллэх мөнгө гаргуулах боломж байдаг уу?

Нэг хэсэг фитнес клубт хичээллэхэд ЭМД-ын сангаас тодорхой хэмжээний мөнгийг буцаан олгоно гэж яригдсан. Ингэж яригдаад 2,3 жил өнгөрч байгаа ч одоо хэр нь ажил хэрэг болоогүй. Хэрвээ хөнгөлөлттэй нөхцөл санал болговол хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлж, фитнесээр хичээллэх нь ихэснэ. Эрүүл мэнд, спортын яамнаас фитнес клубууд руу чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн бодлого баримталбал нааштай олон үр дүн гарна гэж бодож байна.  

Ярилцахад таатай байлаа. Таны ажилд амжилт хүсье.