Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагуудыг урьсан
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар
2015.10.09

Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагуудыг урьсан

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэснийчуулган удахгүй болох гэж байна. Энэ талаар товчтанилцуулахгүй юу?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулган ирэх даваа, мягмар гаригт болох гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого гэсэн сэдвийн хүрээнд болох юм. Энэ удаагийн чуулганыг бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төсөл, Германы сэргээн босголтын банкны биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөлтэй хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж байна.

Мөн гадны донор байгууллагууд, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад хийж байгаа арга хэмжээ юм. Чуулган хоёр хэсгээс бүрдсэн байгаа. Нэгдүгээрт, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмэр сэдвийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж, туршлагаа хуваалцана. Хоёрдугаарт, тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн төвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийн хүрээнд оролцогчид харилцан санал солилцох юм.  

-Чуулганд гадаад, дотоодын ямар байгууллагууд оролцох вэ?

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, холбогдох яамд, гадаадын Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл, Хамгаалалтын захиргаад, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орчны бүсийн менежментийн зөвлөл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөлөл гэсэн 280 орчим төлөөлөл оролцоно.

Ялангуяа, ОХУ-ын Онон балжийн байгалийн цогцолборт газартай хиллэдэг Сохондын шим мандлын нөөц газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газартай хиллэдэг Тункен, Сийлхэмийн байгалийн цогцолборт газартай хиллэдэг Салюгем, Монгол Дагуурын дархан цаазтай газартай хиллэдэг Даурский болон Мөнххайрханы байгалийн цогцолборт газартай хиллэдэг БНХАУ-ын Шиньжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагууд оролцож байна. Мөн БНЧУ-ын Прагийн амьтны хүрээлэнгээс захирал нь ирж байгаа.   

Энэ чуулганыг зохион байгуулснаар ямар ач холбогдолтой юм бэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн баримталж байгаа бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Нэгдүгээрт, дээрх байгууллагуудын болон манай ололт, амжилтаас сурах юм бий.

Мөн харилцан туршлага солилцох, цаашид яаж хамтарч ажиллах бодлого, чиглэлээ гаргах юм. Хоёрдугаарт, Монголд тусгай хамгаалалттай газар тодорхой хэмжээний талбайг эзэлдэг. Энэ орон зай тодорхой хэмжээний сум, аймаг нутгийн хилээр явж байдаг. Энэ хиллэж байгаа газруудын орчны бүсийн зөвлөлийг ч гэсэн татан оролцуулж байгаа. Үүнд бас төрийн бодлого явж байна. Яаж хамтарч ажиллах вэ, төрөөс ямар бодлого барих гээд байгаад дуу хоолойгоо хүргэх зорилготой.

Гуравдугаарт, Германы сэргээн босголтын банк­наас 15.3 сая еврогийн буцалтгүй тусламжаар тусгай хамгаалалттай газар нутгийг бэхжүүлэх төсөл хэрэгжих юм. Үүнтэй уялдуулж орон нутагт байгаа орчны бүсийн иргэдтэй яаж хамтарч ажиллах вэ. Энэ бүсэд байгаа иргэд ой, ус, голтойгоо ойрхон байгаа болохоор үзүүлэх нөлөөлөл нь их. Сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, тусгай хамгаалалттай газартайгаа хамтарч ажиллаад хэрэгжүүлчихээр юу байж болох вэ гэдэгт боломж, мөнгө байна.

Өнгөрсөн чуулганаас хэрэгжүүлсэн ямар ажлууд байна. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Өнгөрсөн чуулгануудаа базаад харахад I чуулган санхүүжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөх. Тогтвортой санхүүжилт, эрхзүйн орчинг бий болгох, II нь Байгаль хамгаалагч нараа чадавхижуулах тал руугаа чиглэсэн, III нь тусгай хамгаалалттай газар нутаг гээд аваад л байдаг. Үнэхээр ач холбогдолтой юм уу. Үүний үнэ цэнийг яаж тодорхойлох юм гэдгийг хэлэлцсэн. Одоо болох IV чуулган төрөөс ямар бодлого баримтлах.

Төрөөс барьж байгаа бодлогын баримт бичгүүд нь шинэчилсэн найруулгатай орж байгаа. Үүний хүрээнд ямар том концевц байна гэхээр газар нутгаа хамгаалъя, гэхдээ зөв зохистой ашиглана. Дан ганц төр нь хамгаалаад байх юм уу. Нөхөрлөл, хоршоо, иргэдийн туслалцаа, хамгаалалтын менежментээ барих уу гэдэг тал руугаа явж байна. Орон нутгийн, тухайн уулын аманд амьдарч байгаа хүмүүс орон нутгаа хамгаална уу гэхээс хаа байсан сум, орон нутаг, аймгаас ирж хамгаална гэж байхгүй.

Үр дүнтэй байх талаасаа иргэдийг түлхүү оролцуулсан бодлого барья гэж байгаа юм. Үүнийг удирддаг юм байх ёстой. Орчны бүсийн зөвлөл гэж байдаг. Үүнд иргэдийн нөлөө бүхий хүмүүс, манай хамгаалалтын захиргаа, мэргэжлийн байгууллагууд оролцсон орчны бүсийн зөвлөл бий. Энэ нь өөрөө менежментийн төлөвлөгөөтэй, Тусгай хамгаалалтын газар дээрээ хамтарч ажилладаг юм. Үүнийг санхүүжүүлэх эх үүсвэрүүд нь байна.